Төрийн тэргүүн, ихэс ноёдод цагаан зүсмийн адуу зохилтой

А.Тэлмэн
2015 оны 3-р сарын 30 -нд

Олон суурь малыг зүс галбирынх нь онцлогыг мэдэхгүйгээр ялган танихад хялбаргүй. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд адууны үндсэн зүс 16, давхар зүс 160 хүрдэг. Үүний дотор бор улаан зүс тус бүр 30 гаруй байх жишээтэй. 1931 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний ангийн мал аж ахуйн салбарын гаргасан судалгаанаас үзэхэд монгол адууны 21 хувь нь бор, 23,8 хувь нь хээр, 12,9 хувь нь зээрд, 12,1 хувь нь хул хонгор зүстэй хэмээсэн байдаг бөгөөд бор буюу бүгээн зүсмийн адуу давамгайлдаг тогтоогдсон аж. Судлаачид улам бүр лавшруулж аль аймагт бүгээн зүсмийн адуу ноёлж байгааг судлахад Хөвсгөл аймгийн Дархад, Хотгойдын бүс тэргүүлж, харин их эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий аймаг удаалсан байна. Хүйтэн сэрүүний туйл  Дархадын хотгорт байгал цаг агаартаа зохицсон бүгээн зүсмийн адуу голлох бөгөөд үүнийг нь Дархад адуу хэмээн нэрлэдэг: Харин Хан Хэнтий аймагт бүгээн адуу давамгайлдаг нь их эзэн Чингис хааны үед цагаан адууг эрхэмлэн дээдэлдэг байсантай холбоотой байж мэднэ хэмээжээ. Өөрөөр хэлбэл морины шинжийн эртний сударт “улаан хошуугүй сайхан цагаан улаан бор, толбот бор, үйсэн ухаа морь хуяглах, хүлэглэх, бараа болоход сайн хэнд ч зохимжтой” гэсэн байдаг бол 1206 онд Чингис хаан тэрхүү заншлыг даган “Баарин ахын ураг Усун өвгөнийг Бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд, цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай” хэмээн зарлиг буулгаж байсан нь түүхийн шарласан хуудаснаа тэмдэглэн үлджээ. Чингисийг залгамжилсан их хаадын үед ч цагаан өнгийг эрхэмлэн, ихэвчлэн долоон хоног үргэлжилдэг баяр наадам хийх ёслол удтал хадгалагджээ. Баяр ёслолын гол байрт хэдэн мянган хүний багтаамжтай цагаан торгон асар босгох, шинэ хаадыг цагаан эсгий дээр өргөж залах. Эхний өдөр цөм цагаан хувцас өмсөх, 700 цагаан гүү, 7000 цагаан хонины сүүн цацлыг газар нэвчтэл өргөх, цагаан гүүний айргаар найрлах ёс заншил байсан ажээ. Монголд 17 жил суусан Итали жуулчин Марко Поло ”Их хаанд ямар ч толбо бидэргүй цас шиг цагаан зүстэй үлэмж олон азарга адуу бий. Түүний зөвхөн гүү нь түм гаруй. Хэрвээ цагаан сүрэг явж байгаатай тааралдвал их ноёны амрыг эрэх мэт бөхөсхийн ёслоод, хүлээх юм уу, тойрохоос биш дундуур нь зүсэн гарч болохгүй” хэмээсэн байдаг. Энэ бүхэн нь цагаан өнгийг дээдлэхийн зэрэгцээгээр адууг зүс ялган төрөлжүүлж байсны гэрч юм. Нэлээд хожмын жишээнээс үзэхэд Түшээт хан аймгийн Сэцэн вангийн хошуу, адууг зүс ялган суурилж, цагаан сүргийг онцлон үздэг байв. Тус хошууны IX үеийн ноён Гүрсоронзонгомбосүрэн Сэцэн хан аймгийн Хардэл бэйсийн хошуунаас 100 унагатай гүүгээр худалдан авсан удган хатиртай цагаан морио унаж наадмын морь ирэхэд бөмбөлзүүлэн тосдог байсан хэмээн дээхэн үеийн уяачид ам дамжин хүүрнэдэг байжээ.
Эрдэмтдийн судалгаа, эх сурвалж түүхэн бичгүүдээс ийн шүүвэл Монголчууд эртнээс бүгээн зүсмийн адууг дээдэлж, ялангуяа төрийн  хэмжээний томоохон найр наадам тэргүүтэнд явахдаа цагаан адуу унаж, төрийн тэргүүн ихэс ноёд нь түүндээ зориулан тусгай сүрэг хүртэл бий болгож байжээ. Хурдан моринд шимтэгч төрийн түшээд дуулахад илүүдэхгүй хэмээн эмхэтгэв.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна