Хөлс авахуй, өнгийг шинжлэх нь

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 17 -нд

Цуут уяач, их шинжээч Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын зохиосон "Нууцаас нууц, далдаас далдын шулуун журамт" судар үргэлжилж байна.

Хөлс авахуй нь: Морийг анх барьсны маргааш үсний угийн хар шавар гэгч хөлсийг гаргах тул сул нүцгэн хүн унаж болохгүй. Чимэг лүгээ бүрэн хүүхэд уралдааны эмээл, хазаарыг тохож нэгэн үе үл цуцахын төдий газраас үсэргэж давхиад ер хөлсийг зөөлөн, модон хусуураар үсийг сөргөж ав. Чанга авбал хайлмал тос нь хөлд бууж гэмтэх. Түүнээс гуравдугаар хоногт үдээс урьд лаг шавар хөлсийг авах тул битүү цэвэр эсгий тэргүүтнээр бүтээж, хүн эмээл хүндийг хэрэглэж шавар хөлсийг ав. Ирмэгц амраагаад усалж үдийн хойно нэг үе үсэргэж уяад хөлсийг хатсан хойно усаар угаасугай. Дөрөв, тав, зургадугаар хоногт өдөрчлөн энэ ёсоор хөлс ав.
Өнгийг шинжлэх нь: Хөлсний өнгө цайвар, амт нь хужиртай ус мэт бол хөлс гүйцсэн тул нэг явдал хасаж үсэргэ. Хөлсний өнгө хиртэй мэт, амт нь уруул хорсгох мэт бол дахиж бүтээж хөлөргө. Хөлс магад гүйцлээ гэхээр нэг явдал хасаж уя. Эдгээр гүйцсэний эцэст тарган морь бол нэмнэж уяцгаа. Бас тарган моринд нимгэн тохом, эцэнхий моринд зузаан тохом тохож хөлсөл. Хөлс дүүрсний хойно орой барьж, эрт тавь. Гэдэстэй бөгөөд хөлс гүйцвэл усыг сольж гэдсийг ав. Сорилтоос хойш үзэсгэлэнтэйгээр ойрхон давхиад  хэдий чинээ аваас хоёрдугаар хоногийн газраас давхиад ер хөлсийг нэг хэмжээгээр ав. Үсэргэхдээ өдөр тутам нэмж холтго.
Алив морины хөлсийг авах, чадвал яс, шөрмөс, махны хорыг авахын тулд сайн хэмээнэ. Баас аван, чадвал цул сав марны завсрын хорыг авна. Уяаны заслын эрхэм эрдэм үлгэрлэвэл өвчтэй хүнд анагаах эмийн рашаан хэмээгдсэн морин эрдэнийн хөлс авахыг шинжлэх ёсны нууцын дөрөвдүгээр зүйл буй.
Услахуйд хавар, өвөл хоёр удаа бага бага уулга. Зун, намар цаг хөлслөх, үсэргэхийн хойно нэг нэг их уулга. Халуун ихэдвэл олон уулга. Хөлс дүүрснээс хойно нэг уулга. Уралдахын урьд эртхэн уулгахын тулд урьд өдөр нь эрт усал. Шөнө уснаа бүү оруул. Морин эрдэнийг услахын ёсон тавдугаар зүйл буй.
Адуунаа тавих нь олон адууг хол газар байхад бүү тавь. Далд газар ойр авчирч тавибал сайн. Наран ургахад барих ба шингэх лүгээ тавихыг цээрлэ. Тавихдаа гишгүүлсээр тавьтугай хэмээн морин эрдэнийг тавихуй ёсон нууцын зургадугаар зүйл буй.
Идүүлэхэд голын өлөн говийн бударгана, хөвчийн хиаг, хөдөөний хамхуулаас бусад өвс зүгээр, бас үргэлж агь өвс муу. Бусад өвс гэмгүй. Ялангуяа өтөг сайн /өтөг бууцны өвс сайн гэсэн бололтой/. Агь өвс хааяа идвэл гэмгүй. Тавьсаар их өвс муу, тачир газар тавина. Өндөр өвснөөс барьтугай гэсэн морин эрдэнийг идүүлэхийн ёсон нууцын долоодугаар зүйл буй.
Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна