МУ-ын Алдарт уяач А.Алтангадас:”Наадам болгон эзэнтэй байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй ”

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 05 -нд

Адууны зүс ялгахгүй шахам “ногооноороо” байхдаа арын хангайн Алдарттай уулзаж, ярилцаж байлаа. Ярьсныг нь ойлгохгүй шахам түгдчиж байгаа намайг огтхон ч тээршаалгүй нэг бүрчлэн тайлбарлаж байсан тэр төрх одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Тэр цагаас хойш Ажгаагийн Алтангадас хэмээх инээмсэглэл гэрэлтүүлсэн хуурай ахтай болж билээ. Мориныхон дотроос дотно нөхөрлөсөн цөөхөн хүний нэг МУ-ын Алдарт уяач А.Алтангадас байж ч болох юм. Айрганд дуртай хэзээний занг маань андахгүй Алдарт, хөдөөнөөс ирсэн даруйдаа дуудуулна. Бүр унаа хүртэл зохицуулж өгнө. Гэрт нь очиход Пүүжээ эгч идээ засаад мах чаначихсан яриа дэлгэж суудагсан.  Энэ удаа ахыгаа сэтгүүлийнхээ зочны хойморт урьж ярилцлаа. Заримдаа хүн хэт ойрын хүнээ хэт холоос мэдэрдэг шүү дээ. Магадгүй энэ удаа би  тэр тойрогт орчихоод ахыгаа бүрэн дүүрэн дэлгэж чадаагүй байж мэднэ. Тийм бөгөөс уншигч танаас хүлцэл өчье.


Өөрөө мэдээгүй байхад л хээр азарганы төл зарагдчихсан байх жишээтэй

-Алдарт арын хангайгаар л нутаглаад байна уу? Өвөлжөө тухтай, мал сүрэг тавлаг уу?
-Тавлаг сайхан даа. Сүүлийн тав зургаан жил Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хүнүйн голд өвөлжиж байна. Юутай ч энэ жил манай нутагт өнтэй сайхан өвөл болох янзтай байна. Өвс ногоо тэгшхэн, малын ундны цастай байгаа болохоор сэтгэл өег сайхан л байна. Малчин хүнд үүнээс сайхан зүйл гэж юу байхав. Манай Эрдэнэмандал сум дээр үеэсээ л адуу малаараа дээгүүрт ордог байсан юм. Бас тэрүүхэн хавьдаа зуднаас холуурхан үлдчихдэг өгөөжтэй нутаг даа. Тийм болоод ч хүн амьтны амьжиргаа сайн шүү.
-Улсын наадамд ирсэн дуулдсан ч уулзаж чадаагүй. “Тамирын хурд”-д оролцсон байлгүй. Энэ жил ямархуу амжилттай наадав?
-Миний нутаглаж байгаа газраас Тоглохын хөндий 50-60 км зайтай. “Тамирын хурд” даншиг наадам үнэхээр сайхан болсон. Эрлийз, Монгол адууг ялгаж уралдуулах шийдвэрийн дагуу горьдож байсан хоёр хурдан үрээгээ хасуулчихсан. Бусдаар бол модтой сайхан наадсан. /инээв/ Улсынхаа наадмаар зургаан насны 20 гаруй адуутай ирж уралдлаа. Нэг үрээ арван хэдээр, даага 20 гаргаж давхисан. Энэ жил улсынхаа наадамд наадаж морьдынхоо багцааг үзлээ, боломжийн шүү.
-Энэ жил ханиад томуу их байсан нь олон уяачийг сэтгэл гонсгор үлдэхэд хүргэх шиг санагдсан. Ер нь Архангай аймгаас хэчнээн уяачид ирсэн бэ?
-Манай нутагт ханиад гайгүй байсан л даа. Хотод 7-нд ирээд 8-нд нэг ажил хийгээд л түрүүч нь ханиаж эхэлсэн. Аймгаас Дашцэрэн, Мөнхбат нарын Алдартууд болон бусад уяачид ирсэн. Яг сумаас гэвэл ах нь ганцаараа л ирсэн. Ямартаа ч ирсэн уяачдын маань морьд бүгд л сайхан давхицгаасан. Нэг нэгэндээ дэмтэй гал болоод том наадмуудад оролцоход аятайхан байдаг юм. Харамсалтай нь манай хөдөөнийхөн том наадамд оролцохдоо хойрго улс шиг санагддаг.  Минийхээр аль болох чансаа өндөр наадамд морио уралдуулна тэр хэмжээгээр туршлага хуримтлагддаг, морьд сайжирдаг сайн талтай шүү дээ.
-Эрлийз, монгол адууг ялгаж уралдуулсанд хөдөөгийн уяачид их таатай байгаа дуулдсан ?
- Цэвэр цусны адууг ялгаж уралдуулж байгаа нь зөв. Гэхдээ нэг, хоёр бүр гурван үе дамжчихсан адуу бол монголдоо уралдах л ёстой байхгүй юу. Ер нь нэг л дамжчихсан бол эрлийз шүү дээ. Одоо жишээлбэл араб эцэгтэй, монгол эхтэй адуу байна. Монгол эхээс төрсөн юм чинь яагаад монгол адуутай уралдаж болохгүй гэж? Цэвэр цусны адууг хасаад дан монгол адуугаар уралдъя гэдэг нэг бодлын сайхан ч сөрөг талтай юм шигээ. Дээр үеэсээ л тойруулга адуу монгол адуутайгаа уралдаж байсан биз дээ. Миний хурдан цавьдар даага гэхэд улсад 1996 онд аман хүзүүдэж байсан. Тэр даага бол тойруулга эхтэй, монгол эцэгтэй миний халзан азарганы төл шүү дээ.
Тэгээд ч өнөөдөртөө нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүдийг ялгах боломжгүй байгаа биз дээ. Яагаад гэхээр адуу болгон паспорттой болоогүй байна. Бүүр болоогүй зарим нь худлаа угшил хэлээд явж байгааг бүгд мэдэж байгаа биз дээ. Энд нэг адуу улсын наадамд сайн давхилаа гэхэд түүнтэй ижил зүстэй адуу зүүн талд ах нь болчихсон л явдаг. Миний хээр азарга бол яах аргагүй халзан азарганы минь төл, унаган адуу. Би ямар ч адуу зараагүй байхад Алтангадасын хээр азарганы төл гээд зарагдчихсан байх жишээний.
-Хаана зарагдсан байх юм?
-Архангайд, Өвөрхангайд ч явж байна. Тэгэхээр монгол адуугаа зохицуулж чадахгүй байж эрлийз адууг хасна гэдэг дэмий юм шигээ. Цэвэр цусны адууг тусад нь уралдуулж, адилхан цолыг нь олгоод явах нь зөв л дөө.Гэхдээ л сөрөг тал нь илүү юм шигээ.
-Та хөдөө хот хоёрын дунд явдаг хүн. Үнэндээ хөдөөд эрлийз адуу хэр олон байна вэ?
-Байгаа ш дээ. Манай Эрдэнэмандал суманд гэхэд л адуу малынхаа цусыг сайжруулахаар ажиллаж байгаа залуучууд зөндөө байна. Энд тэндээс эрлийз адуу ч их авчирч байна. Би ч гэсэн цэвэр цусны азарга аваачсан. Ер нь бол хөдөөгийнхөн ялгаад уралдуулаад өг гээгүй биз дээ. Эрлийз адууг хасаад өгвөл монгол адуу уралдахад сайхан байна гээгүй юм шүү дээ. Эрлийз адуу монгол адуутай хөлийн хурдыг хуваагаад орж ирэхийг алийг тэр гэхэв. Жилийн уяаны наана цаана зөрүү тийм юмнаас л болж гардаг. Хурдан адуутай уралдаж байж амжилт ахина шүү дээ. Улсын наадамд эрлийз адуунуудтай уралдаж өөрийнхөө багцаа байдлыг шалгах л ёстой байхгүй юу. Хөдөө ч эрлийз уралдаж л байдаг, уралдах ч ёстой юм. Надад ч хоёр гурван эрлийз азарга бий. Хоёр нь тойруулгын адуу. Цэвэр цусны Орос Будённый чиглэлийн нэг азарга бий.
-Өвөрхангайгаар явж байхад улсад айрагдсан азарганы төл гээд 30 гаруй адуу зарагдсан дуулдаж байсан.  Архангай аймгийн хувьд иймэрхүү асуудал дуулдах юмуу?
-Энэ асуудал ч ярвигтай л даа. Ерээд оны сүүлээс 2000 оны эхэн хүртэл миний талийгаач багш бид хоёр БХЯ-ны дэргэд шилмэл адуу бий болгоно гээд явж байсан л даа. Тэгэхэд зүүн талын адууны тамга, удам угшлыг нутгийнхан үнэн зөвөөр нь сайхан ярьдаг байлаа. Сүүлийн 7, 8 жил таны ярьж байгаачлан адууны угшлыг худлаа хэлдэг болсон. Үүнийг нутгийнхан  мэдэж л байгаа. Хүний амьдралд мөнгө хэрэгтэй юу? хэрэгтэй. Гэхдээ ингэж хүнийг хуурч мэхэлж олсон мөнгө хоол болох уу гэдэг нь сонин шүү дээ.
Дээр нь бас нэг юм байна. Зүүн талаас дандаа засаатай адуу зөөгөөд байдаг, нөгөө сав нь хаана байнаа. Сайн эхээс хурд төрдөг  гэсэн хөгшчүүлийн үг байна. Ер нь бол энэ асуудалд анхаарал хандуулж бодлого боловсруулахгүй бол цадигаа алдаж байна.
-Архангайнхан Алдартын адуунаас цус сэлбэх сонирхолтой байдаг биз. Танд хандах юм уу?
-Ханданаа, гэхдээ би гүүндээ жаахан харам. Гаргах дургүй гэх үү дээ. Манай Архангайнхны уяа 2005 онд намайг очиж байхүеэс их өөр болсон. Нутгийн барилаар уядаг уяач цөөрсөн. Анх очиход жадайсан гэдэстэй хэдэн морьд мордуулдаг байлаа шүү дээ. Одоо бол их сайхан суллаж, бүтэн жилийн эдэлгээг нь хийж, хэнээс ч дутахааргүй л уяж байна. Ер нь манай нутгийн залуучууд Хүнүйгийн нэрийг сайхан авч яваад би их олзуурхан баярлаж яваа. Хоёр гурван ч сайхан шавьтай боллоо. Даанч харамсалтай нь том наадамд гарч уралдахгүй юм даа.
-Уралдаан хэр олон олширч байна. Хэт олшрох нь малчдадаа төвөгтэй байдаг бололтой юм билээ?
-Овоо тахилгаас эхлээд жилдээ  4- 5 л уралддаг юмуу даа. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүст наадам олдвол оролцож чадахгүй л дээ. Мал маллана гэдэг зав чөлөө муутай, цаг наргүй ажил. Би ч хэдэн адуу малаа өсгөе гэж сүүлийн хоёр гурван жил завгүй явлаа. Тиймдээ 2007 оны Их хурдад хээр азаргаа айрагдуулснаас хойш том наадамд бараг оролцсонгүй. Яваандаа бэлчээрийн мал аж ахуйгаас татгалзаж, суурин буюу фермерийн аж ахуйтай болчихвол уралдаад л байхаас яахав.
-Танай аймагт адууны дундаж үнэ ямархуу байна?
-Гайгүй хурд нь танигдсан адуу 5-10 саяын дотор зарагдаж байх шив дээ. Ер нь л өндөр талдаа шүү.

Хувь тавилан намайг багштай минь тааруулж, адуу гэдэг хийморилог амьтантай нөхөрлүүлсэн

-Зочны ярилцлага нэлээд төв маягтай болж байх чинь. Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Та Манлайд нэлээд дөхсөн байх шүү?
-Нэг л  айраг дутуу байна даа.
-Хэдэн онд Алдарт болж байлаа?
-Зэвсэгт хүчний 314–р ангийн уяач байхдаа 2002 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртэж байсан.
-Армийн харьяатай цөөн уяачийн нэг нь та.  Нээрэн армид ирээд уяач болсон гэдэг бил үү?
-Би чинь удмын уяач биш шүү дээ. Сэхээтэн айлын хүү, аймагт өссөн төвийн хүүхэд. Яахав зуны амралтаараа хөдөө очиж морь унаж, хонь мал хариулна. Хүүхэд байхдаа хоёр удаа л хурдан морь унаж байсан гээд бодчих. 1979 онд юм уу манай Эрдэнэмандал суманд залуучуудын хороолол гэж байгуулагдаж их том баяр хийлээ. Тэнд Эрдэнэмандалын Алаг-Уул багийн Болдоо гэж нагац ахынхаа уясан хээр азарга, сүүлд нь Цэцэрлэгийн Сэрдорж гэдэг хүнд зарагдаж их олон айрагдаж түрүүлсэн хонгор морь хоёрыг уналаа. Хонгор морь аман хүзүүдэж, хээр азарга гуравт давхисан. Амьдралдаа нэг удаа л морь унасан атлаа амжилт гаргасан маань энэ. Одоо энд тэнд явж байхад хүмүүс асуудаг л юм. Удмын уяач уу, Алдарт гэдэг эрхэм цолыг яаж авсан бэ? гээд л. Би чинь одоо улс, бүсийн наадмаас хоёр түрүү, 11 айраг авчихаад байна. Энэ гаргасан амжилт миний багшаас эхтэй. Багш маань одоо ч гэсэн намайг тэнгэрээс харж байгаа гэдэгт итгэдэг. /хоолой нь зангирч, нулимс цийлэгнэв/
-Аюуш Тод манлай таны анхны багш уу?
-Монгол улсын Тод манлай уяач Аюуш багш маань манай салаан дарга байсан юм. Хувь тавилан намайг багштай минь тааруулж, адуу гэдэг хийморилог амьтантай нөхөрлүүлсэн дээ. Би ер нь их азтай хүн шүү. Гарамжав гэж сайхан хүний хажууд гурван жилийн алба хаасан. Ахлагч болчихоод тэр хүнтэй хамт морь уяж айл аймаг  5-6 жил хамт явлаа. Их ч юм сурсан. Хорвоод би Гарамжав Манлай, Аюуш Тод манлай гэж хоёр багштай хүн.  Би үүгээрээ цаг ямагт омогшиж явдаг. Үүнийгээ хаана ч нуудаггүй.
-Тэр эгэл хэрнээ энгүй хүнийг дурсахад надад ч таатай байна?
-Миний багш дэндүү сайхан хүн байсан даа. Ямар ч хүнтэй илэн далангүй сайхан харьцана, том бага гэж голохгүй. Багш маань “Наадамд уралдах гэж байгаа  хүн түрүүлж дуугарч болдоггүй юм шүү” гэж захидаг байсан юм. Бодвол миний түрүүлж дуугарчих гээд байдгийг аль эрт анзаарчихаад л тэр байх даа. Тэгээд л түрүүлж битгий дуугарч байгаарай. Даруу байх тусам морь чинь сайн давхидаг гэдэг үгийг их хэлдэг байж дээ.
-Мэдээж хамтдаа  олон наадамд явж байв уу?
-Би багшийгаа тасралтгүй 10 жил дагасан хүн шүү дээ. Арми дээр бол 1982 оноос хойш бараг 29 жил хамт байжээ. Хамгийн сүүлд цагаан сараар уулзаж золгосон.  Тэгэхэд би Дүнжингаравт уралдах болж харин багш Булганд очиж уралдахаар ярьж байсан юм. Тэгээд Булганд уулзахаар салсан ч дахин уулзсангүй дээ./санаа алдав/
-Хөгшин цагаан гүү авчирахад юу гэж хэлсэн гэдэг билээ?
-Тойруулгаас акталсан адууг үслэг ан эдлэлийн Төр хурхын сангийн аж ахуйд хар үнэг, булганы хоолонд явуулдаг байж л дээ. Тэр актлаад гарч байгаа адуунаас нэг адуу солиод авч болноо доо. Тэндээс Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул олноо “хурдан морьт” Өвгөнхүү хэмээн алдаршсан бүр тодруулбал миний багш Аюушийн толгой хаядаг хээр морины эзэн өсгий цагаан бор халзан гүү сольж авч л дээ. Тэр байдаснаас гарсан төл Өвгөнхүү гуайд давхиагүй юм билээ. Бор халзан гүү хөгшрөөд, цагаан гүү болсон байхад нь би Өвгөнхүү гуайгаас худалдаж авсан юм. Нэлээд харимал цагаан гүүг эр хүрэн унага дагаж ирсэн. Түүнийг нь би манай нутгийн ах Самданг МУ-ын Манлай уяач болоход нь бэлгэнд өгсөн. Харин эхийг нь хүрэн халзан азаргандаа хураалгахад Гарамжав багш “Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй унага гаргах гүү авчирч дээ” гэж намайг магтаж байсан юм. Харин Аюуш багш “Цаг хэцүүдвэл тэжээлд орох байх даа” гэж сануулж байсан. Тэгэхдээ чи сайн өвс тэжээл бэлдээд авах юм бол наад гүүнээсээ олон сайхан адуу гаргаж авна гэдгийг хоёулаа дуу нэгтэй хэлж байсан юм. Адуу мэддэг хүмүүс өөр шүү.
 -Тэдний хэлсэн ёсоор болсон уу?
-Хөгшин цагаан гүүнээс гарсан эр цавьдар унага даагандаа улсын наадамд аман хүзүүдээд, шүдлэндээ Эрдэнэтийн хангайн бүсийн даншигт түрүүлж, хязааландаа улсын наадамд гуравт давхиж байсан. Мөн хязааландаа Баянцагааны зууны манлай хүлэг шалгаруулах наадамд морь будилж  уралдахад эхнийхэд нь айрагдаж, дараагийнхад нь долоогоор давхисан. Аргагүй хурдан адуу байгаа биз.
-Би андуураагүй бол “Мандал-Алтай”-н Балдандоржид зарагдсан бил үү?
-Тэгсээн. Соёолонд нь Балдандоржид зарчихсан юм. Тэгээд э хцагаан гүүнийх нь угшлыг хөөж Энэбишийн Ганбат, Гарамжав гуай бид хэд нэлээд судалсан. Тэгсэн тойруулгын Их салхины угшилтай цавьдар халзан азарганы удамтай юм билээ.
-Цагаан гүүнээс цавьдараас өөр төл авч чадаагүй юм уу?
-Цагаан гүү надад гурван эр төл гаргаж өгөөд 2000 оны зуднаар нүд аньсан хөөрхий. Сүүлд гарсан хоёр эр төлийнх нь нэг нь бүсийн наадамд нэг  аман хүзүүдсэн Янзага халзан шүү дээ. Батхүү гуай Хархоринд том бүсийн наадам хийгээд тэрэнд Янзага хавчиг азарга аман хүзүүдэж байсан юм.
-Одоо таны нэр дээр уралддаг юм уу ?
-Үгүй ээ, нэг дүү хүүдээ бэлгэлчихсэн. Богд уулын өврөөр 15, 16-тай азарга нутаглаж байгаа.  Тэрний дүү Толбот бор гэдэг бас нэг хурдан үрээ байсан. Даагандаа улсад есөөр давхиад, 2000 оны Тамирын хурдад  долоолж, шүдлэндээ улсад 11-ээр давхисан. УБИС-ийн багш Тогмид гэж хуурай ахдаа бэлгэлчихсэн.  Хязааландаа улсад 15-аар давхиад, соёолон болдог жил нь хулгайд алдчихсан юм. Тэр бол үнэхээрийн хурдан адуу байсан юм. Дааган цагаасаа эхлээд улсад дандаа 20 дотор давхисан. Ер нь ингээд харж байхад сайн адуунд төгсгөл болдог хоёрхон зам байна. Хулгайд алдагдана, эсвэл хөлгүй болно. Тэрнээс биш эзэн хүн хурдан адуугаа тэр болгон зараад байхгүй шүү дээ.

Миний хээр халхын довтой азарга 

-Алтангадасын алдарт хээр азарганы талаар асуухгүй өнгөрвөл уншигчид намайг зэмлэх биз. Хээр азарганыхаа талаар хууч дэлгээч?
-Хээр азарга бол миний халзан азарганы төл. Халзан азаргыг шүдлэнд нь Аюуш багш маань Онон ахаас авч өгч байсан юм. Онон ахын унаган адуу. Халзан азарганы эх нь Даваанэрэн начины  угшлын адуу юм билээ. Цавьдар халзан гүү байсан гэдэг. Тэр гүүг Онон ах авч Баян халзан хэмээх нэгдлийн их хурдан азаргандаа хураалгаж, тэр дундаас нь миний халзан азарга гарсан юм билээ. Даага сургаад аймаг суманд уралдчихсан шүдлэн үрээ надад зарсан юм. Харамгүй сайхан сэтгэлээр хурдан буян хайрласан Онон ахдаа үнэхээр их баярлаж явдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлмээр байна.
-Халзан азарга тань дээр ирсэн нь хэдэн он юм бэ?
-1989 онд. Тэгээд 1990 онд хязаалан үрээ улсын наадамд 40 хэдээр давхисан юм. Тэгэхэд би бараг айраг авчихсан юм шиг дээлэндээ багтахгүй баярлаж явлаа. Тэр жил хязаалан 400 хүрч уралдаж байсан юмдаг. Түүнээс нэг жилийн хойно соёолон үрээ хурдан байсан ч хүүхэд нь ойчоод 11-ээр сул орсон. Уг нь Айдасын даваан дээр 4, 5, 7-оор зарлагдаад л явсан юм. Халхын довтой адуу л даа. Тэгээд Онон ахдаа жижигхэн сэтгэлийн бэлэгтэй очиж байлаа. Дараахан нь Төр хурхын сангийн аж ахуйн ой болж, тэнд соёолон үрээ анх айрагдаж, залгуулаад Налайхын наадамд айрагдаж анхны медалийг авчирч байсан юм.  Медаль гэдэг юм тэр үед ховор байлаа шүү дээ. Тэр утгаараа урам зориг ч их нэмсэн. Ингээд халзан азарганы төл, түрүүн ярьсан цавьдар даага, дараа нь миний хээр азарга гарсан.
-Хээр азарганы эх нь хаанахынх вэ?
-Эх нь Төв аймгийн Сэргэлэн сумын “Япон” хэмээх Жанчив гэж хүний унаган адуу. Баянгийн Бүрд, Налайх хавиар нутагладаг байсан юм. Тэр өвгөний хонгор азарганы төл сартай хонгор хязаалан 80-аад оны үед улсын наадамд айрагдаж байсан юм билээ. Тэр хонгор азарганы төл цэхэр нүдтэй хүрэн байдасыг би Жанчив гуайн адууг нэг жил малласны хөлсөнд нь авсан юм. Миний хүрэн байдасны эх тал нь Сэргэлэн сумын Магалжавын алаг адууны угшилтай. Цэхэр хүрэн гүү халзан азаргатай нийлж хээр азарга гарсан юм. Харамсалтай нь хүрэн гүүгээ охин төлтэй нь  хулгайд алдчихсан. Нэг хэсэг Налайхад хулгай нүүрлэчихсэн байлаа шүү дээ. Дандаа хурдан угшил удамтайг нь түүж авдаг тийм муухай жудаггүй үе таарсан юм.
-Мэддэг л хүн авч дээ?
-Тэр тийм шүү. Олон сайхан хурдан адуугаа Богдын хүрээний хулгайч нарт алдсандаа одоо ч харамсдаг. Хээр азарга хусран даага АХ-ын 80 жилийн ойгоор  Айдасын даваан дээр гарч ирээд эцчихсэн. Бодвол би муу уяач байсан юм байлгүй. Найман  даага мордуулахад нэг нь айрагдаж, бусад зургаа нь 60 хэд дотор давхиж байсан юмдаг. Тэр наадмаар. Сайн адууг дааганд нь  талхи гэдэг болохоор алзахгүй ээ л гэж бодсон. Дараа жил нь цагаан сараар МУ-ын Алдарт уяач цол авчихаад, 2002 оны улсын наадамд хээр азаргаа шүдлэнд нь таваар давхиулахдаа баярлаж үзээгүйгээрээ хөөрсөн дөө. Өөрийн унаган адуу айрагдаж, Алдартыг маань баталсан хэрэг шүү дээ. Унаган адууг айрагдуулчихаад зогсож байхад их олон юм бодогддог юм билээ. Дараа нь хязаалан үрээ Өвгөн ноёнд очиж айрагдан, соёолон үрээ Өвөрхангайд болсон төвийн бүсийн даншигт түрүүлж, улсад 15-аар давхисан. Хавчиг азарга нимгэхэн байсан болохоор тэр жил өнжсөн юм. Эрдэнэмандалынхаа 80 жилийн ойд их муу уралдсан. Гарч зугтаалгаад тэгээд суугаад долоогоор давхичихсан юм. Тэгэхэд “хээр маань үнэхээр хурдан адуу шүү. Хэзээ нэгэн цагт сайн давхина, ер нь довтой адуу” гэж нутгийнхандаа хэлж байлаа. Тэгсэн 2006 онд Тоглохын талд болсон даншиг наадамд Магнай халтар тавлаж,  Жигүүр хул зургаагаар, миний хээр долоогоор давхидаг юм.
 -Соёмбо хүрэн түрүүлсэн биз дээ?
-Тэгсэн. Жанчив гуайн буурал азарга дөрвөөр давхиж байлаа. Тэр олон довтой адуунуудтай уралдаж долоогоор давхина гэдэг бахадмаар амжилт шүү дээ. Дараа жил нь 2007 онд миний хээр азарга дэндүү хурдан байсан даа. Хотгойдод аман хүзүүлж, Их хурдад тавласан. Аргагүй л дийлэх адуугаа дийлсэн, дийлдэх адуундаа дийлдсэн. Ер нь уяач хүн ялж, ялагдаж сурах ёстой байдаг юм. Наадам болгон эзэнтэй байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.
-Жанчив  гуайн буурал тань дээр байгаа билүү?
-Авзагын Мэндбаяр Жанчив гуайгаас аваад Бат-Эрдэнэд бэлгэнд өгчихсөн. Хөл нь жаахан эвгүйрхээд уралдуулахгүй байгаа. Нэгэнт л сайн гэдгээ баталчихсан адууг үйлийг нь үзэж хэвтүүлж, доголгоод яахав гээд би ч нэг их хүчлэхгүй байгаа. Наадам нэгээр дуусахгүй шүү дээ. Харин буурал азарганы төл буурал хязаалан үрээ овоо давхих янзтай байгаа.Эх нь Дорнод аймгийн Матад сумын адуу. УИХ-ын гишүүн Батбаяр ахад нэг найз нь бэлэглэсэн юм билээ.
-Алдартынх азарга сайтай  юмаа даа янз нь?
-Ах нь 11 азарга адуутай. Миний өөрийн халзан азарганы маань угшлын гурван азарга байна. Гурван азаргандаа өөр угшлын гүү хураалгаж, адууныхаа цусыг сайжруулахаар оролдож байна. Голдуу Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн гүүнүүд хураалгасан. Одоохондоо Архангай нутгийн гүү байдаггүй. Тэр олон адуун дотор нутгийн ганц гүүгүй л хүн шүү дээ би. /инээв/ Уул нь манай нутаг гүү сайтай л даа. Хувьчлал гээд айл болгон шахуу адуутай болж, дуртайгаараа азарга тавьсаар манай нутгийн адууны удмын сан нь айхтар алдуурсан юм байна лээ. Намайг хүүхэд байхад эмээ маань нэгдлийн гүү саадаг байсан. Тэр үеийн гүүнүүд ямар сайхан байсан юм. Тэр сүүтэй, сав сааль сайтайг нь хэлээд юу гэхэв. Тийм сайхан сав сааль сайтай гүү ер нь одоо ховордсон юм шигээ.

Нэг өдөр улсын наадмын хоёр айраг хүртсэн нь миний амьдралын бяр амтагдсан жаргалтай мөчүүдийн нэг

-Уяач хүний хамгийн том шалгуур хурд таних эрдэм. Та юуг нь илүүтэй онцолдог вэ?
-Миний шинжиж авсан адуу цөөхөн л дөө. Уяачид өөр өөрийн уяа, нутагладаг нутаг усандаа тохируулж авахыг боддог байх. Би ч мөн адил. Миний адуу ямар нутагт нутагладаг билээ, миний уяаны арга барил ямар билээ гэдгээ эхлээд тооцно. Би голдуу адууны хөрсийг л хардаг юм. Хөрс зузаантай, туурай ул сайтай, залгаа сайтай бол давхичих гээд байдаг санагддаг. Мэдээж угшил удмыг хамгийн түрүүнд харах ёстой. Ямартаа ч миний шинжиж авсан адуу муу байдаггүй л юм.
-Сэтгүүлийн маань уламжлалт асуулт. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадмынхаа дурсамжаас хуваалцах байдаг юм?
-Уяач хүнд морио айрагдуулж, түрүүлгэх шиг бахдал хаана байхав. Тэр тусмаа наадамд морь, хүүхэд мэнд сайхан давхиж, сэтгэл тэнэгэр наадаад буцах ч ай даа мөн ч сайхан шүү. Гэхдээ тэдгээрээс 1996 оны АХ-ын 75 жилийн ой, Тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ойд оролцоод хоёр айраг авсан нь миний амьдралын бяр амтагдсан жаргалтай мөчүүдийн нэг. 1996 онд Хан уулынхаа ард, Хатан Туулынхаа хөвөөнд халзан азаргаа гуравт давхиулж, цавьдар даагаа аман хүзүүдүүнд хурдлуулчихаад явж байхад энэ хорвоод надаас жаргалтай хүнгүй шиг санагдаж билээ. Тэр жил 500 гаруй азарга, 400 гаруй даага уралдсан юмдаг. Тэрнээс хойш хурдан тууртын хишиг тасраагүй ээ.
-Алдартын хүүхдүүд аавыгаа дуурайсан моринд хорхойтойдог шүү?
-Би гурван хүү, нэг охинтой. Том хүү Ариунболд зэвсэгт хүчинд ажиллаж байна. Цаг зав нь гарахгүй байгаа болохоос миний хүү сайн уяач л даа. Гэхдээ нүүрэн дээр нь хэлж байгаагүй юм байна. Харин дунд хүү Ариунтулга 15 настайдаа Батцэнгэл сумын Алдарт уяач болсон. 15 настай сумын Алдарт уяач миний хүүгээс өөр байдаг үгүйг мэдэхгүй юм. Миний хүү өөрөө морио уяж, Хайрхан, Батцэнгэл суманд сайн уралдсан. Нутгийнхан уул усныхаа нэрийг гаргах сайн уяач болох нь гээд урамшуулж байгаа. Одоогоор сумын 10 айраг, түрүү авчихаад байгаа юм. Их л ажилсаг хүн  дээ. Ер нь хоёр том хүүгээ сайн уяач  болно гэж боддог. Бага хүү 5 дугаар анги. Энэ жил л томдоод унаанаас хасагдлаа. Харин охин маань 9-р ангид сурдаг даа.
-Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явдаг уяачийн гэргий ачааны хүндийг үүрдэг гэдэгтэй санал нэгдэх үү?
-Тийм шүү. Шөнөжин адуу манаж ирчихээд гэргийнхээ халуун хоол цайг идэхэд тэр дороо л алжаал тайлагдана. Гуньж гутсан үед сэтгэл өөд нь татна. Хамгийн түрүүнд жаргал зовлонг маань хуваалцдаг хүн хань л шүү дээ. Бүх л уяачийн хань гэр бүлийнхэн бүгдээрээ л уяач болчихсон байдаг юм.
-Таны эхнэр багадаа морь унаж кинонд тоглож байсан гэдэг бил үү?
-Тиймээ, “Бушхүүгийн үлгэр” кинон дээр гардаг хар азарга унасан хүүхэд манай гэргий байгаа юм. Налайхын голын сунгаан дээр тэр зургийг авсан юм билээ. Тэр үед манай хадам аав нэгдлийн адуучин  байсан гэдэг. Миний хань адуутай айлын удам судартай хүн. Манай хадам аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Очир гэдэг хүн байсан. Аавын хул морь нь 1967 онд улсын баяр  наадамд аман хүзүүдэж байсан гэдэг юм. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг шиг морь мал мэддэг сайн хүний үртэй суусан нь өнөөдөр энэ зэрэгтэй явахын үндэс болсон гэж боддог. Аливаад амжилт гаргахад гэр бүлийн хүний дэм их үүрэгтэй байдаг юм билээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Уясан хүлгэд нь хурдан байж тод магнай, торгон жолоогоо өргүүлж яваарай. Манлай уяач болоход тань баяртайгаар уулзая.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсч, нэр шигээ тод байхыг ерөөе. Мөн Монголынхоо бүх уяачдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, та бүхний минь морь хурдан, уяа нь эвлэг, үр хүүхэд нь эрүүл саруул сайн сайхан байх болтугай гэж ерөөе.  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна