Хүлгийн хийморь нутгийн бахархал

А.Тэлмэн
2015 оны 5-р сарын 29 -нд

Эрийн хийморь тэтгэсэн эрдэнэт хүлгүүдийн эзэн, нутгийн нэрийг дуурсгасан нуруутай эрчүүдийн нэг  Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазар Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх амжилтыг бүтээлцсэн билээ.
Лүнгийн унаган хүү 2003 оноос хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болж, 2007 онд төрийн наадмын анхны хишгээ хүртсэн юм. АХ-ын 86 жилийн ой төрийн их баяр цэнгэлд түүний Сувдан зээрд азарга нь /хязааландаа/ түрүүлж, амжилтын өмийг нь нээсэн агаад түүнээс хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд зээрд азарга аман хүзүүнд хурдалж, эзэндээ улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийг авчирч байжээ. Тухайн цаг үедээ Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр ханштай /33 сая төгрөг / адуу хэмээгдэн, морь сонирхогчдын эчнээ танил болсон  Сувдан зээрд 2009 он буюу  АХ -ын 88 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдлаад, “Сэлэнгэ-2009” төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан билээ.
Эзнээ алдаршуулж, эх нутгийг нь дуурсгасан дараагийн хурдан хүлэг нь Монголын морины олимп шигшмэл морьдын “Их хурд-5” уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн Дөлгөөн хонгор  морь нь. Моринд хайртай монгол түмний бахархалт хүлэг “Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдааныг мөн л өнгөлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгаж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Ийнхүү төрийн их баяр цэнгэл болон шигшмэл морьдын “Их хурд”, Засгийн газрын тогтоолт бүсийн наадам зэрэг чансаа өндөр гурван том уралдааны түрүү хүртэн нутгийн уулсаа өндөлзүүлсэн хийморилог хүүгийн нэртэй өөр нэгэн хурдан ажнай нь “Эрдэнэт их хурд-2010” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт  хурдалсан Тогоруу саарал  азарга нь.
Хиргүй сэтгэлт хүүхдийн нэртэй хурдан хүлгүүдээрээ Монгол түмнийхээ мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн Б.Баасанбазар одоогоор улс бүс, "Их хурд" уралдаанаас дөрвөн түрүү, гурван айраг хүртээд байна.

"Тод магнай" сэтгүүл №63

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна