Хоймор нутгийн хийморь халиун

Наранхүү
2015 оны 3-р сарын 20 -нд

Монголын билгийн улирлын XVII жарны хонин жилийн шинийн 10-нд Монголын Морин спорт уяачдын холбооны зохион байгуулсан “Дүнжингаравын хурд-2015” төвийн бүсийн наадмын хурдан  азарганы уралдаанд газар газрын хурдан хүлгүүд шандас шалган уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун азарга гарсан цагаасаа өнгөлөн уралдсаар тод магнай торгон жолоо өргүүлж ММСУХ-ны шийдвэр шинэчилсэн цуваагаар түрүүлсэн хурсан олныг цэнгүүллээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Буйрын унаган, аймгийн Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн уяа сойлгыг нь тааруулдаг, 2014 оны МУ-ын шилдэг уралдаанч Б.Ганхүүгийн унаж хурдлуулдаг аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга улс, бүсийн наадмаас 1 түрүү, 5 айраг хүртээд байсан бол хоёр дахь түрүүгээ хүртэж амжилтын цуваа нь “Алдарт”-ын болзолд хүрсэн нь Монголын хурдан морины түүхэнд бас нэгэн бахдам амжилтын эзнээр тодорч байна.
Хүлэг, хүүхэд, эзэн гурав ижилхэн тэнцэж байж морь давхидаг гэдэг хууччуулын үг ортой. Хөвсгөл аймагт “Замын” Болдоо гэх нэр мориныхон дунд 2000 оны эхэн үеэс чих дэлсэж, тодруулбал, 2009 оны Түнэл сумын наадамд түрүүлээд давхар уяагаараа аймгийн наадамд түрүүлсэн зээрд үрээгээрээ олонд танигдаж эхэлсэн. 2010 оны “Хотогойдын хурд-2” наадам болохын жил Мөрөн сум баяр наадмаа аймгийнхаа даншиг наадмаас өмнөхөн тэмдэглэхэд “Замын” Болдоо хавчиг зээрд мориороо торгон жолоо өргүүлсэн байдаг. “Замын” гэх түүний овог нь шахуу болсон тодотгол нь зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг “Хөвсгөл зам” ХХК-ийг удирдан толгойлдгоос үүдэлтэй юм. Хурдан морь гэх сонирхон дурласан монгол эр хүний нэгэн насны ажил хөдөлмөрт ингэж л эргэлт буцалтгүй орсон он жилүүд нь тэр.
Орох орохдоо зүгээр нэг хурдан морио уяж сойгоод оролцсонгүй аймгийнхаа нийт уяачдыг дэмжих, орон нутагтаа болж байгаа уралдааныг зохион байгуулах, хөрөнгө мөнгийг нь босгох гэсэн нөр их ажилд сэтгэл, зүтгэл гарган оролцохоор нөхдийнхөө итгэл хүлээн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг 2010 оны хавраас гүйцэтгэх болсон юм.  Түүний нарийн бичгийн даргын ажлаа хүлээн авсныхаа дараа гардан зохион байгуулсан томоохон уралдаан бол “Хотогойдын хурд-2” наадам байсан гэдэг.
2011 онд Хөвсгөл аймаг  80 жилийнхээ ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн нь хоймор нутгийн ард түмний хувьд онцын сайхан жил байсан бол “Замын” Болдоогийн хувьд ирээдүйн монгол наадмын торгон ногоон дэвжээнд алдар нэрийг өргөн дуудуулах хүлэг эрдэнэ буюу хурдан халиун үрээнийхээ бараа сүрийг харсан нь тэр наадам. Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан өндөр халиун үрээ яахын аргагүй түүний харааг булаасан гэдэг. Ингээд эзэн уяачийг нь ч өмнө замын салбарынхаа танилаар дамжин танидаг байсан нь түүний хувьд хурдны наймаа ярих сайхан боломж байсан гэдэг нь мэдээж.
2012 оны Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны Шилдэг хүлэг шалгаруулах бага гурван насны уралдаан өргөн дэлгэр болж, хурдан хязаалангийн уралдаанд мөнөөх “Замын” Болдоогийн халиун үрээ хол тасархай түрүүлэн ирж наадамчин олныг баясгахад Хөвсгөлийн морь сонирхогчдын дунд “Сүхбаатарт түрүүлсэн халиун үрээг “замын” Болдоо Сүхбаатараас уяачтай нь авч ирж гэнэ” гэх яриа гарч байлаа. Олны яриа ч ортой байсан. 
Энэ үеэс л Монголын хурдан морины уралдааны цуваанд Хөвсгөлчүүдийн нэрлэдгээр “Замын” Болдоогийн халиун, нийт монгол даяар Хөвсгөлийн Болдбаатарын халиун гэх цуут хурд тодорсон түүхтэй. Тэр зунаа хурдны өлгий төрөлх Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд айргийн гуравт хурдалж байсан бол дөнгөж цагаан сар гаргаад л Сүхбаатарынхаа Жавхлант шаргын хурд уралдаанд аман хүзүүдсэн сайхан мэдээг нутаг усныхандаа хүргэж байлаа. 
Гурван аймгийн тэгш ой Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, бүсийн наадамд нэр гаргасан хурдан халиун үрээ ир ханасан соёолон насандаа Богд Дүнжингаравын хурдад шандас шалгахаар анх зодоглосон. Эрийн хийморь, аз өм даллаж айргийн дөрөвт баригдсан нь улсын довонд уралдахаар энтэй адуу гэдгээ харуулсан бол Эрдэнэтийн бүсийн уралдаанд Зууны манлайн унаган зээрд үрээтэй өгөө аваатай уралдаж үнэнхүү хурдан гэдгээ баталсан.
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд халиун үрээ нас өгсөж азарганд уралдаад есөд хурдалсан бол хэдхэн хоногийн дараа Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд адуун сүргийн манлай азарганы уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлсэн нь хурдан морины түүхэнд төдий л олон байдаггүй л амжилт болов уу.
2014 он гарсаар Дүнжингарав уралдааныг хүлээж Хүйн долоон худагт хэдэнтээ сайхан сунгачихаад нутаг буцсан нь зуны уралдааны бэлтгэл болсон биз. АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд Зуун жилийн манлай уяач, МУ-ын гавьяат малчин Данзаннямын Даваахүүгийн унаган Д.Баянбатын Наран хонгор азаргатай гарсан цагаасаа өнгөлөн уралдсаар аман хүзүүдэж монгол наадмын бас нэгэн шинэ түүхийг бичилцлээ. Учир юун гэвэл АХ-ын 93 жилийн ойн азарганы уралдааны эхний азарганууд бүгд хавчиг насан дээрээ байсанд оршино хэмээн санана.
2014 оны долдугаар сарын 25, 26-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон “Хотогойдын хурд-3” уралдаанд айргийн гуравт хурдалж унаган эзэн, уясан уяач, учирсан эзэн болоод моринд дуртай монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байлаа. Наадамчин олон бүгд л халиун азарганы хийморьтой сайхан давхилуудыг дахин дахин ярьцгааж байсан нь монгол наадмын бахархал билээ.
Унаган эзэн, уясан эзэн, учирсан эзнээ нэгэн зэрэг баярлуулж магнай тэнийлгэх нь хүлэг, хүүхэд, хүмүүсийн заяа тэгшхэн байхын илрэл биз. Хүлгийн эзэн хоймор нутгийн хийморилог хүү “Замын” Болдоо Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар 2012 оноос ажиллаж байгаа-гийн  тухайд цөөн үг хэлэхэд хурдан моринд сэтгэл зүтгэл өгч, өөрийн гэсэн хурдны угшлыг бий болгох их үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр зөвхөн ганцаараа амжилтанд хүрэх зорилго өвөрлөөд байх биш аймгийнхаа уяачдыг дэмжих, алдар гавьяаг нь үнэлүүлэх, аймгийнхаа болон бүсийн уралдаануудыг гардан зохион байгуулах, хөрөнгө санхүүг нь шийдэх төдийгүй уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морьдоо алдаршуулан сэтгүүл, ном бүтээх зэрэгт гар татаад байдаггүй, тэгээд л  түүнийхээ үр шимийг эргүүлээд төр, түмэн хоёроосоо хүртэж яваа хүн. Түүний амьдралдаа баримтлах зарчим нь тэр, өөрөө ч түүнийгээ ярьж, үлгэрлэж яваа.
Амжилтын цуваа нь “Алдарт”ын болзолд хүрсэн хоймор нутгийн хийморилог хүүгийн үйл хэрэг, хурдан  халиуны давхил бүрийг тодруулан, товчлон  өгүүлэхэд ийм буюу.
Наран мандах нутгийн унаган халиун
Наадамд магнайлахын одонд төржээ
Хоймор нутгийн золтой хүүгийн
Хийморийг өргөх ерөөлтэй байжээ гэсэн дөрвөн мөртөөр хурдан халиуны дараа дараагийн уралдаанд амжилт хүсч, төрийн наадмын түрүү хүлэг болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна