Хавчиг хүрэн азарга

Даваадорж
2015 оны 3-р сарын 23 -нд

Хөвчийн жонон вангийн хошуу эртнээс их хурдтай. Даншиг наадмыг ноёлж байсан удаатай гэдэг. Монголын хурдан адууны нэг голомт нь Хэнтий аймгийн зүүн хойд, хойд талын сумд билээ.
Нэлээд хожим сумд наадмаа дараалж хийдэг байлаа. Биндэр сумын уяачид цугларч сунгаа хийх газраа бууж, наадмын талбайд ойртсон байж. Тэр үед бусад сумаас уяачид наадахаар ирэх бол урьдчилан хэл чимээ өгч, нутгийн уяачид найртайгаар хүлээн авдаг ёстой байв.
Тэр нэгэн өглөө уяачид шуугилдаж эхэлжээ. Урагшаа харвал шөнө нүүж ирсэн уяачдын адуу багширч, майхан уяагаа босгосон, хүүхдүүд нь адтай чангаар марзайлж байлаа. Хэл чимээгүй ирсэн “зочид”-той нутгийн ахмад уяачид очиж уулзвал Идэрмэгийнхэн байж. Тэд, “...танайд их хурдан хавчиг хүрэн азарга гарсан гэж дууллаа. Манай сумын алан үнэмлэхт өвгөн хүрэн азаргатай удам нэг гэдэг. Түүнийгээ уралдуулж сорихоор ирлээ” гэжээ. Энэ удаагийн уралдаанд Идэрмэгийн алтан үнэмлэхт өвгөн хүрэн, Биндэрийн Гачингийн Раднаагийн хавчиг хүрэн хоёр тасархай гарч иржээ. Хавчиг хүрэн түрүүлж, хөгшин хүрнийг ер шавдуулахгүй явуулж байлаа. Хүүхэд нь их хашир тул хөгшин хүрнийг ер шавдуулахгүй явуулж байхад хавчиг хүрэн чихээ хулмайж цуцсан байдалтай наадмын талбайд ойролцоох Худалчийн толгойд дөхөж ирэхэд тод  улаан хамбан дээлтэй хүн наадамчдаас морьтойгоо сугаран гарч ирээд гараа өргөжээ. Тэр даруй алтан медальтыг унасан хүү азаргаа гуядахад өвгөн хүрэн хүзүүгээ гурвантаа гүрдийлгэж зүтгээд л хавчиг хүрний зөв талаар орж ирэн түрүүлчихэж гэнэ. Наадам тарах үед Идэрмэгийн нэгэн залуу нутгийн уяачдыг басч, ам гарч доромжилсон гэдэг. Тэр яриа ам дамжин Биндэрийнхний хор шарыг хөдөлгөж орхижээ. Тэгээд тэд Баян-Адаргын наадамд явах болж, тэр наадамд алтан үнэмлэхт хүрнийг авчрахыг ятгуулсан байна.
Баян-Адаргын наадамд мөн л хоёр хүрэн азарга зуузай холбон ирсэн боловч барианд орохын даваан дээр хавчиг хүрэн сугаран түрүүлжээ. Үүнийг харж зогссон Төгс туслагчийн Шагдарсүрэн гэдэг уяач дөрөвлөн орж ирж явсан өөрийн азаргаа орхичихоод хавчиг хүрнийг дагаж давхин уйлж: “...Идэрмэгийн муусайн хулгайчингууд Биндэрийн хавчиг хүрний хөлийг харж чадав уу” хэмээн ам асууж байсан гэдэг.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна