МУ-ын Мэргэн Б.Цэцэг: Одоогоор Буриад сурын харваанд арав түрүүлсэн өөр хүн төрөөгүй л байна

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 15 -нд

Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, МУ-ын Мэргэн, Буриад сурын харвааны Дархан мэргэн Б.Цэцэгтэй уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 30 настайдаа анх нум барьж харвасан тэрээр жилийн дараа спортын мастер цол хүртэж, улсын баяр наадмын Буриад сурын харвааны төрөлд арвантаа түрүүлж дээд амжилтыг эзэмшээд буй юм.
-Нутгийн зон олон тань хүндэтгэл үзүүлж, харваачдаас анх удаа хөдөлмөр алдрыг тань тэмдэглэсэн. Тэрхүү баярт агшны талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Дорнод аймгийг сурын өлгий нутаг гэдэг. Энэ нутгаас МУ-ын Мэргэн цолтой 20 гаруй харваач төрөн гарсан.Зөвхөн Баян-Уул сумаас гэхэд 16 Мэргэн төрсөн. Дашбалбар сумын 5-6 Мэргэн цолтон бий байх. Харин миний хувьд Баяндун сумаас төрсөн хоёр мэргэний нэг. Хамгийн анхных нь Гүржав Мэргэн. Дараагийнх нь би.
-Та чинь Буриад сурын харвааны Дархан мэргэн цолтой билүү?
-Тиймээ. Баяндун сумаас төрсөн буриад сурын анхны Дархан мэргэн цолтон. Тэр утгаар нь нутаг орныхон маань над хүндэтгэл үзүүлж, миний алдрыг тэмдэглэхийн зэрэгцээ Буриад сурын харвааны УАШТ-нийг нутагтаа амжилттай зохион байгууллаа.
-Дорнод аймгийн харваачид эрхийндээ эрчтэй онч мэргэн байдаг нь юутай холбоотой вэ?
-Миний хувьд өвөг дээдсээс уламжилж ирсэн Буриад сурын харваа нөлөөлж байдаг юм болов уу гэж бодогддог. Элэнц хуланцын үеэс манай нутгийнхан сурын харваагаараа харваж ирсэн. Түүхийн ямар ч цаг үед эзэн Чингис хааны үеэс өвлөгдөж ирсэн өв соёлоо орхилгүйгээр харвасаар ирсэн. Түүх сөхөн харж байхад өвөг дээдсийн маань хэрэглэж байсан нум сум үнэхээр агуу байсан юм билээ.
-Хүндэтгэлийн арга хэмжээ, УАШТ дэлгэр сайхан болсон уу?
-Тэгэлгүй яахав. Хүний унасан газар, угаасан ус ямар эрхэм, уугуул нутгийн түмэн ямар сайхныг мэдэрсэн.Ер нь Монголд  харваачдад зориулж тэгж их бэсрэг наадам хийж байсныг би дуулаагүй. Гайхамшигтай маш гоё тэмдэглэсэн. Би тийм сайхан болно чинээ төсөөлөө ч үгүй байсан. Яахав алдар тэмдэглэнэ гэхэд нь маш их баярласан. Тэгэхдээ тийм сайхан болно гэж бодоогүй. Тэр үед ганц би ч биш тэнгэрт байгаа миний аав, миний ээж харж  нутгийн түмнээрээ бахархсан байх. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг л болсон доо. Эгч нь одоо хэр нь баярлаад л байгаа. /инээв/ МУ-ын Гарамгай мэргэн Оюунчимэг, Хошой мэргэн Баасанхүү, мэргэн Энхтунгалаг гээд олон харваачид очсон. Тэд маань “ямар гайхамшигтай юм бэ.Ингэж сайхан хүндэтгэл үзүүлж байгааг харахад нүднээс нулимс гарах гээд байна” гэж байсан. Тэгэхээр ганц миний бодол биш байгаа биз.
-Тийм бололтой?
-Баяр наадмын үйл ажиллагаа эхнээсээ аваад дуустлаа гайхамшигтай. Хотоос очсон бидний хэдэн харваачид замдаа саатаад хоцорсон ч наадмаа эхлээгүй хүлээж байсан. Уг нь ямар ч сурын харваанд хоцорч ирсэн харваачийн харвасан сумыг нөхүүлдэггүй шүү дээ. Дээр нь буриад хэлээр ярьж, буриад хувцастай 100 хүүхэд ёохор хатираад ярих юм байхгүй сайхан болсон./ нулимс нь цийлэгнэв/ Ямар хувь тавилангаар энэ сайхан спорттой хувь заяагаа холбов доо. Аав, ээжийн минь буян юм даа. Нутгийн ард түмний, газар шорооны минь ивээл намайг ивээж өдий зэрэгтэй авч явсан сурын минь хамт олны дэм юм даа гэж өөрийн эрхгүй бодсон доо.
-Цэцэг Мэргэнийг нэлээд хожуу харваж эхэлсэн гэж сонссон юм байна?
-Би 30 настайгаасаа эхлээд энэ сайхан спорттой хувь заяагаа холбосон. Намайг энэ спортод хөтөлж оруулсан хүн бол МУ-ын мэргэн Дэлгэрмөнхийн Базаргүр багш маань байгаа юм. Тэр үед би төрөөд удаагүй хүүхдээ хараад гэртээ байсан юм. Нэг удаа хашаагаар нь яваад орсон чинь нум сумаа янзлаад сууж байна. "Яаж харвадаг юм” гэсэн “сонирхоод байвал ахынхаа нумыг татаад үзэхгүй юу” гэж байна.Тэгэхээр нь татаадахсан чинь харчихаа “хөөе, чи чинь харвахаар хүн байна. Харвах дуртай бол ахыгаа дагаж очоод харваарай” гэсэн. Тэр үед багш маань 50 хүрч байсан байх.Харвамаар санагдаад хүүхдээ унтуулчихаад яваад очсон.Техник муутай болохоор эхний харвалтаар шуугаа гэмтээгээд. Гэсэн ч багш маань “чи уг нь сайн харвах хүн байна” гэж урамшуулаад. Тэгээд л энэ спортоос салаагүй дээ. Хүнийг урмаар тэтгэнэ гэдэг тэр юм билээ. Дараа хавар нь ахиж төрөөд хоёр сартай хүүгээ тэврээд улсын  наадамд ирж харваж байлаа шүү дээ. Тэр жилээ
спортын мастер гэдэг тэр эрхэм сайхан цолыг хүртээд бүр ч урамшсан. Би хүүхэд байхдаа цанаар хичээллэж, цанын спортын нэгдүгээр зэрэгтэй болоод байсан юм. Тэгээд спортын мастер гэдэг эрхэм цолыг авах юмсан гэж хүсдэг байсандаа хүрсэн дээ.
-Бүр анхны жилээ юу?
-Тийм. Бидний үеийнхэн чинь спортоор их хичээллэдэг байлаа.Би гэхэд ширээний теннисээр мөн хичээллэж байсан.Тэр бүхэн маань нэг талаараа суурь болсон байх гэж боддог шүү.Багш хүн шавиа ямар төрлөөр хичээллэбэл илүү амжилт гаргахыг аргагүй мэддэг юм билээ.Базаргүр багш маань надад “чи буриад сураар л сайн харвана” гэдэг байсан. Тэр үг нь надад урам хайрласан уу. Нээрэн ч би улсын баяр наадмын Буриад сурын харваанд 10 түрүүлсэн. Одоогоор буриад сурын төрөлд 10 түрүүлсэн байхгүй л байна.
-Ингэхэд Мэргэн маань одоо нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-Одоо 65 хүрч байна.35 жил харваж дээ. Одоо ч залуучуудынхаа дунд ороод харваж л байна. Улсын баяр наадмын Буриад сурын харваанд хараахан байр эзэлж чадалгүй зургаад орсон. Дараа нь олон улсын "Алтаргана" наадамд очиж гуравдугаар байр эзэллээ. 
-Гэр бүлийн харваачид улам олон болж байгаа. Цэцэг мэргэнийг залгамжлан харваж байгаа залуус бий л биз дээ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ харвана. Том хүү маань есдүгээр ангид байхдаа МУ-ын спортын мастер цол хүртсэн. Миний нэг бахархал тэр дээ. Том охин маань харвадаг ч “ээж минь дээ, тан шиг ингээд сур хөөгөөд байвал үр хүүхэд, ар гэрийн амьдрал хэцүүднэ шүү дээ” гэдэг юм. Нэг бодлоор тэр үнэн л дээ. Харваачид чинь хавар дөрөвдүгээр сараас эхлээд л намар аравдугаар сар хүртэл байнга л уралдаан тэмцээнтэй байна шүү дээ.
-Арын албыг хариуцдаг найдвартай хүн л хэрэгтэй юм байна даа?
-Миний хань намайг маш сайн дэмждэг байсан болохоор би өдий зэргийн амжилт гаргасан. Хүүхдүүдээ багад нь хоёрыг нь хоёр гэхгүй, гурвыг нь гурав гэхгүй дагуулаад л харваад явдаг байлаа шүү дээ. /инээв/ Харин одоо бол тэтгэврийн хөгшин надад ганц аз жаргал минь сур л байна.
-Аз жаргалаа олсон Мэргэндээ спортын өндөр амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.
-Баярлалаа. Та нарт ч гэсэн эрүүл энх, аз жаргал,эрхэлж байгаа ажилд тань амжилт бүтээл хүсье. Үргэлж цог хийморьтой гялалзаж яваарай.
-Баярлалаа.
Б.Долзодмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна