Сэтгэлийн зул

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 12 -нд

Дуу хуурын өлгий Дундговь нутгаар овоглосон нэгэн гэр бүлийн гурван Алдартын нэг Дэлгэрцогт сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Цэрэндагвын Хүүхэнбаатар ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурхны оронд одлоо.
Цэрэндагва Алдартынх долоон хүүхэдтэй, хамгийн ахмад нь буюу ууган хүү Ц.Хүүхэнбаатар эцгийн шийрийг хатаасан уяач болжээ.
Ц.Хүүхэнбаатар эмээ өвөөгийн хүүхэд. Тэрээр ээжийнхээ аав ээж дээр өсөж, өвөөгийнхөө уясан морьдыг унадаг байжээ. Өвөөгийнх нь уясан болгон шахуу айрагддаг нутаг орондоо шаггүй уяачид тооцогддог нэгэн байв. Тиймдээ ч байсхийгээд л бооцоот уралдаанд оролцож хийморио сэргээх дуртай байжээ. Ямартаа л нэгэн удаа “хорин хэдэн адууг бол хөтлөөд явчихаж болдог. Харин хорин хэдэн гутлыг бол яагаад ч авч явж чаддаггүй юм билээ” хэмээн хуучилж суусан гэдэг.
Тэр хавийн моринд дуртай эрчүүд байсхийгээд л бооцоо тавин морь уралдуулдаг байсан бөгөөд ихэнхдээ 20-иод тооны адуу уралддаг . Тэгээд түрүүлсэн хүн нь бооцоогоо авдаг байжээ. Алдартын өвөө хэд хэдэн удаа мөрийгөө авч байсан бөгөөд өмссөн гутлаараа бооцоолсон уралдаанд түрүүлчихээд хорин хэдэн хос гутал авч явах гэж хэрдээ хөглөсөн хэмээн хуучилдаг байсан гэдэг.
 Өвөөгөөсөө уяаны эрдмийн А үсэг заалгаж, нагац ах Нямынхаа морьдыг унадаг байсан Ц.Хүүхэнбаатар Алдарт уг нь жолооч мэргэжилтэй. Яаж ийж байгаад зургадугаар сарын 10-даас нэг их хэтрэлгүй амралтаа аваад л морины ажилдаа орно. Тэр болтол нь аав дүү нар нь уях адууных нь хөндүүрийг гаргаад бэлдчихсэн байдаг байж.
Ц.Хүүхэнбаатар аавынхаа хамтаар АХ-ын 54 жилийн ойгоор анх удаа улсын наадамд уясан хүлгээ сойсон бөгөөд 1988 онд хар соёолон үрээ нь айргийн тавд хурдлан төрийн наадмаас анхны айргаа хүртэж байжээ. 1991 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойд хязаалан хээр үрээгээ түрүүлгэж, Монголын хамгийн анхны даншиг наадмаас түрүү хүртэж явсан сайн уяач.
Түүнээс хойш тэрээр улс, бүсийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг,  жижиг наадмуудаас олон зуун айраг, түрүү  хүртсэн түүхтэй.  Ц.Хүүхэнбаатар Алдарт аавынхаа бий болгосон угшил сайт адуугаар нааддаг байсан бөгөөд хөвгүүд нь эцгийн шийрийг хатаан хурдан хүлгэдээ уяж сойдог юм.
Морь уях төрийн их хэрэгт шимтэн Монгол түмнээ цэнгүүлэх их үйлсэд хүчин зүтгэж явсан Алдарт уяачийн маань хичээл, зүтгэл, сэтгэл, гэгээн дүрийг  моринд хайртай Монгол түмэн үеийн үед дурсах болно.
Ум сайн амгалан болтугай.
“Тод магнай” сэтгүүлийн хамт олон

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна