Түмэн эх Л.Бямбаноровын хар

Даваадорж
2014 оны 10-р сарын 20 -нд

“Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгасан Дундговь аймгийн Луус сумын уугуул  аймгийн Алдарт уяач  Л.Бямбаноровын хар морь монгол түмний бахархалт хүлгүүдийн нэг билээ. Домнож мордуулдаг долоон насандаа говийн тэргүүн магнай хүлгээр тодорсон энэ хурдан буян 2008 онд /нэг жилийн дараа/ төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлж, түмэн эхээр цоллогдон “Говьшанхын хурд” уралдааны чансааг таниулсан юм. Ингээд эрхэм та бүхэндээ төрийн Түмэн эх  хүлгийн талаар танилцуулъя.
Угшил гарвал: Хар морь  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн унаган адуу. Нутгийн адууны чанарыг сайжруулах зорилготой Д.Эрдэнэчулуун Манлай тэргүүтэй Луусын хэдэн уяач 2004 онд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр, Наран зэрэг сумаар аялж, морь мал шинжжээ. Уяачид аяллаа Халзан сумаас эхэлж, Л.Бямбаноров Шагдарсүрэн Алдартын битүү хар хязааланд нүд унаган үнийг нь асуувал нэлээдгүй өндөр ханш дуулж. Тэр үедээ наймаа арилжаа ч хийгдсэнгүй. Цаашаа Баяндэлгэр, Наран сумаар явж 20-иад адуу сонирхож асуусан ч хар хязааланг гүйцэх нь таарсангүй. Тиймээс сэтгэл шулуудан машиндаа хоёр морины зай үлдээгээд Шагдарсүрэн Алдартынхаар дахин зочилжээ. Алдарт ч адуунд нүдтэй хүүгийн уйгагүй занг үнэлж, хар үрээгээ хямдруулж өгөхөөр болоод амарцгааж. Харин маргааш нь морь очих үед “хэлсэн үнээсээ буумгүй байна” хэмээн буцсан гэдэг. Ингээд Луусын хүү анх хэлсэн өртгийг нь өгөөд хар үрээгээ өөрийн болгож, Манлай уяач Д.Эрдэнэчулуунаар уяулахаар үлдээжээ. Хүлэг, эзэн хоёр учирсан түүх ийм болой.
Амжилтын товчоон:
2004 онд хязааландаа:
АХ-ын улсын 83 жилийн ойн баяр наадамд Л.Бямбаноров, Д.Эрдэнэчулуун нар хар хязаалангаа уралдуулахаар очсон ч хоёр ч сайхан хүлгээ эндүүлчихээд мордуулж төвдөөгүй нутаг буцсан гэдэг. Харин нутагтаа эргэж ирээд аймгийнхаа наадамд уралдуулж, айрагдуулан өмийг нь нээсэн байна. 2005 онд соёолондоо:
АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд 11
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой, төвийн бүсийн наадамд ес
2006 онд  хавчигтаа:
Өнжөөд
2007 онд долоон настай морь:
“Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд түрүү
2008 онд найман настай морь:
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон “Их мандал” хаврын бүсийн /аймгийн/ уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 87 жилийн ой төрийн их баяр наадамд түрүү
Ийнхүү улс, бүсийн наадамд хоёронтоо түрүүлж молор эрдэнээ эрхэмлэгч монгол түмнээ хөглөсөн Түмэн эх хар морины тухайд товч өгүүлэхэд ийм буюу.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна