МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Шагдарсүрэн: 28 настайдаа Монгол улсын 35 дахь Хөдөлмөрийн баатар болж байлаа
Увс аймгийн Завхан сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар адуучин Галдандагвын Шагдарсүрэнгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 1934 онд Завхан сумын нутаг Цагаан түнг хэмээх газар эхээс мэндэлсэн тэрээр 28 насандаа төрийн нэр хүндтэй эрхэм шагналын эзэн болсон юм.
-Монгол улсын Хөдөлмөрийн баатар адуучин болж байсан түүхийг манай уншигчдад ярьж өгнө үү?
-1954 онд Завхан суманд Айраг нуурын нэгдэл байгуулагдахад адуу авч маллаад, найман жилийн дараа 28 настайдаа Хөдөлмөрийн баатар цол авч байлаа. Төлөө 100% бойжуулж, малаас авдаг ашиг шимийг зуугаас дээш хувь биелүүлсэн гэж ийнхүү 1961 оны Улс хувьсгалын 40 жилийн ойгоор шагнуулсан. Тэр үед сайхан байж. Өрсөлдөгч, арын хаалга гэж юм байсангүй. Хэн хөдөлмөрлөж байна үнэлж, шагнана. Зуун гүүнээс зуун унага бойжуулсан хүнд Хөдөлмөрийн баатар цол өгнө гэсэн болзлыг Намын төв хороо, Хөдөө аж ахуйн яамнаас гаргаж байлаа. Би тэр болзлыг найман жил дараалан биелүүлсэн. Цаг агаар ч сайхан байж. Малын нутаг бэлчээр сайхан байсан болохоор төлийн эндэгдэл гаргаж байсангүй. Одоогийнх шиг малын тэжээл гэж байхгүй шүү дээ. Хашаа саравч ч үгүй. Бэлчээрээр л адуугаа хариулна. Ийнхүү гуч гаруй жил адуу малласан хүн дээ би. Тэгээд 1983 онд адуугаа өгчихөөд малчдын дунд малын маллагаа арчилгааны талаар зөвлөгөө өгч, нутаг бэлчээр заадаг ажилтай болсон. Зөвлөх малчны ажлыг долоо, найман жил хэртэй хийсэн байх шүү.
-Анх хичнээн адуу авч маллаж байв?
-Нэгдэл байгуулагдахад тав, зургаан залуунийгэмчилсэн адуунуудыг хувааж авсан юм. Тэгэхэд би 260 адуу авсан нь унагатайгаа нийлээд таван зуу гаруй болсон. Ингэж өссөөр мянга гарахад нь суурь болгон тасддаг байлаа. Гэхдээ сүүлдээ дунд сургуулийн хүүхдүүдийгилгээлтээр хөдөө гаргах болж, би тэднийг дагуулан сурган хүмүүжүүлэгчээр ажилладаг байлаа. Мянга гаруй адуутай социалист хөдөлмөрийн бригад гэж байсан юм.
-Айл айлын нийгэмчилсэн адуу болохоор маллахад амаргүй л байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Арав таваараа ч байсан, азаргаараа ч байсан их төвөгтэй. Тэгэхэд залуу ч байлаа. Өдөр шөнөгүй адуугаа дагаж явна. Байнга оторлоно. Яваагүй газар ховор байх шүү. Говь-Алтайн Хөхморьт, Завханы Дөрвөлжин, Ургамал, зүүн тийшээ Завханы Тэс, хойшоогоо Увсын Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун гээд л. Заримдаа гэр бүлээрээ, заримдаа отрын гэрээрээ явна. Хээрээр явахад цасан шуурга, хүйтэн бороо гээд байгалийн хэцүү үзэгдлүүд таарахыг алийг тэр гэхэв. Хаа ч очсон чоно нохой элбэг болохоор байнга манаатай явна. Гэхдээ Говь-Алтайн Хөхморьт, Завханы Дөрвөлжингийн Бага нуур гэдэг газар их сайхан шүү. Бэлчээр сайтай болохоор адуу явдаггүй. Гэртээ оччихсон юм шиг л санагддагсан. Тиймдээ ч өвөлжиж байгаад урин цаг ирэхэд Увсынхаа Баруунтуруунд хаварждаг байлаа.
Мянган адуу зэрэг янцгаахыг үзлээ, зэрэг хэвтэхийг нь ч үзлээ. Нэг удаа хангайд явж байтал шуурга шуураад, адуугаа Зүүнговийн давстай нуурт туугаад орлоо. Тэгтэл өнөө хэдэн адуу намсхийгээд алга болчих шиг боллоо. Айх гайхах зэрэгцэж билээ. Тэгсэн хужир үзэнгүүтээ цөмөөрөө хөрвөөгөөд уначихсан. Бас нэг удаа адуугаа манаж байтал хэсэг адуу шуугиад явчихлаа. Манаргаад очсон цугаараа янцгаах нь тэр. Ганц, хоёр хүн хашхираад дуулдах ч юм байхгүй, үнэхээр сүрдмээр юм билээ. Чоно ирэхээр азарганууд нь янцгаагаад эхлэхээр бусад нь ч янцгаадаг юм байна лээ. Тэр их чимээнд муухан чоно ч ойртох аргагүй гээч.
-Тод манлай уяач Онон гуай өвлийн арчилгаа маллагаа их чухал гэж ярьж байсан?
-Тийм шүү. Эргэж тойроод аясаар нь байлгаад, нэг их хөдөлгөөд байх шаардлагагүй. Завханы Бага нуурт өвөлжиж байхдаа алсаас захлаад гарч байгааг нь ажаад, өдөртөө нэг Манханы орой дээрээс бүртгэчихээд гэртээ хоночихдог байлаа. Бага нуурт орших Хулантай нурууны элсдотроо ч өвс сайхантай. Элсний хүрээнд нэг орсон адуу хэд хоногтоо гарахгүй. Бүүр сараар ч гарахгүй нь бий.
-Ер нь адуучин хүний хамгийн хариуцлагатай үе хэзээ байдаг вэ?
-Хавар шүү дээ. Салхи шуурга тавина, гүү төрнө, адуу эцэж доройтоно гээд хамгийн их хариуцлагатай улирал байгаа юм. Хаврын цагт бэлчээрийг нь хол, тууваргүй байранд байлгах шаардлагатай. Унагаа хөдөлгөхгүй, туухгүй, тууварт явуулахгүй, ойрхон услана. Холоос хөөвөл гүү унагалж, хаягдах эрсдэлтэй. Энэ үед адууны ханиад томуу гарчих гээд байдаг юм. Үүнээс сэргийлж байхгүй бол хачигийн халуун болно, халуурна.
-Зундаа хэдэн гүүгээ саальчдад хуваарилаад өгчих үү?
-Гүүнүүдээ цөөхөн хэдэн адуучид нь голдуу бариад саачихдаг байлаа. Нэгдэл нийгмийн үед чинь бүх юм айраг, саамны норм төлөвлөгөөтэй. Хавар дэл, сүүлийг бригадаараа авчихдаг байсан. Хамгийн хэцүү нь гүүний саам байлаа. Тавин унагыг нэг сар барьж тавиад, дараа сар нь өөр тавин унага барьж уяна гээд л. Өдөржин хоол цайгаа ч ууж амжихгүй гүү саагаад таарах үе олон шүү. Гэхдээ зуны цагт адуугаа хураах ай даа, сайхан шүү. Адуу хураах үед энэ голын бүх улс л нөгөө адуун дээр цуглана. Унаа малаа солих, нормын морь, тууврын болон талонтой морь авна гээд л шавчихна. Тэгээд тэр олон адуунаас шилж байгаад л барина.
-Эмнэг сургана гэж бас нэг том ажил байсан гэдэг дээ?
-Тэгэлгүй яахав. Отроор явж байхад хийх ажилгүй, хэдэн эмнэгүүдээ сургана. Өдөрт нэгийг барьж унаад, орой авчирч чөдөрлөж хонуулаад маргааш нь тавина. Тэгсээр зүгширчихдэг юм. Тэгээд хэд хонуулж байгаад ахиад л бариад унана. Удалгүй унамгай морь болчихно доо. Би барих гэснээ барьчихдаг, унаагаа хэнээс ч гуйдаггүй л байлаа.
-Олон адуу туугаад явах нүргээнтэй байх даа?
-Аль болох зөнгөөр нь л тууна. Өдөр адуугаа сайхан цуглуулж, бүртгээд харанхуй бүрэнхий болохоор хоол ундаа идэж аваад, шөнөдөө туугаад явчихна. Би оторт явахдаа дандаа шөнө туудаг байсан. Өдөр туувал тарчихдаг юм. Шөнө тууж аваачаад үүрээр орхиод, өглөө босоод ирэхэд тараагүй бөөндөө байж л байна. Тэгээд өглөө босгоод цааш нь хөдөлгөчихнө. Гэхдээ цасан шуурганд уруудах хэцүү үнэхээр хэцүү. Бөөнөөрөө байсан адуу нэгийгээ хөдлөхөөр цугаараа хөдөлчихдөг. Хүчтэй цасан шуурганаар бөөн адуунаас урд талынхыг нь ээрээд зогсоохоор нэгнийхээ дээрээс дарчих гээд зовлонтой. За тэгээд хангай газар шуурганд олон л орж цохиулж явлаа.
-Нэгдлийн тэр олон адуунаас уяж хөнгөрүүлээд уралдуулж байв уу?
-Уяж уралдуулнаа. Миний уясан морь гэхэд зуу гарсан байхаа. Дүүтэйгээ жилдээ хориод адуу уядаг байлаа. Миний төрсөн дүү Улсын аварга малчин, адуучин Бямбаа гэж Улсын их хурлын депутат хүн байлаа. Хөөрхий одоо бурхан болчихсон л доо. Бид уясан морьдоо авчирч уралдчихаад, орой ийшээ азаргыг нь тавиад адуугаа туугаад явдаг байв. Залгаа сумдаараа бас их уралддаг, давхиулдаг байж дээ.
Нэгдлийн адууны хурдан хүрэн азарга гэж залгаа хэдэн сумандаа давхиагүй газаргүй хурдан хүлэг байлаа. Хүнгүйн хүрэнгүүдийн угшилтай энэ азарганы үр төлөөр нь одоо ч наадаж байгаа улс олон бий. Пүрэв гэж хурдан морьдтой айл байсан юм. Тэдний хүү Тангадын хүрэн азарганы удамтай. Би дааганаас нь эхэлж уяж байгаад адуунаас гарсны дараа дүү маань залгуулаад уядаг байлаа. Энэ адууг мэдэхгүй хүн байхгүй. Үр төлийг нь дамжуулж аваагүй амьтан ч байхгүй. Би ч сүүлд мал хувьчлахад цөөхөн адуу авснаас хурдан хүрэн азарганы хүүхэд хээр азаргыг авч байлаа.
-Адуугаа орхиод явлаа гэж зэмлүүлэхгүй юу?
-Яаж ийж байгаад болгодог л байлаа. Завхан аймгийн Ургамал сумын наадмын бүх насны түрүүг нь авч байв. Тэгэхэд барианы бай шагналдаа адуу өгч байсан юм. Энд эндэхийн Бааст гэж хүний их морь, Бямбаа дүүгийн азарга, хязаалан, бас миний морьд түрүүлээд тун ч одтой наадсансан. Ер нь манайхан Ургамал сумын наадмын бүх түрүүг хоёр, гурван ч удаа авсан. Тэр үед аймаг, сумын наадмын бай шагналд сахар, цай хоёр их өгнөө. Нэг хэсэг нэлээн их цай, сахар ганзагалаад харьдаг байлаа шүү дээ. Сүүлдээ түрүүлсэн моринд 20, айрагдсанд нь таван төгрөг өгдөг боллоо. Дараа нь энэ ханш өсөөд 60 төгрөг болсон.
Сүүлд хувьчлалаар адуу тарсны дараа манай хүү Ургамал нэг баярт гурван түрүүтэй наадаад ирсэн. Тэгэхэд нэг адуунд нэг угалзтай монгол гутал, гурван морь өгсөн байлуу даа. Хүү маань хэдэн адуугаа туучихсан, өнөө монгол гутлуудаа сугавчилчихаад их “тэвдэж” ирж байлаа.
-Тэр үед айраг түрүү булаалддаг ямар ямар уяачид байв?
-Мундаг уяач олон байлаа. Намайг адуу малладаг байхад Тангадын хүрэнгүүд ид давхиж байсан үе. Миний урд талын уяачдаас Урианхайн Бямбажав, хурдан жороо морьдтой Жалцав гэж байлаа. Бас Наадайн цэнхэрүүд хурдан байлаа. Харин миний үед Балжиннямын хээр, Балжингийн хээр бас л ширүүхэн өрсөлдөгчид байсан. За тэгээд Булдагчаагийн нэгдэл адуунаас авсан морь нь сайн давхисан. Одоо түүний хүү нь аймгийн Алдарт уяач Эрдэнэсүрэн удам залган уяа эвлүүлж байна. Балжинням гэж хүн тууварт унах гээд нэг үрээ барьж аваад явж. Тэгсэн өнөөх нь Зүүнхангайн Илжигэн хээр адууны угшилтай байсан юм. Одоо Балжиннямын хүү Ноосой Жамъяндорж гэж залуугийн морьд аймагт дээгүүрт давхиж байгаа. Энэ мэт тухайн үеийн сайн хүлгүүдийн үр төлүүд цус сэлбэгдэн сайжирч хурдалсаар л байна.
-Завхан сумын адуу ямар онцлогтой вэ?
-Манай энд Сайхан, Хүнгүй гэж хоёр гол бий. Энэ Сайхан голын унага Галдан тойны хонгор халзан морь аймагт түрүүлж байсан юм. Ойрын сумдад гүйцэгддэггүй зартай хурдан морийг аймагт түрүүлээд ирэхэд Мишиг гэж дарга авъя гээд хоргоогоод байж. Галдан тойн ч ав гээд хэлчихэж. Тэгээд гал дээрээ хүрсэн цуг явсан Бадай нь “Уясан хөлстэй морио зардаг нь яаж байгаа юм бэ. Ядаж хөлсийг нь хатаасны дараа болохгүй дээ” гэж уурлаж. Ингээд маргааш өглөө нь авахаар тохирч. Тэгсэн Бадай цэрэгт яваад ирсэн хүү Гончигоо, хонгор халзан морины унаач Совдтой хамт Наранбулаг руу үүр цайтал яваад маргааш харь гээд түрүү морийг унуулаад явуулчхаж. Тэгээд галынхаа хүмүүсийг тараагаад өөрөө үлдэж. Өглөө нь Мишиг дарга ирээд Галдан яав л гэж. Бадай “Хонгор халзан морийг алдчихсан. Манайхан цугаараа хайгаад явсан” гэвэл олох аргагүй гэж бодсон Мишиг ч явжээ. Ингэж хонгор халзан морийг авчирч байсан юм гэнэлээ. Үүнээс хойно Боохой Намжилын хар морь, Хар нүдэн Бямбажавын хар морь аймагт түрүүлж байсан. Бас Ховд аймгийн наадамд Бачаан гэж хүний Сахалт хээр түрүү магнай болж байв. Сүүлийн үед Наадайн цэнхэр, Жалцавын хатирт хээр морь бас их сайн давхисан. Ер нь удам тасраагүй л дээ. Дайны жилүүдэд морь ховордож ирсэн ч нэгдэл нийгмийн үед сайн өссөн юм шүү дээ.
-Завхан сумандаа хурдтай газар гэж бас байна биз?
-Хүнгүйн голын морьд хурдан л даа. Хүнгүйн голын Пүрэвийн хүрэнгүүд, Намжилын хар, Бямбажавын хар морьд бүгд л Хүнгүйн адуунууд байгаа юм. Зөвхөн адуугаараа ч алдартай юм биш. Эндээс их олон доктор эрдэмтнүүд төрсөн. Төв хорооны Сүрэнжав, түүний дүү доктор Галбаатар, Цэцийн дарга доктор Совд нарын 14 эрдэмтэн энэ голоос төрсөн байдаг нь юм.
-Отор нүүдэл хийж явахдаа тухайн нутаг орны адууг шинжиж л явсан бизээ. Ер нь хаанахын адуу илүү санагддаг байв?
-Урд зүгийн адуунууд сайн л даа. Хомын цагаанууд гэж цуутай цагаан адуунууд байлаа. Мөн Завхан аймгийн Дөрвөлжингийн морьд байна. Сэрээтэрийн борлог, Гүнгэнгийн хээр, Амаржавын борууд, Оно бор гээд сүрхий морьд байлаа. Ер нь Завханы адуу арай илүү юм шиг санагддаг. Энэ нь өнөө элстэйгээ холбоотой байхаа. Ургамал, Хөхморьт чинь Их, бага Монгол гэж Хүнгүйн элсэн дотор байна. Тэгэхээр тэр их элсэнд зүтгэсээр байгаад булчингийн хөгжил сайтай болсон болов уу. Унаа морьд нь ч ялгаагүй. Бид очихоороо тэндэхийн морьдыг л унана. Манай морьд тэнд явахгүй шүү дээ.
-Нэгдлийн адуугаар холио солио хийж, цус сэлбэж байв уу?
-Энд тэндээс цус холтгож авчирсан адуунуудын төл хурдан гарна. Тийм болохоор газар бүрээс л адуу авчирсан. Увс аймгийнхаа Зүүнговь, Баруунтуруунаас адуу зөөж байлаа. Зүүнхангайн Эрээн панз, Завхан аймгийн Тэсийн Нагааранз гэж хүмүүсээс адуу авчирч байсан. Ер нь адууны чанарыг нэлээд сайжруулсан. Олон газраар явж байгаагийн хэрэг юу билээ. Солиод л авдаг байлаа.
-Жороо, хатирч морьдын уралдаанд оролцож байсан уу?
-Тиймээ. Наяад оны үед Завхан аймгийн Дөрвөлжингийн Хомын Баатар панзын жороо бор морийг 4000 төгрөгөөр авч, олон ч түрүүлгэсэн. Тухайн үедээ 4000 төгрөг гэдэг их мөнгө шүү. Манай дүү ч Дөрвөлжингийн Бавуу гэж хүнээс жороо халтар морь авчирч түрүүлгэж л байлаа. Сүүлд нь би Ховд аймгийн Булган сумаас хоёр жороо үрээ авчирсан. Гэхдээ нэгдлийн зардлаар явсан болохоор нэгдэл адуунд тавьсан. Аймгийн намын хорооны Батаа гэж Ховдын Булганы хүн байсан юм. Тэр хүн намайг нутгаасаа жороо авч тавихгүй юу гэхээр нь нэгдлийн даргадаа хэлсэн зөвшөөрч, ГАЗ-66 машинтай хоёр жороогоо ачаад ирж байлаа. Ирээд сайн ч давхисан. Төлүүд нь ч энд нэлээд тарсан.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатрыг “дагуулсан” ямар ямар үйл явдлууд тэр үед болж байв?
-Тэгэхэд надтай хамт Зүүнхангай сумын хоньчин Санжжав Хөдөлмөрийн баатар болсон юм. Тэр хүн 34, би 35 дахь баатар байгаа юм. Айхтар нүсэр юм болоогүй ээ. Аймгийн баярын хурал дээр зарлиг уншаад, Алтан медаль, Сүхбаатарын одон хоёр зүүж өгөөд “баяртай”.
-Таван ханатай эсгий цагаан гэр, найр наадам байхгүй юу?
-Юу байхав.
-Аймаг, хотоос дарга нар ирвэл хамгийн түрүүнд баатрынхаар л орж гарна биз?
-Тэгэлгүй яахав. Ийшээ тийшээ бас их авч явна. Нэг удаа аймгийн цэргийн хэлтсийн дарга Лосол гэж хүн ирээд намайг машиндаа суулгаад Өлгий сум руу гарлаа. Тэнд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, сэтгэгдлээ ярь гэнэ. Би ч адуугаа сайн маллаад Хөдөлмөрийн баатар боллоо. Нэгдлийн мал маллаад байвал ингээд амжилтанд хүрдэг ухааны юм ярилаа. Тэндээс суман дээрээ ирвэл клубэд хөдөлмөрчид цуглачихаж. Энд нэгдлийн дарга дөрөв, таван метр хөх торго өгч, морио унаад л гэртээ очиж байлаа. Одоо шиг хүлээн авалт, баяр ёслол байхгүй. Баатар болсноос хойш манайхаар хүн ч их цувдаг болсон. Аймгаас ямар л хүн ирнэ, манайхаар ирнэ. Нэг хоол унд хийж, ганц шил юм гаргана. Тэр үед архи их ховор байлаа. Цалин хөлс ч бага байсан. Би чинь 500 гаруй адуу хариулаад 200 төгрөг хүрэхгүй шахуу цалин авна. Өнөөхөөсөө нэг уут гурил 70 төгрөг, цай 10 төгрөгөөр авахад сарын хэрэглээ болдог байлаа.
-Сүүлийн жилүүдэд та морь уяж байна уу?
-Морь уялгүй нэлээд удаж байна. Сар хайрхны даншиг болсон тэр жил хүүгээ хүнд өвчнөөр алдсан. Тэрний урд жил нь энэ хүү маань Ургамал суманд азарга, их нас, даага гуравтай яваад гурвууланг нь түрүүлгэчихээд ирж байлаа. Түүнээс хойш би морь ч уясангүй, баярт ч бараг явсангүй. Манайх гурван хүүтэй байсан юм. Одоо нэг хүү маань аймгийн Алдарт уяач цолтой. Морь нь сүрхий давхиж байгаа. Ноднин Дорнодын Цагаан-Овоо руу хоёр ч удаа явж адуу авчирсан нь гайгүй давхиад л байна.
-Шинэ цагийн уяа гэж яриад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ танд ямар санагддаг вэ?
-Манай хүү тэжээл шиг хэрэгтэй юм алга гэдэг юм. Би тэжээлийг нэг их ойшоодоггүй. Яахав таарах нь таардаг л байх. Хэрвээ таарахгүй бол хордлого авдаг, адууны амьсгал бурууддаг, хурд саардаг, цус нь өтгөрдөг, шингэрдэг янз бүрийн юм байна гэж би бодоод байгаа юм. Би ч морь тэжээж уралдуулж байсангүй. Бэлчээрээр идүүлж, унаж хөнгөрүүлж байгаад л уралдуулдаг байсан юм чинь. Бидний үед хөлсөлгөө сайн хийдэг байсан л даа. Морийг сайн шинждэг улс ч олон байж. Тухайлбал Боохой Намжил, Гэндмаа, Амаржав гэж. Тэгэхдээ одоо бас ч гэж морийг гадарлахгүй хүнгүй болчихож. Залуучууд гадарлаж байна. Хааяа хүүтэйгээ хамт явж байгаад асуухаар ерөнхий шинжийг нь хэлнэ л дээ.
Хараад байхнээ, одоо нэгнийгээ хараад л уяад байх юм. Уг нь тухайн мориныхоо онцлогт тааруулж уях ёстой. Хөлс нь болов уу, мах нь хөнгөрч байна уу гэдгийг морь моринд нь тааруулж уяхаас биш, хүний морь хөлсөлвөл хөлслөөд, уявал уяад, тавивал тавиад байна гэдэг утгагүй. Морь болгон адилгүй шүү дээ.
-Бидний яриа өндөрлөж байна. Манай уншигч залууст адууны маллагааны талаар зөвлөгөө өгөөч?
-Олон юм бий. Эндээс хаврын цагт л анхааралтай байх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Гүү унагална, адуу турж ядарна, ханиад томуу гарахад зөв арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Адууны ханиад халууны үед зарим хүн сумны хар дарь долоолгодог. Хавар бас адуу ядраад усан жилбэн гэж юм болно. Тэр үед толгой дээгүүр нь юм нөмөргөж байгаад шар хомоолоор утчихаар хамраас нь шар ус дусаал шиг гоожоод зүгээр болдог. Бусад цагт гайгүй дээ. Хаа очиж манай энд хортой өвс ургамал байдаггүй нь сайхан шүү. Ховдын гол руу хортой ургамал бий. Нэг амсчихаараа адуу хар тамхинд орсон хүн шиг чөдөрлөчихөөд байхад өнөө өвсөндөө хүрчихсэн байдаг гэмтэй. Энэ мэтчилэн олон арга бий.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна