МУ-ын Алдарт уяач Н.Даш-Өлзий: Араб халзангийн төлүүд амжилттай давхиж байгаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 09 -нд

-Шинэхэн Алдарт цолоо мялааж, төр түмнийхээ баяр цэнгэлд зээрд даагаа айрагдууллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Та бүхний ажил үйлст мөн өндөр амжилт хүсье. Зээрд даага маань улсын наадмын дараа Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ойд очиж дөрвөөр давхисан шүү дээ. Энэ жил ингээд хоёр айрагдчихаж байгаа юм.
-Эцэг нь ямар азарга байдаг юм бэ?
-Миний Араб халзан азарганы төл шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд сайн давхиж байгаа шинэ цагийн адуунууд бол дандаа л миний тэр Араб халзан азарганы төлүүд байгаа юм. Үр төл сайтай, төлүүд нь ч сайн давхидаг буянтай адуу даа.
-Тэгвэл эх нь...?
-Эх нь манай өөрийн унаган халзан гүү бий. Зээрд үрээний ах бас нэг сайн давхидаг халтар үрээ бий. Зээрд даага маань “Ирээдүйн түмэн эх”-д уралдахаар бүртгүүлсэн ч болоогүй. Тэгээд шууд улсад уралдаж айрагдаад, бүсэд түүнээ бататгаж байгаа юм.
-Зээрд үрээнээс гадна Алдартын урмыг тэтгэсэн ямар хүлгүүд байна?
-“Дүнжингаравын  хурд-2014” уралдаанд зээрд соёолон маань түрүүлж, Баянхонгорын бүсэд зээрд үрээ дөрвөлж, цэгээн үрээ аман хүзүүдсэн шүү дээ. Хэрвээ би буруу тооцоолоогүй бол МУ-ын Манлай уяач цолны болзол хангагдчихаж байгаа юм.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №58

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна