Б.Бүрэнтөр: Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд өөрийн нэртэй хоёр азарга түрүүлгээд байна

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 11 -нд

Гурван бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүрэн азаргыг морь сонирхогчид эчнээ мэдэх биз ээ. Тэрхүү хурдан хүлгийг олж танин, уяа сойлгыг тааруулж хурдлуулдаг аймгийн Алдарт уяач Б.Бүрэнтөр 2014 оны говийн бүсийн уралдаанд өөрийн хүрэн халзан азаргаа түрүүлгэн Баян-Овоочуудын хийморийг өргөсөн билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Говийн бүсийн уралдаанд адуун сүргийн манлай азарга түрүүлгэсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Өргөн дэлгэр сайхан наадам болж, хүрэн халзан азарга маань түрүүллээ.
-Хурдан хүлгийнхээ удам угшлыг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Төв аймгийн Баянцогт сумын харьяат Адъяа гэдэг хүний унаган адуу. Найман настай азарга энэ зун аваад, Заг сумын 90 жилийн ойд аман хүзүүдээд, говийн бүсэд уралдуулсан юм. Өмнө нь бага насандаа сумын ой болон орон нутгийн чанартай наадмуудад хэд хэд айрагдсан юм билээ. Над дээр гурван мөнгө, хоёр хүрэл нийтдээ таван медальтай  ирсэн.
-Гурван бүсийн түрүү Х.Баттулга гишүүний хүрэн азарганы уяа сойлгыг тааруулдаг.  Хүрэн азарга говийн бүсийн уралдаанд мордсон уу?
-Мордоогүй ээ, 2010 оноос хойш төдийлөн сайн давхихгүй байгаа.
-Ингэхэд  яаж яваад гишүүний хүрэн азаргыг уях болсон юм бэ?
-Хүрэн азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Энхбаатар гэдэг хүний адуу. Би 2006 онд хязаалан  үрээ авчраад энэ хавиараа хэд хэд оруулсан. Тэгээд 2007 онд соёолонд нь Завхан аймгийн Яруу суманд болсон Нагааранзын хүрэн халзан морины нэрэмжит уралдаанд азарганд уралдуулж гурваар давхиулаад, 2008 онд аймагтаа түрүүлчихээд Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд очиж зургаан настай азарга түрүүлж байсан. Дараа жил нь Ламын Гэгээний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Тэр үеэс л Баттулга гишүүний нэр дээр цоллогдох болсон доо.
-Нутгийн ахын нэр дээр уралдуулдаг юм уу. Эсвэл үнэхээр наймаа арилжаа хийгдсэн юм уу?  
-Ламын Гэгээний даншгаас өмнө наймаа хийгдсэн.
-Нууц биш бол ханшийг нь хэлээч?
-50 сая төгрөгөөр зарагдсан. Тухайн үедээ манай аймагтаа хамгийн өндөр ханштай адуунд тооцогдож байсан. Дараа жил нь улсын наадамд арваар давхиад, Говь-Алтайн даншигт түрүүлсэн.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрж байна уу. Үр төлүүд нь хэр хурдалж байна?
-Төл бий. Гэхдээ эцгийнхээ хэмжээнд хүрэхгүй л байна. Сая говийн бүсийн уралдаанд шүдлэн үрээ 11-ээр ирсэн.
-Говийн бүсийн уралдаанд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Зургаан насны морь мордуулж, манай уяанаас азарга түрүүлж, их морь аман хүзүүлэн, хязаалан дөрвөөр давхисан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2008 онд аймгийн Алдарт уяач цол авсан. Одоогийн байдлаар Засгийн газрын  тогтоолт бүсийн наадамд өөрийн нэртэй  хоёр азарга түрүүлгээд байна.
-Ер нь хэдий үеэс уяачийн эрдэмд шамдах болсон бэ?
-Морь уяад арваад жил болж байна.Миний аав Бунд аймгийнхаа наадамд хэд хэд айрагдсан хурдан хонгор морьтой уяач хүн байсан. Манайхны эрчүүд аавыг дуурайгаад цөм морь уядаг.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, танай гэр бүлийнхнийг өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна