Ялалт хүрэн

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 12 -нд

Морин жилийн босгон дээр Завхан аймгаас улсын Алдарт уяач цолтон хоёр төрөн гарсаны нэг нь Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа юм. Шинэхэн Алдарт жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” уралдаанд хүрэн азаргаа айргийн гуравт  хурдлуулан цолоо мялаасныг бид дуулгасан. Харин зуны уралдаануудад шинэхэн Алдартын буянт ажнай Ялалт хүрэн тун чиг хурдан байж, төр түмнийхээ их баяр цэнгэлд айргийн дөрөвт хурдалж, давхар уяагаар Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүнд давхисан билээ.Ийнхүү аз хийморь өөдөө амжилт бүтээл арвин наадсан шинэхэн Алдартын хурдан хүлэг Ялалт хүрэн азаргыг уншигч танаа товч танилцуулбал:
Угшил гарвал: Хүрэн азарга  хэдэн жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч асан Энхбаярт Арабын шейхаас бэлгэнд ирсэн цагаан азарганы төл.Төрийн тэргүүний нэртэй хязаалан цагаан азаргыг Гавьяат мал зүйч Самданжамц маллаж байсан бөгөөд Жаргалант угшилтай хүрэн гүү хураалгаж гарсан төл нь Ялалт хүрэн юм. Хүрэн үрээг 2012 онд хязааланд нь одоогийн эзэн Д.Баяраа нь худалдан авч 2013 оноос уяж хурдлуулж байгаа юм.    
Амжилтын товчоон:
2013 онд соёолондоо:
Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн наадамд түрүү
2014 онд хавчиг азарга:
“Дүнжингаравын хурд-2014”хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
АХ-ын 93 жилийн ойд айргийн  дөрөв
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү
Уяа сойлго уралдааны онцлог: 
Ялалт хүрэн  Ерөнхийлөгчийн Араб цагаан азарганы цорын ганц төл. /Учир нь бэлэгний цагаан азарга удалгүй эндчихсэн гэдэг/ Араб адууны тэвчээр хатуужилтай шинж чанарууд удамшсан хүрэн азарга  гарын ая даахдаа сайн. Шинэ цагийн адуу гэхэд олон хоногийн уяатай. Сууж цуцах нь бага гэнэ лээ. Товчхондоо хүрээлэн байгаа орчин нөхцөлдөө тун сайн зохицож буй түүнийг эзэн нь олон жил баярлуулах адуу хэмээн тодорхойлсон. Дашрамд сонирхуулахад Ялалт хүрэнийг баруун бүсийн уралдаанд түрүүлсэний дараа эх хүрэн гүүг нь  “Алтан тариа” ХХК-ийн ерөнхий нягтлан авсан бөгөөд ахын шийрийг хатаах хүлэг төрнө хэмээн найдаж байгаа гэнэлээ.
Б.Долзодмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна