Цол мялаасан унаган загал

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 27 -нд

Багануур бага Хэнтий бүсийн МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, “Хөх чоно” группийн захирал Өлзийхутагийн Пүрэвбаатар хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн 20-иод жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн өнгөрсөн хавар аймгийн Алдарт уяач цол хүртсэн билээ. Цол дагаж бяр гэдэгчлэн шинэхэн Алдарт төрийн наадам эхэлсэн анхны өдөр унаган үрээгээ айрагдуулан магнай тэнийсэн бол маргааш нь их морь айргийн гуравт хурдлуулж, амжилтаа зузаатгасан юм. Уясан эзний урмыг тэтгэсэн загал үрээ Алдартын унаган адуу бөгөөд хавар цолных нь мялаалга наадамд хол тасархай түрүүлж, наадмын өмнөхөн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын наадамд арын морины бараагүй түрүүлээд төрийнхөө наадамд ирсэн нь энэ аж.
Тэртээ 1998 онд хар шүдлэн аман хүзүүнд хурдлуулан төрийн наадмын анхны хишгээ хүртэж байсан эзэндээ олон жил өнжсөн том наадмын амжилтын өмийг нээсэн загал үрээ давхар уяагаар  Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлжээ. Дашрамд сонирхуулахад, Ө.Пүрэвбаатар Алдарт өнөө жил улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртэн одтой сайхан наадсан билээ.
“Тод магнай” сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна