"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 29 -нд

Монголын хурдан морины ертөнцийн сонин сайхнаас дуулгаж байдаг “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар уншигч таны өмнө дэлгээстэй байна.
58 дахь удаагийн дугаарын зочин хойморт  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Банзрагчийн Жанчив тухаллаа. Адуун сүргийн манлай азаргаар наадагч энэ эрхэм морин жилийн босгон дээр Монгол Улсын Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсныг уншигчид санаж буй бизээ. Шинэхэн Тод манлай хурдан морьтой холбогдсон түүхээ хэрхэн хүүрнэснийг мэдэхийг хүсвэл 4-12 дугаар нүүрийг уншаарай. 
Харин АХ-ын 93 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадмын эрлийз ангилалд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн удам угшил хийгээд амжилтын товчоонтой танилцахыг хүсвэл “Хүлгэд” буланг санал болгох байна. Та бүхэн эндээс шинэ цагийн монгол адууны шандсыг гайхуулагч хурдан хүлгүүдийн түрүүлж, айрагдаж буй торгон агшныг тольдох боломжтой.
Түүнчлэн “Уяаны эрдэм” буланд энэ удаа нэрт уяач, их шинжээч Хардэл жанжин бэйс  М.Пүрэвжавын бүтээсэн “Нууцаас нууц, далдаас далд” судраас  хүргэж буй. Хурдан морь сонирхон шимтэгч залуу уяач та бүхнийг заавал уншаарай хэмээн зөвлөюү.
Уншигчдадаа санал болгох дараагийн нийтлэл бол Тод манлай уяач Д.Ононгийн “Хурдан морийг уяхаасаа тавих нь чухал” гарчигтай хурдан морины арчилгаа, уяатай холбоотой зөвлөмж юм. Тод манлайн зөвлөгөө танд  тусаа өгнө гэдэгт үл эргэлзэнэ.
Тухайн жилийн хийморилог эрхмүүдтэй уншигч таныг уулзуулдаг “Хийморилог зочин” буланд МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний Гавьяат эмч Начингийн Баасанжав уригдан оролцсон. Баруун бүсийн наадмаас хоёр түрүү хүртсэн Хөдөлмөрийн баатар чухам яагаад хурдан моринд шимтэх болсныг та энэ удаагийн дугаараас мэдэх болно.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” буланд “DFD” ХХК-ийн захирал хатагтай Дарамбазарын Алтанчимэг саатаж, хараа булаасан гайхамшигт бүтээлүүд нь хэрхэн төрдөг тухайгаа хуучилсан байгаа. Дахин давтагдахгүй цорын ганцыг хайж буй эрхэм уншигч та бүхнийг эднийхээр нэг саатаад гараарай хэмээн урих байна.
Орон нутгаас хүргэдэг “Аяны богц” буланд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн баяр наадмын сурвалжлага багтсан бол “Монгол бардамнал” буланд сураас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар “Сурын сор-Аюушийн Цэвээн”-ий тухай хөрөг нийтлэл, МУ-ын Мэргэн Б.Цэцэгийн  рекордоо хадгалсаар байгаа тухай ярилцлага болон “Он дараалан төрсөн олны мэдэх Арслангууд” гарчигтай  сонирхолтой нийтлэл багтсан.
Энэ дугаарын чимэг болсон эргэлзээгүй унших ёстой материал бол Монголын хамгийн анхны мэргэжлийн жокей Лодойсүрэнгийн Лхагвасүрэн буюу олноо Өөдөс хэмээн алдаршсан шилдэг уралдаанчийн сонирхолтой ярилцлага юм.
Та бүхэн тухлан сууж, сэтгүүлээ таалан уншаарай.
Морьтон Монгол түмний минь цог золбоо улам бүр “Тод”-орч, бусдыг “Магнай”-лж байх болтугай. 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна