Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 09 -нд

Ардын хувьсгалын 57 /1978 он/ жилийн ойн баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг хоёрдугаар байрт шалгарсан явдал түүний үндэсний сур харвааны оргилд хүрэх гарааны эхлэл байлаа.
Залуу харваач Ч.Мөнхцэцэг 1982 оны улсын баян наадмын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харваач Балдангийн Цэндбазартай оноо тэнцэн, товхоо авч, лусын наадамд анх удаа түрүүлэн, Монгол Улсын Мэргэн цол хүртсэн түүхтэй. Түүнээс хойш 1985 онд Хошой мэргэн, 1993 онд Гоц мэргэн, 1994 онд Гарамгай мэргэн, 1997 онд Даяар дуурсах мэргэн, 1999 онд Дархан мэргэн цол хүртэж, улсын наадамд зургаан удаа түрүүлсэн амжилтаараа дээд амжилт тогтоожээ. Тэрээр улсын баяр наадмын харваанд 1978, 1992, 1995, 1996  онд хоёрдугаар байр, 1980, 1986, 1988, 2000 онд гуравдугаар байр эзлэн, зургаан удаа түрүүлж, найман удаа айрагдахдаа нэг ч удаа дөрөв, тавдугаар байрт шалгарч байсангүй. Энэ амжилт нь Дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн ямаршуухан чансааны харваач болохыг харуулж байгаа бодит түүх юм.
Халх харвааны арга техникийг гарамгай эзэмшсэн харваачийн нэг бол яахын аргагүй Ч.Мөнхцэцэг мэргэн байсан.
Ч.Мөнхцэцэг мэргэн хавар, зун, намартаа сурын талбайдаа цэц мэргээ уралдуулж, өвлийн улиралд мөсөн талбайд тэшүүрээр гулган, Монгол Улсын тэшүүрийн найман удаагийн аварга болж байсан мэргэн харваач, гарамгай тэшүүрчин байсан бөгөөд одоогоор сур, тэшүүр хорыг хослуулсан эмэгтэй харваач тодорч гараагүй байна. Харин эрэгтэй харваачдаас спортын мастер Д.Санжаасүрэн, Б.Жалбаа хоёр л сур, тэшүүр хоёрыг хослуулсан байгаа байх.
Улсын баяр наадмын харваанд таван удаа түрүүлсэн Ч.Мөнхцэцэг мэргэнд 1998 онд харваачид дундаасаа анхны Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг эрхэм цол хэргэм хүртэл хувь тавилан оногдсон билээ. Ч.Мөнхцэцэг мэргэн гавьяат цол хүртсэнийхээ хойтон жил буюу 1999 онд улсын баяр наадмын харваанд зургаа дахиа түрүүлж, хэр зэргийн харваач болохоо ард түмэндээ харуулсан юм.
Аливаа спортын төрөл тамирчин хүнээс асар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Ч.Мөнхцэцэг мэргэн хүүхэд төрүүлээд нялх биетэй байхдаа ч, ээж нь хүнд өвчтэй үхэл амьдралын зааг дээр байх үед ч наадмын харваандаа оролцож, өндөр амжилт үзүүлж байсныг олон ахмад харваачид мэднэ.
Дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн аав Р.Чойжсүрэн хошой мэргэн, эгч Ч.Мөнхтуяа, ах Ч.Мэндбаяр, нөхөр Б.Энхбаатар нар спортын мастер цолтой харваачид билээ.
Ч.Мөнхцэцэг мэргэний амжилтанд хүрэх, дээд амжилтыг өөрчлөн тогтоох хүсэл мөрөөдөл олон харваачийн сэтгэл зүрхэнд хадаастай яваа. Түүний амжилтанд ойрхон яваа харваачид гэвэл Ц.Хүдэрчулуун, Ш.Даваахүү, Л.Отгонбаяр, Х.Даваажаргал, Х.Оюунчимэг  нар төдийгүй олон харваачид Л.Отгонбаяр, Х.Оюунчимэг нарт илүүтэй найдлага тавьж байгаа болов уу гэсэн бодол миний сэтгэл зүрхэнд хааяахан орж ирдэг юм.
Дараачийн Дархан мэргэн цолтой харваачаар тодрох хүн эрэгтэй харваач уу, эмэгтэй харваач уу гэдэг нь оньсого мэт таавар тээсээр байна.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна