Аймгийн Алдарт уяач С.Батжаргал: Хул моринд маань 150 саяыг амласан ч эрхмийг бодоод өгөөгүй

Тэлмэн
2015 оны 3-р сарын 16 -нд

Хэнтий аймгийн Батноров  сумын уугуул аймгийн Алдарт уяач С.Батжаргалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Морь сонирхогчид түүнийг  зүүн бүсийн түрүү Дархан хул мориор нь андахгүй биз ээ.
-Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд хурдан хул морио түрүүлгэсэн хийморилог уяачтай уулзаж буйдаа баяртай байна. Хурдан хүлгийнхээ удам угшил, амжилтын талаар хуучлаач?
-Хул морь манай хадам аав, Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Адилбишийн Пунцагноров гэдэг хүний унаган адуу. Удам угшлыг нь нарийн хөөвөл Батноров сумын аль сайн адуу болгоны цус орсон адуу даа.
-Жишээлбэл?
-Аварга цоохор,Цэрэндоржийн цэхэр ухаа, дээр нь Бандгаадай Банзрагч, Гээнээ, Далиу Жунай гээд  энэ хавьдаа хурдаараа гайхагдаж явсан буянгуудын цус аль нэг талаараа орсон гэдэг юм. Хул морины  эх гүү 15-16 хүрчихсэн адуундаа явж байна. Хул морь эх талаасаа манай хадам аавын адуу. Харин эцэг талаасаа Бадаа Бааяа гэдэг хүний адуу болно.1971 оны хавьцаа юм уу даа, намайг аргамжаатай жаахан хүүхэд байхад надад шүдлэн үрээ бэлэглэж байсан юм гэнэ лээ.Жинхэнэ нэр нь Цагаачины Бадарчин. Одоо энэ Оюунбаатарын аав л даа.
-Бэлгэнд ирсэн адуу юу?
-Унага байхдаа хоёр ихэр хүүгийн маань нэгд бэлгэнд ирсэн адуу байгаа юм.Анх соёолон жил нь уяад, суманд 20 хэдээр давхиулсан. Дараа жил нь хавчиг морь сумын уяачдын холбооны наадам болон овооны тахилга, Бэрхийн наадамд тус тус түрүүлээд, давхар  уяагаар аймагт очиж аман хүзүүдсэн.
-Уралдсан болгондоо түрүүлж, айрагдаж байж?
-Тийм.2011 онд тав уралдаад гурав түрүүлж, хоёр айрагдсан.
-Нэг нь...?
-Баянхутаг сумын 80 жилийн ойд гурваар давхисан. 2012 онд  долоотой морь өнжөөгөөд, найм настай морь овооны тахилга, Бэрхийн наадам, сумын 90 жилийн ойд  тус тус түрүүлчихээд, давхар уяагаар аймгийн 90 жилийн ой зүүн бүсийн уралдаанд 334 моринд холхон шиг түрүүлж, нутаг орныхоо нэрийг дуурсгасан даа.
-Их морь түрүүлгэх уяачийн цээжин гүний хүсэл байдаг юм гэнэ лээ. Баярын совин татаж байв уу?
-Сумын 90 жилийн ойд хул морь түрүүлээд, хавчиг буудай морь таваар давхисан юм. Аймаг руу явахдаа буудай морио орхиод хулыгаа нэг  даагатай аваад явсан. Ний нуугүй хэлэхэд түрүүлнэ гэж бодоогүй ээ. Харин айрагдчих болов уу гэж бодож байсан.Зүүн бүсийн аль хурдан гэсэн адуунууд цугларчихсан байхад түрүүлж, айрагдахаас илүүтэй хүүхэд морь мэнд сайхан наадаад ирээсэй л гэж хүсдэг юм билээ. Харин  хул морийг унаж байсан миний отгон хүү Нямтөгс наадмын урьд орой ах нь унтуулах гэсэн “би маргааш танд дуртай юмыг чинь авч өгнө” гэж хэлсэн байсан. Түүнийг нь сонсоод би их бэлгэшээсэн юм. Тэгсэн нээрэн л маргааш нь  хол түрүүлж, ёстой дуртай юмыг нь авч өгсөн дөө. Тэр нь гадаа байгаа машин байхгүй юу./инээв/ -Түрүү морины байнд ирсэн хэрэг үү?
-Үгүй ээ түрүү морины бай 15 сая төгрөг байсан. Тэрнээс шимтгэлээ хасаад 13 сая 500 төгрөг гар дээр ирж, түүгээр нь гадаа байгаа машиныг нь авсан юм.
-Өнгөрсөн жил хул морь амжилтаа бататгаж, дахин аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн дуулдсан?
-Тэгсэн. Аймгийнхаа наадамд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдээд байгаа юм. 2011 онд хавчиг жил нь Хүдэрбаатарын хүрэн морь түрүүлж байсан.
-Иртэй хурдан байгаа дээр нь улс, бүсийн наадамд уралдъя гэж бодох юм уу?
-Явъя гэж бодож л байсан. Ар гэрийн гачигдал гараад  хадам хөгшин маань өнгөрөөд явж чадаагүй. Энэ жил морины байдлаа харж байгаад гайгүй бол явах санаа байна. Өөр уралдчихаар ганц нэг морь бас гарч ирж байгаа. Аймагт соёолондоо есөөр давхисан будан мориндоо найдлага тавьдаг юм. Хурхын 30 жилийн ойд түрүүлээд энэ хавиараа нэлээд хэд орчихсон адуу.
-Хурдан хулд нь нөлөө бүхий бизнесмен өндөр үнэ амласан ч өгөөгүй хэмээн нутгийнхан тань ярих юм билээ.Тийм явдал болсон юмуу?
-“Авзага трейд” ХХК-ийн  захирал Мэндбаяр гэдэг хүн ирээд 150 сая төгрөг амлахаар нь “нутгийнхаа нэрийг гаргаад  хурдалж байг” гэж бодоод өгөөгүй ээ.Ажиглаад байхад хотын томчууд орон нутагт хурдалж байгаа сайн адуунуудыг үнэ цохиж аваад очсон хойноо ганц нэг түрүүлж, айрагдуулаад л сургийг нь таслах юм. Тэр утгаар нь мориныхоо эрхмийг бодоод өгөөгүй ээ.Мөнгө хэрэгтэй ч мөнгө шүү дээ.150 сая гэдэг хөдөөгийн малчдад амьдралыг нь 180 градус эргүүлэх хэмжээний мөнгө байж мэднэ. Гэхдээ малчин хүн, тэр тусмаа уяач хүн хүлэг морио хайрладаг байх ёстой. Зарим хүн “150 саяд өгчихгүй алдлаа  даа” гээд зэмлэх маягтай байдаг.Зарим нь болохоор “чамд ёстой их баярлалаа.Сайхан буянг хадгалж, энэ нутгийн адууны үнийг өсгөлөө” гэдэг.
-Хул мориныхоо амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн үү?
-2011 онд сумын Алдарт болоод, 2014 оны тавдугаар сарын 9-нд аймгийн Алдарт уяач цолоо авсан.Мөн өнгөрсөн жил МУ-ын Манлай хүлэгч цолыг авлаа.
-Алдартын урмыг тэтгэсэн аргамаг хурдан хүлгүүдээ манай уншигчдад танилцуулаач? Түрүү хурдан будан морины тухай ярина билээ?
-Би будан морио шүтдэг юм.Хул мориноосоо илүү ч байх гэж боддог шүү. Тэрийг нь мэдэх хүмүүс “Батжаргалаа чи хул морь шигээ сайн уяарай” гэдэг. Сайн адууг гамгүй уяад үрээд хаячихвий гээд жаахан хайрлаад байгаа. Миний будан морь засаг Балжирын адуу.
-Засаг Балжираа...?
-Тиймээ, хуучин Идэрмэг сумын нэгдлийн адуу малладаг байсан хүн л дээ.Тэр өвгөний адууны угшилтай. Эх нь манай сумын Аварга цоохорын угшилтай. Будан мориноос гадна сая зураг авахуулахдаа унасан бага хул морио нэлээд тоодог. 2014 оны сумын наадам болон Баянхутагийн 80 жилийн ойд тус тус дөрвөөр давхиад, аймгийн наадамд хоёр ч удаа арав гаргаж давхисан адуу байгаа юм.
-Их мориор голдуу нааддаг юмаа даа?
-Би хатуу талдаа уяатай хүн л дээ. Их морь уяа даахдаа илүү байдаг. Тэр утгаараа бүдүүн адуунд таараад байх шиг байгаа юм. Надад уяа сойлгын тал дээр ганц зөвлөж байдаг хүн бол сумын Алдарт уяач Чимэддоржийн Гансүх буюу олон түмэндээ загвар Ганаа гэж алдаршсан сайхан хүн бий. Манай энэ хавийнхан малгайгүй Манлай л гэдэг юм.Адуу ч сайтай. Хэнийг ч байсан төрсөн шигээ санаж мэддэг чаддагаа харамгүй хэлдэг хүн. -Дээр нь ах аав хоёрын нөлөө бас байна?
-Байлгүй яахав. Манай аав нутагтаа “таван түрүү авдаг Тангадын Сандагдорж” гэж алдаршсан сайн уяач байлаа. Адуучин аавын хүү болохоор багаасаа адуутай ойр байж даага сургана. Тэгээд 1986 оноос эхлэн аавынхаа заавраар  хурдан морь уяж, 1993 онд айл гэр болсон хойноо сумын 70 жилийн ойгоор өвгөн буудай морио дөрвөөр давхиулж аавдаа нэг тоогдож байлаа. Түүнээс хойш том бага наадмаас айраг түрүү алдаагүй ээ.2013 оны зүүн бүсэд хул морио түрүүлгэчихээд “аав минь байсан бол баярлах байсан даа” гэж бодсон. Хүн баярлахаараа ойр дотны хүмүүсээ санадаг л юм билээ. Би чинь айлын отгон хүү.Аавын маань бурхан тахил надад бий. Тамгыг нь ах авсан. 
-Бага хүү удмаа дагасан моринд дуртай нэгэн бололтой?
-Тиймээ. Ах нь таван жаалтай. Дөрвөн хүү, нэг охин. Миний том хүү аавын хамгийн ойрын туслагч. Би хэлэх л үүрэгтэй. Хүү хийхийг нь хийнэ. Бага хүү улсын шилдэг есөн унаачийн нэгээр шалгарч байсан. Моринд дуртай. Ихрүүд маань одоохондоо сургууль соёл гээд тэр бүр адуу малтай ойртохгүй л байна. 
-Батноров хийцийн эмээл улс даяараа алдартай. Нутгийн хүүгийн эмээл хазаар тэргүүтэн чамин биз?
-Тожил дархны хийцийн эмээл байлгүй яахав.Манай хадам өвгөн Тожил дархны хийцийн эмээлтэй байлаа. Ууган хүүдээ сүүлийн үеийн норов хийцтэй эмээл төхөөрч өгсөн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.Уясан хүлгүүд тань хурдан, унасан хүүхэд нь цовоо байг.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна