Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Эцэг шигээ хурдан адуу болоосой хэмээн бэлгэдэж, азаргаа Янзага хэмээн нэрийдсэн

А.Тэлмэн
2015 оны 4-р сарын 09 -нд

“Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд Янзага зээрд азаргаа айргийн гуравт хурдлуулсан Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуяг энэ удаагийн “Хийморилог зочин”-оор уригдлаа. “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд сартай зээрд соёолонгоо мөн л айргийн гуравт хурдлуулан томоохон наадмын өмөө нээсэн хийморилог эрхмийн ярианд анхаарлаа хандуулна уу.
-Улиран одож буй модон морин жил таны хувьд азтай хийморьтой он цагийн нэг байсан байх. Жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд зээрд азаргаа айрагдуулсан шүү дээ?
-Тиймээ. Тэр бол зээрд азарганы хоёр дахь уралдаан байсан юм. Хүйн долоон худагт болсон бооцоот уралдаанд зургаалаад, “Дүнжингаравын хурд”-д айрагдсан.Зун нь тэрхүү амжилтаа батлан улсын наадамд арваар давхисан. Миний санаж байгаагаар Дүнжингаравт айрагдсан азаргануудаас улсын наадамд хамгийн дээгүүр давхисан нь миний Янзага зээрд байх.
-Тод манлай уяач Ононгийн Янзага зээрдийн гал үр гэдэг билүү?
-Тиймээ. Тод манлайн адуу Дорнод аймагт, аймгийн Алдарт уяач Жадамбаагийнд байдаг байсан юм билээ.Тэгээд Онон гуай Жадамбаа Алдартад”Шинэ цагийн монгол адуу түлхүү уралдах нь.Миний найз Араб азарганд маань нэг гүү тавиарай” гэж. Тэр дагуу нь нэг гүү тавьсан ч нөгөөх нь хураалгүй харин Тод манлайн Янзага хураачихсан юм билээ.Тэгээд гарсан төл нь миний зээрд азарга. Эцэг шигээ хурдан адуу болоосой хэмээн бэлгэдэж, Янзага хэмээн нэрийдсэн юм.
-Зээрд азарганы тань эх нь ямар угшилтай гүү байдаг юм бэ?
-Жадамбаа ахын унаган цавьдар гүү байсан гэсэн.Би Янзагаа дааганд нь аваад 2011 онд шүдлэнд нь Дорноговь аймгийн Иххэт суманд болсон МУ-ын Алдарт уяач Л.Нарангэрэл агсны нэрэмжит уралдаанд аман хүзүүдүүлсэн. Дараа жил нь хязаалан үрээ сунгаануудад хурдан байсан ч уралдах өдрийнх нь хоол ихдээд Төв аймгийн наадамд наймлаад, төвийн бүсийн уралдаанд хорь гаргаж давхисан.
-2013 онд соёолондоо?
-Эцэг нь соёолондоо эндчихсэн болохоор бас хаширлаад олон  уралдуулаагүй.Хавар нь Дүнжингаравт өнгөнд явж байгаад сууж 60 хэдээр ороод, зун нь Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын наадам болон Цэлхээгийн Бямбасүрэн гуайн хийсэн Сүлд овооны тахилгат тус тус түрүүлсэн.Өнгөрсөн зун улсын наадмын дараа Дундговийн бүсэд уралдъя гэж бодож байсан ч азаргатай ноцолдоод хөндүүр суучихаар нь больсон. 
-Одоо “Дүнжингаравын хурд”-даа бэлтгэгдэж байна уу?
-Тиймээ. Өнгөрсөн намраас эхлээд Мөнхбат Тод манлай уяа сойлгыг нь тааруулж байгаа. Тэрнээс өмнө аймгийн Алдарт уяач Хэрлэн, Ихбаяр нар тааруулдаг байсан.
-2010 оны “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд соёолон айрагдуулж том наадмын өмөө нээж  байсан. Зээрд үрээ хаанахын адуу вэ?
-Зээрд соёолон гурван бүсийн наадамд түрүүлсэн Авзагын Мэндбаярын хар морьтой угшил нэгтэй. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Алдарт уяач Намжил гуайн эрлийз халзан азарганы төл байгаа юм. Би 2009 оны зүүн бүсийн уралдаанд айрагдсаных нь дараа авсан юм.
-Зүүн бүсэд хэдээр давхилаа?
-Дорнодын зүүн бүсэд хязааландаа дөрвөөр давхисан. Тэрнээс өмнө Хатагины наадам болон Дорнод аймгийн баяр наадамд хоёр ч удаа түрүүлсэн гэдэг юм. Жижиг наадмуудад бол олон түрүүлсэн гэнэ лээ. “Хотгойдын хурд”-ын дараа  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Егүзэрийн хутагтын 140 жилийн ойд очиж гурваар давхисан.
-Төрийн зарлигт наадмын хишиг хүртсэн “Хотгойдын хурд” нандин дурсамжуудын тань нэг байх. Ер нь хэр их догдолсон бэ?
-Догдлолгүй яахав. Аавыгаа баярлуулъя гээд аавынхаа төрсөн Завхан аймгийн Дөрвөлжин сумаар овоглож цоллуулсан.
-Завханмандалынхан гомдол мэдүүлэхгүй байна уу?
-Харин мэдүүлээд “Дүнжингарав”-т азаргаа айрагдуулахдаа төрсөн сумаараа цоллуулж, нутгийн олноо баярлуулсан даа. Томоохон наадмын анхны айргийг авчирсан “Хотгойдын хурд” уралдаан миний хувьд их эрхэм.Яагаад гэхээр аав, ээж хоёрынхоо магнайг тэнийлгэн баярлуулж чадсан юм.
-Аав ээжийгээ баярлуулах шиг сайхан зүйл хаа байхав?
-Ихбаяр бид хоёр Дорнодод очоод Бэххуяг гээд найзтайгаа ярьж суусан Бэхээ “энд нэг сайн соёолон байгаа. Түүнийг аваач” гэсэн юм.Тэгээд гэрт нь очиж хоол хийлгэж идэнгээ зээрд үрээнийхээ хязааландаа айрагдаж байгаа зургийг нь хараад авахаар шийдсэн. Учир нь тэр үед ээж маань хүнд өвчин тусаад олон сар хэвтчихсэн байсан юм.Тэгээд ээжийгээ баярлуулъя гэж бодоод цавьдар үрээг авч, Хөвсгөлд айрагдуулаад медалийг нь ээждээ зүүж өгч байлаа. Тэгэхэд ээж маань их баярласан. 
-Дорнодоос голдуу адуу авдаг юмаа даа?
-Дорнод, Сүхбаатараас цөөнгүй адуу авсаан. Мөн Онон Тод манлайгаас тойруулга эх, Араб эцэгтэй гүүнүүд авсан.Тэдний төлүүд их аятайхан адуу гарч байна.Мэндбаярын хартай эцэг нэгтэй эрлийз цагаан азарганы төлүүд гайгүй давхих хандлагатай байна. Энэ жил хоёр ч сумын 90 жилийн ойд айрагдчихлаа.
-Ер нь ингэхэд хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон юм бэ?
-2008 оноос. Хурдан морь сонирхох болсон нь өндөр настай аавыгаа баярлуулахаас эхтэй. Манай аав  “гайгүй хээр үрээ бий.Тэрийгээ уячихмаар байна” гээд байхаар нь 2006 онд бараа болж Говьсүмбэр аймгийн наадамд очоод айрагдуулчихсан юм. Тэгээд л ер нь морь сонирхож эхэлсэн дээ. Миний аав залуудаа хурдан морь уяж, орон нутгийнхаа чанартай наадмаас айраг, түрүү нэлээдгүй авч байсан. 
-Цолтой юу?
-Байхгүй ээ.
-Харин та?
- 2013 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан.Би  морь уясан цагаасаа хойш 11 аймгийн их, бага наадмуудад уралдсан юм билээ. Түүнээс хоёр аймагт л морь айрагдуулаагүй . Тэрний нэг нь Өвөрхангайн хаврын бүсийн уралдаанд Жигүүр маань соёолондоо зургаалсан. Нөгөө нь нэг зээрд морь Өмнөговийн наадамд 17-д давхисан байдаг.
-Нутагтаа наадаж байв уу? Завхан аймагт хэд хэдэн удаагийн бүсийн уралдаан болсон шүү дээ?
-2009 оны Очирваанийн хурдад хоёр их насны морьтой очиж байсан. Гэхдээ би тэр үед аймгийн наадамд барилдах бөхчүүдээ аваад түрүүлээд явчихсан байсан юм. Нэг үе нутаг орныхоо бөхчүүдийн бэлтгэл сургуулилтан дээр анхаарч дэмжлэг үзүүлдэг байсан л даа.Тэр жил таван залуу бөх очоод нэг нь аймгийн Арслан, нөгөө нь аймгийн начин болж, хоёр  морь маань нэг нь 32, нөгөө нь 64-т давхисан. Тэгж л анхныхаа бүсийн наадмыг эхэлж байлаа.
-Бөхөд элэгтэй ханддаг нь удам судартай тань холбоотой юу?
-Манай удамд улсын цолтой бөх байгаагүй ээ.Харин сум, аймгийн цолтой бөхчүүд байсан. Одоо ч бий. Манайханд сувай байдсыг үүрээд явчихдаг бяртай улс байсан юм гэнэ лээ.
-Монголд ганцхан тамганы тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Их олон талын бэлгэдэлтэй юм билээ?
- Манайх “Хараа” гээд дэлгүүртэй байсан юм.Тэрнийгээ тусгаад “харц” гэсэн шийдлийг оруулж чандмань хэлбэрт оруулан гурван мэлмий бүхий ерөнхий загварыг гаргасан. Энэ нь нөгөө талаараа Намсрай бурхны мэлмий дээр билгийн гуравдагч нүд нэмж өгсөн юм л даа. Тэгээд дээд талд нь нь Сүрэнхорын хээр, Тогоруу халтар,Ханддоржийн хонгор халзан морь гурвын дүрсийг оруулсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр морьдоо тамгалахдаа тэдгээр хурдан хүлгүүдийн хиймориор адислаж байгаа санаа юм.Мөн бариулан дээрээ Занабазарын соёмбо тэмдгийг оруулж, дотор талд нь монгол бичгээр “төмөр барс” хэмээн бичсэн. Тэгээд төмөр бар жилийн бар сарын бар өдөр морьдоо анх тамгалсан даа.Хүмүүс тамгыг маань хараад их сонирхоноо. Даваахүү Тод манлай ” чи зургийг нь өгөөч, би нэг тийм тамга хийлгээд авчихмаар байна” гэж байсан.
-Сүүлийн үеийн уяачид голдуу дээдчүүлийнхээ тамгыг хэрэглэдэг юм билээ?
-Аавын хэрэглэж байсан тамганууд бий л дээ. Гэхдээ олон талын бэлгэдлийг нь бодож байгаад шинэ тамга хийхээр шийдсэн юм. Би өөрөө зураг их сонирхоно.Дээр нь ОХУ-ын Воронежийн зургийн академийг төгсөөд ирсэн манай нэг дүү бий.Тэр дүүгээрээ хэд хэдэн морины зураг зуруулж хүмүүст бэлэглэсэн. Даваахүү гуайд аавыг нь Ажнай хүрэнтэй нь,Онон ахад өөрийг нь Янзагатай зурж бэлэглэсэн.
-Гэр бүлийн гишүүд таны таны хоббиг хэр дэмждэг вэ?
-Дэмжинээ. Би гурван хүүтэй. Дунд хүү маань энэ зун адуун дээрээ зусч, хүний өөрийн гэлтгүй бүх морийг хөтөлсөн. Ер нь их адуунд дуртай.
-Хүлгийн хийморьт сүсэглэсэн танд хонин жил хайр хишгээ харамгүй хайрлах болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан нийт монголчууддаа ажил үйлс нь өөдрөг байхыг хүсэн ерөөе.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна