Намрын маллагаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 17 -нд

Эрлийз өсвөр адууг намрын улиралд маллахдаа тарга хүчийг нь дээд зэргээр авахуулж, авсан тарга хүчийг нь тогтооход гол анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй. Намрын улиралд эрлийз өсвөр адууг ус, хужир ойр, өвсний сөл орой тасардаг, агь, таана, ботууль, мангир, хөмүүл, хиаг, ерхөг, хазаар өвс, хялгана, монгол өвс зэрэг ургамал бүхий ухаа толгод уулын өвөр,хяр тал, нам дор газар маллах нь илүү тохиромжтой байдаг. Намар адууны тарга хүч тогтож байгаа үед сөл дагуулан, салхи сөргүүлэн зөөлөн тогтуун бэлчээхийн зэрэгцээ өвс ногоо хагдарч ирэхийн хамт адуу их цангаг болж, ус руу холоос цувж гүйх, уул өөд мацах, эгц уруу гүйлгэхэд ижлээсээ тасрах, олон дахин цувуулан гүйлгэвэл авсан тарга нь хайлахаас гадна хөлрөмтгий болж, тосорхог хөлсөнд шороо тоос наалдан өнгө зүсээ алдан гэдсээ татаж өлөнгийн хонхор нь ихэснэ.
Өсвөр насны адууны нүд нь нуухтаж, доголох явдал илэрдэг. Намрын адууг задгай хүйтэн усаар өдөрт хоёр удаа тогтмол услах хэрэгтэй. Худгаас услахдаа азарга азаргаар нь ханатал усална. Намрын улиралд адуу 18 цаг идээшилж, 5-6 цаг сул нь хэт удааширдаг байна. Эрлийз өсвөр адуунд аль болох тохиромжтой, өөрийн орон нутагт олдоц сайтай нугын ногоон өвс, хошуу будаа, толгойтой ногоон сүрэл, хөх тариа, хивэг зэргийг ашиглах нь тохиромжтой. Өөртөө байгаа тэжээлийн олдоцыг бодолцон хэд хэдэн жор зохиож тогтмол цагийн хуваариар тэжээх хэрэгтэй. Адууны бэлчээр нутаг хариулга тохирсон үед гэдэс хэвлий сайн, үс нь сорлог, сэргэлэн цовоо байна. Бэлчээр тохироогүй хариулга, маллагаа муу, өлсөж даарч байгаа адуу их цантаж, азарга азаргаараа тасарч явамхай болно. Хэсэг өвс зөөлөн цасан дээр бөөгнөрч, өнгө зүс нь бүрзийн гэдсээ татаж хомоол нь хавчгар болох ба уруулд нь мөс хөлдөж, юм нөмөрдөж биеэ хураан зогсдог. Ийм нөхцөлд бэлчээрийг түргэн сольж хариулга маллагааг сайжруулж, нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна