Аймгийн Алдарт уяач П.Цэвэгмид: Төрийн наадамд морь айрагдуулах шиг сайхан үйл явдал юу байхав

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 16 -нд

-Төрийн их баяр наадамдаа соёолон айрагдуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Монголчуудад хурдан морины тухай байнга шуурхай мэдээ өгч байдаг, монголчуудыг уяачидтай ойрхон танилцуулдаг “Тод магнай” сэтгүүлийн хамт олон, уншигчдад баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ жил бороо хуртай, газар сайгүй өвс ногоо сайн гарсан, адуу эрч хүчтэй сайн орсон. Соёолон айрагдууллаа. Төрийн наадамд морь айрагдуулах шиг сайхан үйл явдал гэж юу байхав. Сайхан наадам болж байна.
-Мөн төрийн их баяр наадамдаа хэдэн насны хичнээн морь мордуулсан бэ. Соёолонгоос бусад нь яаж хурдалсан бэ?
-Гол нь соёолонгоо л уясан даа. Бага насанд ганц хоёр адуу уясан, сайхан давхиад л ирсэн.
-Энэ жилийн наадмын зохион байгуулалт ямар санагдсан бэ. Урьд жилүүдийнхээс өөрчлөгдсөн зүйл байв уу?
-Уяач бид чинь Хүйн долоон худагтаа морь малаа сойж уралдуулаад л байж байдаг. Наадмын зохион байгуулалтыг нэг их айхтар анзаардаггүй юм даа. 
-Цэвэгмид Алдартын хувьд морин жил гарсаар яаж наадсан бэ?
-Дүнжингаравт хул маань гараан дээр хүүхэд нь уначихаад хүүхэдгүй түрүүлж байсан. Тэгээд хоёр дахь наадам нь энэ болж байна даа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ. Одоогийн байдлаар улс, бүсийн наадмын хичнээн айраг, түрүүтэй болоод байгаа вэ?
-2007, 2008 оны үед авсан байх. Ёстой тоолоогүй юм байна.
-Улсын наадмын дараа бүсийн наадмууд залгадаг. Таны хувьд хаана очиж наадах вэ?
-Төлөвлөөгүй байна. Мориныхоо байдлаас болно доо. Би ч ганцхан соёолонтойгоо явах байх. Морь маань хэр зэрэг сэхэх нь үү. Амралт аваад сэхэж чадвал нэг уралдана, чадахгүй бол дараагийн жилийн наадамд л уралдана шүү дээ.
-За баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №55

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна