Д.Жаргалсайхан:Бор азарга маань “Их хурд” болон бүсийн наадмуудад нэг түрүүлж, дөрөв айрагдаад байна

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 21 -нд

Баян-Овоо сумын  хийморилог хөвгүүдийн төлөөлөл болгон аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа. Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн тавд хурдлан моринд хайртай монгол түмнээ огшоосон хурдан бор азарганы  эзний яриа та бүхэнд таалагдах бизээ.
-Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд бор азаргаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойн баяр наадмын хүрээнд говийн бүсийн уралдаан манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү баярт Монгол улсын өнцөг булан бүрт суугаа бурхны шашныг түгээн дэлгэрүүлэгч лам, хуваргууд болон сүсэгтэн олон хүрэлцэн  ирсэн байснаас гадна  олон аймаг сумын уяачид хурдан хүлгүүдийнхээ хамтаар ирж, хонгор нутгийн түмнийг минь баясгалаа. Есөн насанд нийтдээ мянга гаруй хурдан хүлгүүд тоосоо өргөж, хүүхэд морь мэнд сайхан наадацгаасан. Энэхүү уралдааныг зохион байгуулахад Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ-ны удирдлага, тэргүүлэгчид маш сайн ажилласныг зориуд хэлэх нь зүйтэй байх.
-Говийн бүсийн уралдаанд Баян-Овоочууд илүүтэй сайхан наадсан.Тэрхүү хийморилог эрхмүүдийн төлөөлөл болгож тантай ярилцаж байгаа?
-Миний бор азаргыг моринд хайртай монгол түмэн андахгүй байлгүй дээ. Их хурд болон бүсийн наадмуудад нэг түрүүлж, дөрөв айрагдаад байгаа адуу шүү дээ. Угшил гарвалын тухайд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат “Өндөр” Отгоо гэдэг хүний адуу. Сарваа ээжтэйгээ ирж байсан юм. Ирсэн жилээсээ эхлээд л түрүүлсэн. Дараа жил нь шүдлэндээ Ховд аймагт болсон “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд түрүүлж, хязааландаа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн уралдаанд гурвалж, соёолондоо Говь-Алтай аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ой баруун бүсийн наадамд дөрвөлсөн. Өнгөрсөн жил буюу 2013 онд шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд таваар давхиж, энэ жил говийн бүсэд аман хүзүүнд хурдалж байгаа нь энэ. Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас гадна аймгийнхаа 2008, 2009,2012, 2013 оны баяр наадмуудад түрүүлсэн.
-Жаргалсайхан Алдартын нэрийг өргөсөн өөр ямар ямар хурдан буянгууд бий вэ?
-Бор азарганаас өөр бүсийн наадамд орсон адуу байхгүй. Төрсөн дүү нь бага насандаа аймгийн наадамд айрагдаж байсан. Одоогоор хөл нь муудчихаад уяж чадахгүй байна.
-Бор азарганы эзэн хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон нь хэзээнийх вэ?
-Миний аав аймгийн Арслан Дамдинсүрэн гэж хүн бий. Олон жил жолооч хийж байгаад өмч хувьчлалаар ирсэн малаа маллах гээд хөдөө гарсан. Хурдан морь, хүчит бөх гээд үндэсний спортод их элэгтэй хүн. Тэр нь ах, дүү бид гуравт нөлөөлж хурдан моринд сэтгэл зүрхээ зориулж яваа байх. Манай ах Дүгэрсүрэнг морь сонирхогчид мэдэх байхаа.
-Хурдан шар цоохор морьтой байсан уу?
-Тиймээ. Мөн манай дүү Баярсайханы  зээрд соёолон сая говийн бүсэд түрүүлсэн.
-Тэгэхээр ах дүү гурван Алдарт уяачид байх нь ээ?
-Тиймээ, хурдан хүлгийн буянаар гурвуулаа аймгийн Алдарт уяач цолны эзэд болцгоосон. Миний хувьд хүүхэд байхдаа хурдан морь унадаг байгаад 1999 оноос бие дааж морь уяж эхэлсэн. Манай ах Дүгэрсүрэн Баянхонгор аймгийн адууг сайжруулахад нэлээд хувь нэмэр оруулсан хүн. Аймгийнхаа уяачдыг манлайлан Сүхбаатараас олон адуу авчирсан.Ахын авчирсан адуунууд аргагүй хурдан байсан болохоор дара нь Баянхонгорын уяачид зүүн зүгээс олон адуу авчирч, тэр хэрээр манай аймгийн адуу чанаржсан. Гурван бүсийн наадамд түрүүлсэн Баттулга сайдын хондон азаргыг Дүгэрээ ах Сүхбаатар аймгаас авчирч өгч байсан.
-Үндэсний өв соёлоо дээдлэн эрхэмлэгч та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.

Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна