Аймгийн Алдарт уяач Д.Сандагдорж: Гэсэрваанийн Их хүрэн, Дамдингийн хүрэн зэрэг азарганууд Сөөнөн угшлын адуу

Тэлмэн
2015 оны 1-р сарын 13 -нд

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамдингийн Сандагдорж өнөөдрийн зочин хойморт саатаж байна. 1935 онд Чулуут бригадын нутаг Мухарт хэмээх газар төрсөн буурал уяач өдгөө нас сүүдэр ная хүрч яваа ч ухаан санаа цэлмэг, үг хэл хурц нэгэн аж. Түүнийг Жаргалтхаан сумын “морины нэвтэрхий толь” хэмээсэн нь нүдээ олсон тодорхойлолт байж гэдгийг ярилцах зуураа мэдэрсэн юм. Ингээд  Алдартын ярианд анхаарлаа хандуулахыг урьж байна.
-Өөрийг тань “Жаргалтхаан сумын морины нэвтэрхий толь” хэмээх юм билээ. Нутгийн хурдан хурц хүлгүүд, тэдгээрийн удам угшлын талаар манай уншигчдад ярьж өгөөч?
-1920 хэд, 30 хэдэн оноос эхэлнэ. Тэр үед би төрөөгүй байсан ч дуулсныгаа ярья л даа. Манай сум бол дээхнэ үедээ Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошуу гэгдэж явсан Номун ханы отог дэлгэр сайхан нутаг л даа. 1923 онд үүсгэн байгуулагдаж 2013 онд 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр сайхан тэмдэглэсэн. Дээхнэ үедээ хурдан адуутай сайн уяач гэгдэж явсан хүмүүс бол Цэнд зайсан, Лувсанбазар, Сүхийн Шагдар, Ханд, Лувсандорж, “азарга” Намдаг, Жалбаа тайж, “хамар” Жанлав, Намсрайжав, Намсрай, Чадраабал, “мөлүү” Гомбо  зэрэг юм. Дунд үедээ Банзрагчийн Даш, Сөөнөн Гомбо нарын уяачид мандаж явлаа. Сөөнөн Гомбо бол их хурдантай. Адуу нь их тарсан уяач. Адууны тухайд гэвэл манай энэ хавь чинь олон хурдантай байсан газар. Лувсанбазарын Өнчин хээр, Цэнд зайсангийн Самбаа цагаан хээр гэж алдартай хүлгүүд байлаа. Эд бол 1930-аад оны үед хурдалж байсан хүлгүүд. Тэдэнтэй цуг Зоригтын хошууны Донойн Замбага хээр гэдэг морь ид уралддаг байсан гэдэг. Тэр үед урд талдаа Жалбаа тайжийн зээрд морь, Намдагийн хар морь ид хурдан байсан юм гэнэ лээ. Ер нь манай Баатар бэйлийн хошуу  хөгжил сайтай лам олонтой, тухайн үедээ шашны боловсролоороо гайхагддаг байсан газар. 500 гаруй лам хуваргатай байсан гэдэг байх шүү.
-Та түрүүн Сөөнөн хэмээх Гомбын адуу их тархсан гэсэн. Энэ хавийнхан ч Сөөнөн угшлын адуу гэж их ярих юм. Энэ талаар дэлгэрүүлээч?
-Сөөнөн Гомбын адуу аргагүй хурдан л даа. Анхны Манлай уяачдын хоёр нь л лав Сөөнөн Гомбын адуугаар амжилтанд хүрсэн. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат анхны 11 Манлайн нэг Гэсэрваань, Сэргэлэн сумын харьяат Манлай уяач Дамдин, “цагаан” Дугар нарын уяачид Сөөнөн угшлын адуугаар улсын цолонд хүрсэн. Уг нь нэр нь Цэвээний Гомбо юм шүү дээ. Сөөнөн гэдэг нь хоч нь байгаа юм. Дээхнэ үеийн хүн болохоороо бичиг үсэгт тааруу, хүн бүл цөөтэй, хэдэн хүүхдүүд нь бүтэмж муутайгаасаа болоод  энэ адуу одоо дуулдахаа байж л дээ. Тэрнээс Гомбо гуай бол жинхэнэ адууны хүн. Морь таних, уях тал дээрээ онцгой чадвартай. Нэг гэм нь наймаа худалдаанд хачин муу. Сүүлдээ хөөрхий бие нь муудаад хэвтэрт орж, албан журмын төлөвлөгөөгөө биелүүлж чадахаа байгаад хэдэн адуугаа зарсан даа. Хэдэн сайхан хурдан үрээг нь манай сумын Манал гэдэг хүн аваад суманд түрүүлгээд л байсан. Сөөнөн Гомбын адууг тэгэхээс яахав.1957 онд “Хөгжил” нэгдлийн 20 жилийн ой гээд их том наадам боллоо. Тэр үед тийм том наадам болж байгаагүй. Нас болгонд доод тал нь 100 гаруй морь уралдахад манай Жаргалтхааны Намсрайжавын халиун морь аман хүзүүдэн, хоёр соёолон дараагаараа ирж, Долгоржавын даага түрүүлж байсан юм. Тэр наадамд Маналын хоёр үрээ айрагдсан.
-Гэсэрваань Манлайн алдарт их хүрэн Манал гэдэг хүнээр дамжиж ирсэн байдаг. Тэгэхээр Сөөнөн угшлын адуу болох нь ээ дээ?
-Тэгэлгүй яахав. 1958 оны улсын баяр наадамд Манал хоёр үрээтэй очиж хүрэн соёолонгоо түрүүлгэн, хүрэн хязаалангаа аман хүзүүдүүлсэн. Түрүүлдэг соёолон нь хожмоо Гэсэрваанийн Их хүрэн гэж алдаршсан хурдан азарга болсон бол аман хүзүүдсэн хүрэн үрээ нь Манлай уяач Дамдингийн улсад хоёр түрүүлсэн хүрэн азарга шүү дээ. Манал тэр хоёр хүрнээр зогсоогүй ээ. Уван цуван азаргаар нь аваачсаар Сөөнөн Гомбын адууг Төв аймаг, Улаанбаатар хот хавиар тарааж цөмийг нь дуусгасан.
-Зөөлөө, зөөлөө гэхэд ганц нэг үрээ үлдээ байлгүй дээ?
-Бий нь ч бий. Өвгөн Маналд адуугаа өгөхдөө хоёр хүрэн, нэг бор гурван үрээ, хэдэн байдас авч үлдсэн юм билээ. Өөрөө уяж чадахгүй ч харж байя гэж санасан уу. Эсвэл хүн амьтнаар уяулъя гэж бодсон уу. Ямартай ч хэдэн адуу авч үлдсэн байсан. Тэгсэн бор үрээг нь манай сумын Батын Доржсүрэн өвгөн хөгшнөөс нь нэлээд үнээр аваад, хавчигт азарга суманд айрагдуулж байсан. Доржсүрэн гуай аймгийн Алдарт уяач, аймгийн Арслан  цолтой хүн л дээ. Тэр бор азарганы удам угшил манай сумын зүүн хойд багаар их тарсан. Тэдний хүргэн Махбал сүүлдээ их хурдтай хүн болсон л доо. Өөр манай энүүгээр Сөөнөн Гомбын угшлын адуутай хүн бол мянгат малчин Балжирын Хуяг юм. Доржсүрэн гуайн бор азарганы удам юм уу, өөр хэлбэрээр нэг адуу очсон юм билээ.
-Жаргалтхаан суманд их яригддаг өөр нэгэн бэсрэг угшил Чанцалын саарлууд. Энэ талаар та хэр мэдэх вэ?
-1951 оны үед Чанцал гуай Галшар, Буянт суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм билээ. Би хугацааг нь нарийн мэдэхгүй байна. Тэнд хэсэг ажиллаж байгаад буцаж нутагтаа ирснийхээ дараа хүн дагуулж яваад Галшарын Аниахүү, Буянтын улсын сайн малчин “хамар”  хэмээх Лувсан нарынхаас саарал даагатай хээр гүү, охин саарал даага авчирсан юм. Аниахүү гэдэг нь хөх Цэрэнгийн хурдан хээрийн угшилтай хурдан хээр адуутай хүн юм байна. Харин Лувсангийнх нь Дөмбөн шарга гэдэг азарга шүдлэндээ улсын наадамд айрагдаж байсан юм билээ. Ийм хурдтай айлуудаас авсан адуу давхилгүй яахав.
Энэ хавийнхан Чанцалын Их саарал гэхээр андахгүй. Тэгж байтал 1960 хэдэн онд манай суманд Галшарын аль дөмөг угшлын 5-6 гүүтэй хонгор азаргатай Эмгэний Шагдарсүрэн гэдэг ирлээ. Шагдарсүрэн гуай  архинд нэлээд дуртай. Сүүлд нь бид танилцаад манайхаар орж гадаг болсон л доо, хөөрхий. Тэр үед Чанцал гуай худалдаа бэлтгэлийн агентад ажилладаг байсан юм. Нэг өдөр өвгөн архи ууж байгаад Чанцал гуайд “хоёулаа наймаа хийнээ” гэж байна. Нөгөөх нь ч “за” л гэлээ. Тэгсэн Шагдарсүрэн гуай “би чамд хонгор унагаа мянгаар өгье, чи ав. Миний хонгор азарга бол Донойн Цэгмидийн Бөгөн хулын үр Гарьд хонгор гэдэг азарганы үр. Бага гурван насандаа Галшард гүйцэгдээгүй адуу даа” гэж байна. Чанцал гуай мянган цааснаас нь архины үнийг суулгаад өгөө биз. Хонгор унагыг нь авчихсан байсан. Тэгснээ дараа жил нь байхаа, дааганыхаа эхийг ав гээд дахиад Чанцал гуайд өгчихөж. Ингээд даага, гүү хоёртой болсон юм чинь Чанцал гуай мэдээж том сааралдаа хураалгана биз дээ. Тэгээд гарсан нь бага саарал нь. Бага саарал 1973 онд  аймгийн 50 жилийн ойд түрүүлж, сумандаа гурав түрүүлсэн. Нэг үе босоо байсан адуу л даа. Өөрөө хурданаас гадна үр төл сайтай адуу. Бага сааралтай уралддаг байсан адуу бол аймгийн Алдарт уяач Цэдэн-Ишийн хүрэн азарга. Саарал нь аймагт нэг түрүүлсэн, Цэдэн-Ишийн хүрэн нь аймагт хоёр айрагдсан. Тэр үед одоотой адилхан чөлөөтэй байгаагүй болохоор  сайхан хурдан буянгууд улсын наадамд очиж чадаагүй байх. Нээрэн Чанцалын саарал нь 1973, 74 оны үед улсад очиж 12-т орсон гэдэг байх шүү.
-Сандагдоржийн хар азарга гэхэд Чанцалын саарлын удамтай гэгддэг юм билээ?
-Эх талаасаа Чанцалын саарлын угшилтай гэдэг юм. Манай эндхийн Төртогтохын халтар, Цэнхэрмандалын Сандагдоржийн хар гээд сайн адуунууд цөм саарлуудын угшилтай. Шагдарсүрэн гуайн адуу Цэнхэрмандалыг их сүлсэн шүү. Манай адуу, Цэдэн-Ишийн адуу ч  ялгаагүй.
-Авдай адуу гэж бас ярих юм?
-Авдай гэдэг бол Жаргалтхаан сумын харьяат Батын Доржсүрэнгийн адууны угшил юм гэнэ лээ. Одоо 90 хүрсэн хөгшин хотод байдаг сураг дуулдсан шүү. Гүрийн Лувсандорж гуай адуугаа сайжруулах гэж Доржсүрэн гуайн азаргыг тавьж байсан юм гэнэ лээ.
-Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Лувсандорж гэгч 1959 онд Доржсүрэнгээс хээр даагатай хусран гүү авч, тэр жилээ хээр даагаа улсын наадамд түрүүлгэж, дараа жил нь шүдлэн үрээ Хэнтий аймгийн баяр наадамд мөн түрүүлгэсэн гэдэг. Тэр хээр үрээ нь хожмоо хурдан азарга болж Авдай адуу гэгдэх болсон хэмээн сонсч байсан юм байна? 
-Магадгүй л юм. Худлаа яриад яахав, Авдай адууны талаар баттай сайн мэдэхгүй юм.
-Тэгвэл яриагаа хувь хүний тань тухайд үргэлжлүүлье. Анхны Алдартуудын нэг хэмээн тодорхойлсон. Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан юм бэ?
-2005 онд авсан. Манай сумын хамгийн анхны Алдарт уяач бол Дагвабүслүүр. Тэрний дараагаар таван хүн Алдарт болсон юм. Одоо надаас бусад нь байхгүй ээ. Дөрвүүлээ цувраад бурхны оронд явчихлаа.
-Сандагдорж Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-Би 21-тэйгээсээ эхлээд найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр морь уясан. Уяачид гэдэг бие биенийгээ дэмжиж, хөхүүлж, хөөрүүлж байдаг улс. Миний найз, сайн уяач Сосор маань намайг моринд ороход их нөлөөлсөн. Хурдан адуу заяасан нь бас их түүхтэй. Мөнөөхөн түрүү ярьсан Галшарын Эмгэний Шагдарсүрэн гэж хүнийг манай нутагт ирэхэд Цэдэн-Иш адууг нь 5-6 жил маллаад өгөхдөө нэг охин даагаар шагнуулсан юм билээ. Түүнийгээ аймагт айрагддаг хурдан зээрд азаргандаа хураалгаж. Яагаав би дээр ярьсан шүү дээ. Чанцалын сааралтай уралддаг байсан ганц азарга гэж. Тэр чинь. Хэдэн жилийн дараа нэг эр унага гарсаныг хамаатны Цэрэндорж гэдэг өвгөнд бэлэглэчихэж. Тэрний дараа гарсан төл нь миний авдаг хүрэн халзан үрээ юм. Эх нь намар оройдоо эмгэг тусч хорогдоод өнчин унага үлдэж, соёолон болсон жил нь зургаан сарын 15, 16-наар би авсан. Тэгэхэд би нэгдэлд нягтлан бодогч хийдэг. Айлуудын малыг тоолдог байсан юм. Нэг зун тооллогоор Цэдэн-Ишийн наахна байдаг Бадарчийнд очтол нөгөөх чинь хоол унд хийгээд, “чамтай ярих яриа байна аа хө” гээд л сүйд болж байна. Гэр бүлийн хүн нь миний морийг унаж айрагдуулж байсан Цэрэндулам л даа. Тэгээд “Цэдэн-Ишийн уяан дээр аятайхан халзан үрээ байна. Чи одоо морь авахтай боллоо. Нэг хурдан морь худалдаж ав” гэж байна. Тэгээд л Цэдэн-Иштэй ярьж байгаад нөгөө үрээнд нь мянган төгрөг, бяруутай үнээ өгөхөөр болж, хэд хоногийн дараа ирж үрээгээ авахаар тохирлоо. Тэдний үхэрт миний бяруутай үнээ байсан юм. 5-6 хоногийн дараа очоод тохирсон ёсоороо мянган төгрөгөө бэлэн өгөөд үнээ, бяруу хоёроо аваарай гэчихээд сайхан идэж уулаа. Тэгээд явахын алдад хазаараа солиод, халзан үрээнийхээ эргүүлгэнд хадаг уясан Цэдэн-Иш “чи яах вэ, хазааранд нь нэг адуу өгнө биз” гэж байна шүү. Хэдэн жилийн өмнө 300 төгрөгөөр авсан буурал хээр морь байсан. Тэрнийгээ дор нь зүсэлчихлээ. Ингээд л халзан үрээгээ авсан даа.
-Өгсөн авсандаа өлзийтэй байсан бололтой. Тийм үү?
-Халзан үрээ хурдан байсан. Авангуут Сосор маань нэг, хамаатны улс хоёр гүү хийгээд гурван гүүтэй болгочихдог юм. Тэгээд Сосор маань 30-аад км газрын зайтай алсхан  газар маллаад байгаа. Тэгээд уялаа. Морь сайн л уяна л даа. Манай Сосорт өө байхгүй. “Булуу” Жамбалын зээрд гэж суманд түрүүлж, айрагддаг азаргатай хоёуланг нь давхиулдаг юм байна. Тэгсэн чинь зээрд азаргаа дийлээд дунд сунгаанд түрүүлчихлээ. Сосор маань хэр хэмжээгээр сайн уяа биз. Тэгж байтал сумын наадам болж, Жамбалын зээрд түрүүлж, миний халзан 14-15-аар ордог юм.Хойтон жил нь /1977 онд/  нэгдлийн 40 жилийн ой болж Сосор маань уяад арван хэдээр давхиуллаа.Иймэрхүү байдалтай хэдэн жил өнгөрлөө. Нэг хавар манайх Чанцал гуайнхтай хамт хаваржиж, сайхан танилцлаа. Тэгсэн өвгөн “би уг нь нэлээн дээхнэ үед чамд нэг адуу өгнө гэж амласан. Давхихаар адуу өгнө гээд чадахгүй л яваа юм” гэлээ. За тэгээд өнгөрлөө. Тэр хаваржаан дээр байхад миний дэргэд Равжир олон мянган төгрөг, тугалтай үнээ, юу юу ч юм мэдэхгүй өгөөд хээр азаргыг нь худалдаад авчихлаа. Зургаан сарын үед төлөө хүлээлгэж өгчихөөд гэртээ байж байтал хүүхдээр “хүрээд ир” гэж хэлүүлсэн байна. Тэднийх энүүхэн зүүнтээ ойрхон л доо. Очсон чинь нэлээд согтуу байнаа. Танихгүй хүмүүс ч ирчихэж. Тэгээд надад “би чамтай наймаа хийнэ. Миний  хээр гүүг ав.Равжирын хээрийн дүү хязаалан гүү байгаа юм. Надад мянган төгрөг өгөөрэй” гэж байна.Намайг архи дарс уудаггүй, мөнгөтэй байгаа гэж бодсон байх л дээ. Би ч гэртээ ирээд хөгшиндөө хэлж мянган цаас нэг шил архитай аваад гүйлээ дээ. Тэгээд хээр гүүгээ авчихлаа.
-Халзан азаргандаа хураалгасан уу?
-Ээ, тэгэлгүй яахав. Халзан азарганы маань үр зөндөө сайхан хурдууд гарсан. Тэднээс ер нь айрагдаж, түрүүлээгүй адуу байхгүй дээ. Ялангуяа бага насандаа илүү давхидаг юм. Тэрнээс нь болоод намайг улс даага сайн уядаг гэцгээдэг байсан. Сөнгө даагыг бол эвийг нь олоод уячихаад л байдаг юмаа. Ганц даага гэхгүй л дээ. Хонгор, халтар, халиун, хүрэн зүсмийн олон хурдан морьд гарсан. Харамсалтай нь муу улс зөөчихсөн. Сум орны бүтэлгүй улс их зөөсөн дөө. Хүргэн бид хоёрын адууны аль сайныг нь түүчихсэн. 12-оор нь ч аваад явчихна, таваар нь ч аваад явчихна. Хоёр, нэгээр бол яриад яах вэ, зөндөө авсан. Сүүлд Чанцал гуайгаас авсан хээр гүүнээс хээр унага гарч даагандаа гуравлаад, шүдлэндээ аман хүзүүдээд, хязааландаа хөл нь доголж наймлаад азарга болгосон.Сайхан хээр азарга болж хүргэн маань хээр гүү  хураалгаж, олон сайхан хурдан морьтой болсон.
-Хүргэн хүү залгамжлан морь уяж байна уу?
-Манай хүүхдүүдээс морь уядаг хүн байхгүй ээ. Хот хүрээгээр л явдаг юм. Харин хүргэн  маань морь уяж байна. Морь нь ч сайн давхиж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна