"Тод магнай" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 24 -нд

Шандаст хүлгүүдийн хийморь даллаж, буян хурайлсан нэгэн жилийг эрхэм уншигч та бүхэнтэйгээ хамтдаа үдэж байна. Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн их бахдалын эзэд тодорсон 2014 он хурдан морины ертөнцөд шинэ сонин үйл явдлаар дүүрэн сайхан жил байсан гэдэгтэй санал  нийлэх биз ээ. Ялангуяа морьтон монголчуудын мөнхийн омогшил, мориор дамжсан үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэгч “Тод магнай” сэтгүүлийн хамт олны хувьд онцлох жил байлаа. Учир нь энэ онд бид уншигч та бүхэнтэйгээ учран золгосны таван жилийн ой тохиож, 60 дахь дугаараа өргөн барьж байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид Монголын хурдан морины түүхийг мөнхжүүлэн үлдээх үйлсэд манлайлан оролцож, эрхэм уншигч та бүхнийхээ дэмжлэгтэйгээр Монголын хамгийн олон уншигч захиалагчтай топ-10 сэтгүүлийн нэг болж чадсан юм.
Дэлхий нийтээрээ даяаршин буй энэ цаг үед үндэснийхээ үүх түүх, өвөрмөц соёл, бахдал бахархлыг нандигнан авч үлдэх хойч үедээ өвлүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй манай хамт олон 2012 оноос эхлэн Монгол Улсынхаа аймаг тус бүрээр тусгай дугаарыг эрхлэн гаргаж, бүх сумынх нь төлөөлөл болсон эрдэмт мэргэн уяачид, эрэмгий хурдан хүлгүүдийнх нь талаар цогц мэдээллийг хүргэж буй.
Саяхныг хүртэл аман хэлбэрээр хадгалагдан он цаг өнгөрөх тусам бүдгэрч байсан Монголын хурдан морины түүхийг ийнхүү архивжуулан мөнхжүүлэх үйлсийг санаачлан хэрэгжүүлэгч манай хамт олон одоогоор Архангай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгийн тусгай дугаарыг уншигч та бүхний хүртээл болгож, Хэнтий, Ховд, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн сэтгүүлийг бэлтгэж байна. Мөн 2015 онд Увс, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн тусгай дугаарыг бэлтгэж уншигч та бүхэндээ өргөн барих болно гэдгээ дуулгах таатай байна.
Ингээд эрхэм уншигч та бүхнийхээ дэмжлэгт урамшин хийж бүтээхийн хүслээр жигүүрлэсэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олны зүгээс учран золгож буй 2015 оны  мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол түмэн минь урам зориг, хайр халамжаар дүүрэн сайхан баярлаарай. Шинэ он танд аз жаргал, амжилт бүтээлийг авчрах болтугай. 

Шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин, сэтгүүл борлуулах цэгээс, мөн редакцийн 94082992, 95092992 дугаарын утсанд холбогдож аваарай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна