Нэг түрүү, дөрвөн айргийн эзэн өсгий цагаан хүрэн

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 10 -нд

АХ-ын 92 жилийн ой, төр түмний их баяр цэнгэл наадмын түрүү Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Ган-Очирын хүрэн азарга өнөө жил аман хүзүүнд хурдалсан. Шүдлэн наснаасаа эхлэн хурдалж буй өсгий цагаан хүрэн одоогийн байдлаар улс бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд буй бөгөөд амжилтын буухиагаа 2011 оны Макс компанийн нэрэмжит уралдаанаас эхэлж байсан хэмээдэг.
Хавчиг зургаан настай хүрэн азарганы хувьд өнгөрөгч 2013 он амжилтын оргил үе байсан бөгөөд “Дүнжингаравын хурд-2013” уралдаанд айргийн тавд хурдалж, давхар уяагаар “Эрдэнэт хурд-2013” хаврын бүсийн уралдаанд есөд давхисан. Харин зун нь улсын наадмын эрлийз дээд насны ангилалд түрүүлж, Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн наадамд айргийн дөрөвт  хурдлан уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн урмыг дэврээсэн билээ.
Тэгвэл өнөө жил улсын наадамд аман хүзүүдэж, Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлан амжилтын буухиагаа ахиулсан юм. Ийнхүү Ч.Ган-Очир Алдартын нэрийг дуурсган улс бүсийн наадмын дэвжээнээ одтой наадаж буй хүрэн азарга МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн “Өндөр халзан” азарганы төл бөгөөд эх нь Төв аймгийн Баянцогт сумын уугуул Самдангийн хурдан хүрэн азарганы төл хүрэн гүү аж.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна