Зуны маллагаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 16 -нд

Зуны улиралд өсвөр адууг уулын ар, зоо нуруу, уужим задгай хөндий, тал газрын ус ургамал элбэгтэй, ерөнхийдөө бог малын бэлчээртэй төстэй бөгөөд агь, таана, хөмүүл, ботууль, ерхөг, хазаар өвс  хиаг, ширэг зэрэг шимт бодис сайтай үет ба алаг өвс ургамалтай нарийн соргог, бэлчээр тохиромжтой. Эрлийз өсвөр адуу нам дор хонхор, гуу жалга , хад асга, ус, намагтай газар удаан байвал бөөгнөрөн зогсож хорох, ялаархаж салхидаж гүйх зэргээр тогтворгүйтэж идээшлэлтийн хэмнэл алдагдана.
Эрлийз адууны бэлчээрийг ойр ойрхон сэлгэж хуваарьтай ашиглах нь ургамлын ургацанд сайнаар нөлөөлж, бэлчээрийг дахин ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна тогтвортой идээшилж тарга хүчээ сайн авдаг юм. Зуны улиралд хоногийн хугацааны 66 хувийг бэлчээрт идээшилж, үлдэх хувийг сул зогсох, ялаарах, унтаж амрахад зарцуулдаг. Эрлийз өсвөр адуу ялангуяа ялаа шумуул ихтэй, халуун өдөр усанд буюу сүүдэр газарт 7-8 цаг зогсох бөгөөд энэ нь бэлчээр ашиглалт, тарга хүч авалтанд муугаар нөлөөлдөг.
Иймээс адууг зуны халуун өдөр хариулахдаа бөөгнөрч зогсох бүрийд дотроос нь аажмаар тууж тараахад адуу ихэвчлэн 40-80 минут идээшлэх бөгөөд ус, өвс ургамал тохирсон бэлчээрт тогтуун идээшилдэг. Эрлийз өсвөр адууг ширүүн бороо орох төлөвтэй өдөр нөмөр, нам дор, хотгор газар ээрч тогтоон хорьж, орой сөргүүлж бэлчээн тогтоох буюу тогтвор алдаад байвал манаж хонох хэрэгтэй. Саалийн гүүг өглөө 6 цагийн үед хурааж усалсны дараа унагаа уяж, сааланд хамаарагдаагүй адууг сувайлж бэлчээрлүүлнэ.
Зэлний унагыг өдөрт хоёроос доошгүй удаа эхтэй нь хамт буюу ус ойролцоо бол хувин саваар услана. Саалийн гүү өдөржин зэлэн дээр зогсож, тарга хүч муу авдгийг ахнхаарч саалийн гүүний бэлчээрийг хамгаалах хэрэгтэй. Саалийн гүүг нар баруунаа тонгойход тавьж услаад голын ширгэнд хэсэгтээ тогоож идээшлүүлэн бэлчээрт аажуухан гаргах хэрэгтэй. Ус уусан адууг ширүүн хөөж болохгүй. Ширүүн хөөж туусан тохиолдолд гэм согог сууж , тарга хүч нь хайлах, гүүний хээл цуцрах муу талтай.
Эрлийз өсвөр адууны бэлчээрлэх нутагт хужиргүй бол долоо хоногт нэг удаа заавал хужирлах хэрэгтэй. Бэлчээр ус тохирч, тарга хүч сайн авч байгаа адуу их тогтуун налгар бэлчээрлэж өнгө зүс сайтай, үс сорлог, алхаа гишгээ уужим тайвуу байдаг. Таргалсан эрлийз адууны дэл нь босоо, хомоол жигд  гонзгой дөрвөлжиндүү хэлбэртэй байх бөгөөд ус бэлчээр тохироогүй адуу тогтвор муу, тархай алс бэлчиж, өнгө зүс нь бүрзийж муудан ижлээсээ салж саринах нв их байдгийг онцгой анхаарч, хариулга маллагааг зөв зохицуулбал зохино.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна