“Хөдөө” хэмээх Ч.Ламжав 1946 онд түрүүлэн улсын Мэргэн цол хүртжээ

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 17 -нд

АХ-ын 25 жилийн ойг тохиолдуулан анх удаа 3000 тамирчин оролцсон жагсаал,уран хөдөлгөөнт гимнастикийн тоглолт болж, хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй, бокс зэрэг төрлөөр улсын анхдугаар спартакиад зохиогдсоноос гадна биеийн тамир, спортын “Ард”, “Соёл”, “Хөдөлмөр”, “Цэрэг”, “Хилчин” гэсэн анхны таван нийгэмлэг Улаанбаатар хотноо байгуулагджээ. Нийгэмлэгүүдийн тамирчдын анхдугаар гимнастик тоглолтын үеэр “Хилчин” нийгэмлэг өөрийн орны эртний уламжлалт үндэсний спортын нэг болсон нум сур харвалтын тухай уран хөдөлгөөнт дасгалыг үйлджээ.
Онцлог жилийн наадам байсан учраас 1024 бөх зодоглож, Даян аварга Б.Түвдэндорж ардын төрийн наадамд дөрөв дэх удаагаа түрүүлснээр анхны дархан аварга цолтон төрсөн ажээ. Мөн ес даван үзүүрлэсэн амжилтаар нь Ц.Чимэд-Очир арсланд “Улам нэмэх аварга” цол олгожээ.
Хурдан морины уралдааны азарганд Т.Дамбадаржаа /Хэнтий.Баянхутаг/-гийн бор, их насанд Д.Цэрэнжамц /Хэнтий.Дундбаян/-ын шар хээр, соёолонд Чойжилсүрэн /Төв.Баянцагаан/-гийн хар, хязааланд Пунцагбалжир /Төв.Баянбараат/-ын улаан саарал, шүдлэнд Лувсан /Хэнтий.Дундбаян/-гийн улаан буурал, дааганд Банзрагч /Хэнтий.Галшар/-ийн хүрэн түрүүлжээ.
Үндэсний сур харваа:
1. Ч.Ламжав /Хөвсгөл.Тариалан/-18
2. М.Балдан-Осор /Сэлэнгэ.Ерөө/-17
3. Дорждулам /Сэлэнгэ.Ерөө/-16
4. Сандаг /Улаанбаатар/-16
5. Д.Жамбалсоно /Сэлэнгэ/-15
1946 онд буюу АХ-ын 25 жилийн он улсын их баяр наадмын харваанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Ч.Ламжав 18 онож түрүүлэн улсын Мэргэн цол хүртжээ. Тэрбээр улсын Мэргэн болохоосоо өмнө Тав аймгийн Батсүмбэр суманд багш, багийн даргаар ажиллаж байсан болохоор сурчдын оноо данснаа “Төв аймгийн” хэмээн бичигдсэн байдаг билээ.
Сур харвахын сацуу ан авд нэлээдгүй шимтдэг, хээрээр гэр, хэцээр дэр хийж явах нь олонтоо тул харваач нөхөд нь “Хөдөө” хэмээн хоч өгч, улмаар тийнхүү дууддаг байжээ. Хожмоо улсын анчин цол хүртсэн нь бий.
Улсын Мэргэн Ч.Ламжав нь түрүүлснээсээ хойш 1953 онд төр, түмнийхээ цэнгэл их баяр наадмын харваанд 13 онож гуравдугаар байрт шалгарч байв. 1956 онд буюу улс хувьсгалын 35 жилийн ойгоор явагдсан морин дээрээс бөмбөг харвах тэмцээнд оролцсон харваачдыг ахалжээ. Сайхь тэмцээнийг явуулахын “Алдар” нийгэмлэгийнхнийг тусгайлан бэлтгэлд гаргасан бөгөөд тэрээр тус нийгэмлэгийн тамирчин, мөн жижүүрийн ажилтай байсан гэдэг.
Ч.Ламжав мэргэн 1963 онд насан элэх хүртлээ сурын харвааны төлөө явсан ахмад харваачдын нэгэн бөлгөө. Үнэхээр ч тэрээр үндэснийхээ сурыг хөгжүүлхээд хөлсөө дуслуулж, хөдөлмөр зүтгэлээ зориулж явсан нь мэдрэгддэг. Сум, сур, тохойн ороолт сэлтийг олон жил хийж ирсний сацуу нийгэмлэгүүд анхлын байгуулагдахад тэмээний үдээр бүхий тус бүр 250 ширхэг сур хийж өгч байсан ажээ.
Мэргэний бага хүү Л.Баасанжав нь эцгийнхээ харвах эрдмийг өвлөсөн бөгөөд 1952,1953,1954 оны улсын наадмын хүүхдийн харваанд жил дараалан түрүүлсэн байдаг билээ.
АХ-ын 25 жилийн ойн улсын их баяр наадмын сурын харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, даншгийн мэргэн Мөрийн хүү, удамт харваач Балдан-Осор 17 оноогоор аман хүзүүдэж улсын Мэргэн цол хүртжээ. Тэрбээр багийн харваанд илүү сайн бөгөөд хэдийд яаж онохоо анддаггүй мэдрэмжтэй харваач байсан аж.
М.Балдан-Осор Мэргэн нь Сэлэнгэ аймгийн болон Улаанбаатар төмөр замын “Замчин” нийгэмлэгийн багийн гишүүн байж, олон жил жигд сайн харвасан манай улсын ахмад харваачдын нэгэн байсан юм. Мэргэнийг залгамжлан хүү Б.Уушаан, Б.Лүндэг нар нь улсын Мэргэн, хүү Б.Пүрвээ нь спортын мастер цол хүртсэн бөгөөд мөн ач, зээ нараас нь үндэсний сурын спортын дэд мастер, нэг, хоёрдугаар зэрэгтэй харваачид цөөнгүй төрөөд байгаа билээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна