МУ-ын Алдарт уяач У.Аюурзана: АВАРГА УЛААН МААНЬ ДАРХАН ТҮМНИЙ ЭХ ЦОЛТОЙ

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 05 -нд

-Завхан аймгийн Түдэвтэй сумаас төрсөн цорын ганц улсын цолтон нь та. Хэдэн онд энэхүү эрхэм цолны эзэн болж байв?
-2006 онд аймгийн Алдарт уяач, 2008 онд МУ-ын Алдарт уяач цолыг авч байлаа. 2003 оноос аймгийнхаа баяр наадамд ирж уралддаг болсон. 80 жилийн ойгоор сартай саарал морьтой ирж таваар давхиулж байлаа. Дараа жил нь Нөмрөгийн 80 жилийн ойд их нас, Асгатын ойд азарга, их нас, Баянхайрханы ойд их нас, азарга түрүүлгэсэн. 2005 онд Увс аймгийн 80 жилийн ойд саарал морины ах Аварга улаан маань аман хүзүүдсэн. Тэндээс буцахдаа Ховд аймгийн Чандмань сумын 80 жилийн ойтой таарч, азарга аман хүзүүдүүлж, их нас түрүүлгэж байлаа. Мөн тэр жил аймгийн наадамд улаан морио түрүүлгэж, дүү саарлыг нь аман хүзүүдүүлээд, хүрэн азарга, халиун хязаалан түрүүлгэж, даага айрагдуулан гурван түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртэж байв.
-Аймгийн баяр наадмын амжилтаар улсын цолд хүрсэн юм байна, тийм үү?
-Тиймээ. Ахад нь гурван хурдан морь байлаа. Бага шиг наадамд гурвуулаа цувж орно. Хүрэн азарга бүсийн наадамд наймаар давхисан. Ер нь бүсийн наадамд /Увс аймгийн 80 жилийн ойг хэлэв бололтой/ нэг морь аман хүзүүдүүлж, нэгийг нь наймаар, нөгөөг нь арваар давхиулсан. Тэр үед аймгийн наадмын амжилт ордог байсан юм болов уу даа. Дээрээс тодорхойлолт явуулаад нэг өдөр л улсын Алдарт боллоо гээд дуудсан.
-Дээрх хүлгүүд унаган адуунууд уу?
-2002 онд Асгатаас сая 500 мянган төгрөгөөр хоёр морь, сая 200 мянган төгрөгөөр нэг морь авч байлаа. Тухайн үедээ өндөр ханш шүү дээ. Тэгж л моринд идэвхтэй орсон. Өмнө нь 1978 оноос аавдаа тусалж элбэлцээд морь уядаг л байсан. Манай аав сумын наадамд тав дотор гурван бүдүүн морь давхиулчихдаг бас л шаггүй уяач байсан даа. Бид эхээсээ арвуулаа. Таван эрэгтэй, таван эмэгтэй. Бөх шандасынхан гэдэг удмын улс л даа. Зургаа, долоон үеэрээ бөхийн удам тасраагүй болохоор ургийн овгоо тэгж нэрийдсэн юм.
-Танайхнаас төрсөн улсын цолтой ямар,ямар бөхчүүд байна вэ?
-МУ-ын начин Балжинням миний хамгийн бага дүү. Би 1978 онд Завхан аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авч байсан хүн. Эртний үгэнд морь, бөх хоёр нэг тогоонд багтдаггүй л гэдэг. Гэхдээ болдог юм байна гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулж байна. Манай аав мундаг хөдөлмөрч, зарчимч хүн байсан. Бид арвыг өглөө босгоод бүгдэд нь ажил хуваарилж өгдөг. Хийхгүй бол бултах булзах аргагүй. Тэр утгаараа манайхан ер нь их хөдөлмөрч шүү. Аавтайгаа өнгөрүүлсэн цаг мөч бүхэн эргээд бодоход их үнэ цэнэтэй байдаг юм билээ. 1979 онд аавыгаа дагуулаад, Завхан аймгийн баяр наадамд очиж барилдаж  түрүүлээд нэг мундаг баярлуулсан. Тэр жил манай аавын гурван морь суманд дараагаараа ирж айхтар баярлаж байсан юм. Мөн Түдэвтэй сумын “Бадрал” нэгдлийн 30 жилийн ойгоор би барилдаж түрүүлээд, аавын гурван морь тав дотор давхиж, соёолон үрээ түрүүлсэн. Тэгэхэд бас баярлаж байлаа. Ах нь одоо хэр нь аавыгаа ярихаар л хоолой зангираад хэцүү байдаг юм. Ер нь эцэг хүн байна гэдэг их үүрэг шүү. Би дөрвөн хүүхэдтэй. Ганц банди маань хотод байдаг ч намайг дуурайгаад, зундаа ирж морь уяж байгаад явдаг юм. Миний мэдэхийн манайхан гурван үеэрээ  морины сүүл шууж байгаа улс.
-Гурван үеийн удамт уяач анхны айргаа хэдэн оны ямар наадмаас авч байв?
-1977 онд цэргээс халагдаж ирээд 1978 онд сумандаа барилдаж түрүүлээд байнд ирсэн даагаа уяж хязаалан үрээ анх сумандаа түрүүлгэж байлаа. Дараа жил нь соёолондоо сумандаа ахиж түрүүлээд, Цэцэн-Уулын Улаан дөрөлжийн ойд айрагдсан. Нас нийлсэн жилээ сумандаа аман хүзүүдсэн. Тэр жил муу аав маань өнгөрч, дараа жил нь би өөрөө уяад айрагдуулж байлаа. Би ааваасаа хойш хэдэн жил морь уялгүй завсарласан юм. Тэгээд адууныхаа чанарыг сайжруулъя гээд Дөрвөлжингийн Цэвэгдорж гэж мундаг хурдан Оодон цагаан морьтой найзаасаа буурал азарга, Увсын Тавантэсийн нэг найзаасаа бас хээр азарга авч унаган адуутайгаа сүлээд овоо дориун төлүүд гарсан шүү. Одоо бага наадмуудад унаган адуу зөндөө л айрагдаж байна.
-Завхан аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадмууд цөөнгүй болж байсан. Түүнд хэрхэн наадаж байв?
-1995 оны Сархайрханы даншигт Аварга улаан морь маань соёолондоо гурваар давхиад, 2000 оны Тэсийн голын даншигт таваар давхисан. 2005 онд Увсын 80 жилд аман хүзүүдээд 10 жилийн дотор гурван том наадамд айрагдсан адуу. Ер нь миний Аварга улаан морь 2001, 2004, 2005 оны аймгийн баяр наадамд түрүүлж, 2006 онд аман хүзүүдсэн хурдан буян. Тэр үед аймгийн Засаг даргын захирамж байсан юм уу, Дархан түмний эх цол олгож аймгийн сонинд бичигдэж байсан. Одоо 23-тай. Хамгийн сүүлд 20 насандаа сумынхаа наадамд уралдаад 80 моринд айрагдаж л байсан. Түүнээс хойш уяагүй ээ. Агуу мал агуу л байдаг юм билээ. Би анх дүү саарал морийг нь авч байсан юм шүү дээ. Ах дүү хоёр сайн морийг нэг шон дээр уяж үзье гэж бодоод дараа нь ахыг нь 13-тай адуу авч байлаа. 2005 оны аймгийн наадамд ах нь түрүүлээд, дүү нь аман хүзүүдээд ирэхэд үнэхээр сайхан байсан.
-Сүүлийн үед адууны наймаа хэр хийж байна?
-Би зүүн талаас адуу аваагүй. Цандэлэг дүүгээсээ хоёр азарга авчирсан. Нэг нь Англи Будённый эрлийз, нөгөөдөх нь монгол.Бүр дэлгэрэнгүй хэлбэл, нэг нь Цандэлэгийн Монхор хүрэн, нөгөө нь Бурхан халдуны Мөнхдашийн Нүцгэн зээрд азарганы төл. Энэ хоёроороо цус сэлбэж байна. Дээр нь миний адуу чинь Дөрвөлжингийн Хомын борлогууд, Увсын Тэсийн голын угшилтай шүү дээ. Тэгэхээр гайгүй юмнууд төрөх байлгүй дээ.
-Ингэхэд Алдартын уралдсан хамгийн тов дэвжээ хаана байв?
-2004 оны “Их хурд” уралдаанд урилгаар очиж оролцсон. Тэр жил би чинь дөрвөн урилга авч хоёр бүдүүн морь, нэг азаргатай очоод саарал морь 26-гаар, хүрэн морио 50 гаргаж давхисан. Монголын шигшмэл хурдан хүлгүүд цугласан газар очоод 26-гаар давхиулна гэдэг чинь надад чамлахааргүй л амжилт  даа.
-Зургаа, долоон үеэрээ бөхийн удам тасраагүй, гурван үеэрээ морины сүүл шууж байна гэсэн.  Танаас өөр морь, бөх хоёрыг нэг тогоонд багтаасан хүн байна уу?
-Алга даа. Бөхийн удам тасрахгүй, манай эмэгтэй дүү нарын хүүхдүүд барилдаж л байна.  Аймгийн заан Шаравбөбүү гэж бий. Ямар ч байсан миний дараагийн удам зодог шуудаг өмссөн улс л байх бололтой юм. Улсын начин Баянхонгорын Доржбат манай удмынх. Гавьяат дасгалжуулагч Намшир багш манай Шандастынхан удмын хүн.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлийн асуултыг Алдартад үлдээе.
-Морийг дагаад эр хүний хийморьтой холбоотой ажил үйлс сайхан бүтдэг. Нэгэн бодлын компанийн том захирлууд бараг компаниа рекламдах шахуу байх юм. Морь чинь тийм мундаг нөлөөтэй, хүнд мэдрүүлдэг эд шүү дээ. Улсын цолтой бөхчүүдийг ч гэсэн сумыг нь мэдээд авна. Завханд тийм сум байдаг юм байна, Хэнтийд ийм сум байдаг юм байна гэх жишээтэй. Морь, бөх чинь нутаг орноо сурталчилж байгаа шахуу давхар юм байна даа гэж би ойлгож явдаг. Тиймээс энэ сайхан үүргийг хүлээж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье. 
-Баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна