Баян-Уул сумын ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач М.Галбадрах: Ойгоо угтан 17 бүтээлч ажил хийсэн

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 29 -нд

Засагт хан аймгийн Баатар вангийн хошуу засаг захиргааны шинэ нэгжээр нэрлэгдсэний 90 жилийн ой 2014 онд тохиосон. Сум  орон нутгийн удирдлагууд ойн бэлтгэлээ эртнээс базааж, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 17 бүтээлч ажлаар 90 жилийнхээ ойд бэлэг барьсан байна. Бид Баян-Уул сумын ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач  М.Галбадрахаас цөөн асуултанд хариулт авлаа.
-90 жилийн ойдоо эртнээс бэлтгэж, басхүү багагүй ажил амжуулсан бололтой?
-Тиймээ, 2014 оны наймдугаар сарын 1-3-ны хооронд Баян-Уул сумын маань түүхт 90 жилийн ой тохиож, баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. Сум орон нутгийн удирдлагууд 90 жилийнхээ ойг угтаж 2014 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэхүү аяны хүрээнд орон нутгийг хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сан, мөн нутгаа  гэсэн сэтгэлтэй бизнес эрхлэгчидтэйгээ хамтран 17 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж чадлаа.
-Зах цухаас нь дуулгаач?
-132 сая төгрөгийн төсвөөр сумынхаа наадмын талбайг засч баярын өмнө ашиглалтанд оруулсан. Бид зөвхөн төсвийн хүрээнд захирагдалгүй уугуул нутгийн түмэндээ хандаж нэлээд зүйлийг хийж хэрэгжүүлсэн. Жишээлбэл Оюунчимэг даргатай 1982 оны төгсөгчид маань сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бол Ариунжаргал ахын маань ах дүү нар хүндэтгэлийн өргөө барьж өглөө. Мөн нутгийн зохиолч, яруу найрагч Доржсүрэнгийн хүү Батсүх маань төрөл төрөгсдийнхөө хамтаар  нутгийн сүлд дуу болох “Баян Богд” дуунд  хөшөө босгож, Баатар ван ноёны цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан, Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа сумын өнгө үзэмжийг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн 1981 оны төгсөгчид Мөрөөдлийн цамхаг хэмээх пуужинт хөшөө, Говь-Алтай аймаг дахь сумын нутгийн зөвлөлийнхөн маань “Сайн байна уу” угталт үдэлтийн самбарыг байгуулж өглөө.
-”Макс” группийн зүгээс жижиг үйлдвэр байгуулж, ашиглалтанд оруулж өгсөн гэсэн байхаа?
-Тиймээ, “Макс” группийн  захирлууд эсгийний үйлдвэр байгуулж өгсөн. Мөн 1981 оны 8в ангийн төгсөгчид маань эрчим хүчний трансформатор суурилуулж өгсөн бол “Дээд өнгө” компаниас сум хөгжүүлэх сантай хамтран оёдлын үйлдвэр байгууллаа. Энэ мэтчилэн нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмнийхээ дэмжлэгтэйгээр 90 жилийн ойнхоо өмнө 17 том бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
-Төсвийн хөрөнгийг ой нэрийн дор үнэгүйдүүлж байна гэх шүүмжлэл гарах нь цөөнгүй байдаг. Та бүхнийг ямар байдлаар зохицуулсан бэ?
-Эрийн гурван наадмынхаа бай шагналыг ч гэсэн хандиваар босгосон. Жишээлбэл, сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдааны бай шагналыг Намсрайн Мөнхжаргал, их насны морийг Аюушийн Дагвадорж, соёолонг Мижидийн Ганболд, хязааланг “Мон сүлд” компанийн захирал Энхжаргал, шүдлэнг Базарсүрэн болон түүний ах дүүс, даагыг нутгийн бизнесмен Батхүлэг нар маань даасан. Чойжилжав агсны үр хүүхдүүд ивээн тэтгэсэн хүчит бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглож, аймгийн заан Буянт түрүүлэн, сумын харцага Жадамба үзүүрлэж, сумын заан Амартүвшин, Мандалсүрэн нар маань шөвгөрсөн. Эрийн гурван наадмын нэгээхэн хэсэг болсон үндэсний сурын харвааг Д.Чинбат маань ивээн тэтгэж, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн төрөлд Д.Мөнхболд түрүүлэн, Ганболд, Баярсайхан нар удаалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Оюун-Эрдэнэ түрүүлж, Алтанзул, Мөнгөнцэцэг нар шагналт байранд шалгарсан. Ийнхүү Баян-Уул сумын 90 жилийн ойн баяр наадам тэгш сайхан болсоон.
-Албан ажлын тухайд ийм байдаг байж. Алдартын уясан хүлгүүд яаж давхив?
-Уяачид маань сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд эртнээс бэлтгэж байсны ачаар амжилттай сайхан наадацгаасан. Миний хувьд дөрвөн насны морь мордуулж, шүдлэн айрагдуулан сайхан наадсаан.
-Ярилцсанд баярлалаа. Таны дараа дараагийн ажилд амжилт хүсье.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна