МУ-ын Алдарт уяач Б.Далай: Манлай уяачийн болзол хангагдсан байх

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 03 -нд

-АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд хээр үрээ түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Миний хээр үрээний эцэг нь Англи халтар азарга бий. Төлүүд нь улс бүсийн наадмуудад амжилттай давхиж байгаа даа, хурдан морь сонирхогчид бол андахгүй байх.Харин эх нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын  харьяат Мэндээ гэдэг залуугийн унаган хүрэн халзан гүү бий. 
-Дундговийн бүсэд мөн түрүүлсэн гэсэн тэгэхээр улс бүсийн наадмаас хоёр түрүү хүртжээ дээ?
-Тиймээ, хээр үрээ маань улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Дундговийн наадамд улсад 13-т орсон хүрэн азарга маань гуравласан. Халтар шүдлэн үрээ маань таваар давхиж одтой сайхан наадсан.
-Шинэ цолны болзол хангасан гэсэн үг үү?
-Тооны хувьд аль хэдийнэ болчихсон. Харин чанар гэдэг дээрээ хүрэхгүй байсан юм. Энэ жил хүрэн азарга маань айрагдчихлаа. Түүнийг тооцвол цолоо ахиулах л байх.
-Сэрвээний өндрийг өндөрсгөж, үүлдэрлэг байдлыг харгалзахааргүй болсонд олон нийт сэтгэл дундуур байна. Харин таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Ялгавал ялгасан шиг ялгаасай гэж боддог. Яагаад гэхээр уяачдын ихэнх нь монгол адуугаар наадаж байна.Түүнийг нь ч харгалзаж үзээд эрлийз адууг тусад нь ялгах шийдвэр гарсан байх. Тэгсэн хэр нь зарим уяачид тэрхүү журам зааврыг зөрчөөд эрлийз адуугаа монголд уралдуулчихаж байгаад сэтгэл дундуур явдаг. Энэ чинь монгол түмний хотлоороо цэнгэдэг наадам шүү дээ. Тэр утгаараа өөрийн өчүүхэн эрх ашгийг хойш тавьж, нийт ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих учиртай. Би өөрөө шинэ цагийн адуутай. Гэхдээ төр түмнээ хүндэтгээд монгол адууны ангилалд уралдуулдаггүй. Бас нэг сэтгэлд таагүй зүйл нь шинэ цагийн монгол адууны уралдааныг аль ч телевиз шууд дамжуулсангүй. Бүр хожуу дутуу дулимаг юм гаргана лээ. Уг нь адилхан л улсын наадам шүү дээ. Энэ мэт зүйлүүд дээрээ дараа дараагийн удаа анхаармаар л санагдсанаа нуух юун.
-Ярилцсанд баярлалаа. Манлай уяач цолоо авах мөчид дахин баяртайгаар уулзъя.

"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна