Гүүний хээл хамгаалах

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 08 -нд

Гүү унагалснаас хойших 7-14 хоногт ороо нь орж ихэвчлэн анхныхаа орооны үед хээл авдаг. Энэ үеэс л хээл хамгаалах ажил эхэлдэг. Гүүний хээл хаях шалтгаан нь арчилгаа маллагаа муу байгаатай холбоотой. Малын биологи, үржлийн физиологийн үүднээс авч үзвэл гүүний хээл үүсэн бүрэлдэж улмаар өсөн хөгжих нь бусад малынхаас өвөрмөц онцлогтой бөгөөд гүүнд ураг, эхийн бие хоёрыг холбосон эхийн холбоос маш сул эмзэг байдаг. Тухайлбал, хээлийн гаднах судаст бүрхүүлийн дээрхи цэлмэнгүүдийн бүрхдэг дан бортгон хучуур эд, савны салст бүрхүүлийн хучуур эдтэй наалдан нийлэхээс өөр холбоос байдаггүй. Иймээс хээлийн судаст бүрхүүл цэлмэн хэмжээгээрээ маш жижиг, урт нь 1,5 мм орчим үзүүртээ жижиг салаануудтай эхийн савны салст бүрхүүлийн хонхорт шигдэн орсон байдаг.
Биологи, физиологийн энэхүү онцлог нь хээлтэй гүүний арчилгаа маллагааны горим зөрчих, хээлтэй гүүг үргээж цочоох, огцом эргүүлэх, унаж эдлэх, хол буюу алс өгсүүр газар ширүүн туух, хөөж хөлөргөх, худаг усанд олноор шахалдуулан оруулах, цантсан буюу ялзарч муудсан өвс, сүрэл идүүлэх, хөлөрсөн үед хүйтэн усаар услах, хужир шүү дутагдах, өглөө эрт цан хүүрэг цохисон бэлчээрт жиндүүлж дааруулах зэрэг шалтгаанаас хээл хаядаг байна.
Хээлтэй гүүг гэнэт үргээж цочрооход түүний бөөрний дээд булчирхайнаас их хэмжээний адерналин /гормон/ ялгаран гарч, улмаар цусны судаснууд түүний дотор эхсийн судас агшиж нарийссанаас уургийн бие махбодын хүчил төрөгч дутагдана. Ийм байдал дахин дахин давтагдвал ураг үхэж зулбадаг. Гүү дунджаар 11 сар гаруй буюу 335 хоног хээл тээнэ. Гэвч гүүний хээлтэй явах хугацаа нь тухайн гүүний биологи, физиологийн онцлог, нас, тарга хүч, арчилгаа маллагаа, тэжээллэг, хээлийн хүйс, нутагшилт зэргээс шалтгаалан 320-349 хоногийн хэлбэлзэлтэй байдаг. Гүү унагалахаас нэ сарын өмнө унага хүлээн авах бэлтгэл хангасан байх хэрэгтэй.
Гүү унагалахаас 14-30 хоногийн өмнөөс дэлэгнэх, умайн амсар улайж бамбайх, хөдөлгөөн  удааширах зэрэг шинж тэмдэгүүд илрэх боловч ихэвчлэн унагалахаас 5-7 хоногийн өмнөөс дэлэн нь чинэрч, хөх нь сарвайх, харуу асгах зарим үед хөхнөөс уураг, суу гоожих, дусагнах, гэдсээ харах, сүргээс захлаж хоцрох явдал элбэг тохиолддог. Ийм үед хээлтэй гүүг сүргээс нь ялгаж гаднаа байлган унагалуулах хэрэгтэй. Гүү гол төлөв үүр шөнийн зааг, цаг агаарын таагүй нөхцөлд гаднын нөлөөлөл, цочролын улмаас унагалах нь их байдаг. хүйтэн нөхцөлд нялх унагыг нэмнэх шаардлагатай.
Гүү хэвийн үед 30-40 минутанд унаглах бөгөөд хүний туслалцаа бараг шаардахгүй. Өвөл, хаврын улиралд хээлтэй гүүг аажим, зөөлөн бэлчээхээс гадна шөнийн зогсоолыг урьдаас сонгон авч тэнд зогсоож сургавал салхи шуурганд уруудахгүй. Хэвтэр зогсоол нь хуурай, зөөлөн хөрстэй, жавар салхи багатай энгэр бэлдүү газар байвал зохимжтой.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна