Сумын Алдарт уяач Л.Эрдэнэбаатар: Хул үрээ маань Ерөнхийлөгчийн хээр азарганы төл

А.Тэлмэн
2014 оны 11-р сарын 26 -нд

-АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны ангилалд хул үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Хурдан хулынхаа удам угшлын талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Миний хул үрээ хоёр талын хурдны угшилтай адуу. Эцэг тал нь гэвэл МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Энхбаярыг Буриад улсад айлчлахад тус улсын ерөнхийлөгч хурдан хээр азарга бэлэглэсэн юм билээ.Тэр нь Налайх дүүрэгт УИХ-ын гишүүн байсан Хоохорын Бадамсүрэнгийн адуунд байсан. Түүнд нь би хул гүүгээ аваачиж тавиад гарсан төл нь энэ хул үрээ байгаа юм.
-Эцэг талаасаа ийм байж. Харин эх талаасаа...?
-Манай ахын нэртэй хул соёолон  азарга 1997 оны улсын баяр наадамд гурваар давхиж байсан. Тэрний төл хул гүү байгаа юм. Бүр нарийн яривал дээхэн үед нэлээд хурдалж байсан Маарамбын Баярын  саарлуудын угшилтай. Миний аав Лувсандагва 1996 онд улсад айрагдсан хул азарганы  эцэг хул үрээг Баярын хүү Арслангаас авч байсан юм билээ. Тэгэхээр эх талаа нарийн хөөвөл Баярын саарлуудын угшилтай болно. Хул үрээний эх хул гүүг би Бадамсүрэн гуайд бэлгэнд өгчихсөн юм.Тэгсэн энэ жил нэг эр унага гарсан байна лээ. Дараа жилээс уях байлгүй.
-Хул үрээгээ хэзээнээс уясан бэ?
-Дааган цагаас нь эхэлж уягдсан. Тэр жилээ Дундговь аймгийн цагдаагийн 70 жилийн ойд очиж аман хүзүүдээд, шүдлэндээ Дэлгэрцогт сумын 90 жилийн ой болон Дэрэн сумын наадамд тус тус түрүүлсэн. Ер нь шүдлэндээ дөрөв түрүүлсэн юм байна.Харин хязааландаа долоон мянгатын наадам болон “Цэцээ гүний хурд” хаврын бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн. Хаврын бүсийн тэр уралдаанд Өлзийт хорооллын олон уяачид ирсэн байсан.
-Өнгөрсөн хавар гэсэн үг үү?
-Тиймээ. Энэ зун наадмын өмнө Дэлгэрцогт сумын наадамд түрүүлчихээд улсын наадамд очиж аман хүзүүдээд, давхар уяагаар “Их мандал-3” төвийн бүсийн уралдаанд очиж түрүүлсэн шүү дээ.Үндсэндээ улс бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг авчихаад байгаа юм. Харин бага сага наадмуудаас гэвэл дааган цагаасаа хойш 13 түрүүлээд байгаа адуу даа.
-Улсын наадамд айрагдахдаа Эрдэнэбаяр гэдэг хүний нэр дээр цоллогдсон байна лээ?
-Миний ах байгаа юмаа. Улсад ахынхаа нэр дээр цоллуулсан. Бүсэд миний өөрийн нэрээр явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна