Аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан: Зөв тавьсан адуу дараагийн уяандаа аяндаа эвлэрчихдэг

А.Тэлмэн
2015 оны 6-р сарын 10 -нд

Орхон аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Баярсайханы ярилцлагыг хүргэж байна.

-Удамт уяач та уяаны эрдэмд багаасаа суралцсан байх даа? 
-Тэгэлгүй яахав. Миний өвөө, аав хоёр уяач улс. Тиймээс миний бага нас морин дэл дээр л дэрвэлзэж өнгөрсөн гэж болно. Харин моринд томдоод ирэхийн цагт буюу 1995 оноос бие даан уяа сойлго тааруулах болсон. Миний анхны багш бол мэдээж аав минь. Аавынхаа зааварчилгаагаар морь уяж  эхэлсэн. Ер нь зөв эхэлсэн адуу гайгүй уралддаг юм. Тарга хүчийг нь зөв хуваарилчихад  уяа ч зөв орчихдог. Гэхдээ миний уяа жаахан тарган талдаа.
-Унаач хүүгийн амжилтуудаас сонирхож болох уу? 
-Эрдэнэтийн наадамд анх удаа мордож байлаа шүү дээ. Таван настайдаа хээр морио аман хүзүүдүүлж байлаа. Аавын уясан манай унаган адуу байгаа юм. Мөн Эрдэнэтийн баяр наадамд азарга унаж айрагдуулж байлаа. Монгол улсын Алдар уяач Батчулуун ахынхаа улсад айрагдаж байсан хээр морийг аймаг сумандаа олон удаа унаж, айраг түрүү хүртэж. 1990 оны Орхон аймгийн Жаргалант сумынхаа наадамд шүдлэн, их нас, азарга унан түрүүлгэж байсан. Тэр бол мартагдашгүй сайхан мөч байдаг юм билээ. Энэ мэтчилэн унаач байхдаа олон айраг түрүү хүртсэн дээ. Намайг уралдахын өмнө аав “Амаа сайн дарж, замаа сайн харж уралдаарай” гэж байнга захидаг байсан.
-Залуу уяачийн хувьд бие даан айраг түрүү хүртсэн нь хэзээ вэ?
-Тэр бол 1995 он. Сумынхаа наадамд бие даан анх удаа оролцсон. Хязаалан түрүүлж, соёолон аман хүзүүдэн, даага айрагдаад буцаж байсан. Мөн тэр жилээ аймагтаа соёолон, хязаалан хоёр айрагдуулсан. Энэ нь үнэхээр урам зориг нэмсэн дээ.
-Унаган болоод энд тэндээс авчирсан адуу уяа сойлгын хувьд ялгаатай байна уу?
-Холоос ирж байгаа адуу эхний жилдээ гоц амжилт үзүүлж чаддаггүй. Жил болоод нутаг орондоо дасан зохицоод амжилт нь ахиж байгаа юм.  Уяаны хувьд адууны тухайн үеийн хүч тамир, таргаасаа л шалтгаалдаг. Тэрнээс биш яг ингэж уяна гэсэн зүйл байхгүй. Гэхдээ миний бодлоор зүүн зүгийн адуу арай бэлэн давхилтай юм болов уу. Учиргүй чанга уяа орохгүй, зөөлөн талдаа уягддаг. Зүүн талын адуунд доод тал нь сарын уяа орно. Гэхдээ тарга хүчнээсээ хамаарна л даа. Миний хувьд уяа эхлэхээс өмнө тарга хүч сайтай адууг эрт эдлэн, дотрыг нь онгойлгон буцаагаад сөрж таргалуулаад уядаг юм. 
-Сүүлийн үед адууг урьдных шиг эдлэхээ больсон харагддаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? 
-Би эдэлгээг сайн хийдэг. Энэ давхидаг юм чинь гээд адуунд нь танхил байлгадаггүй. Тогтмол унаад байхгүй ч цаг тухайд нь эдэлгээг нь хийчихдэг юм.  Урьд өвгөчүүл морийг сайн эдэлдэг байсан гэдэг. Хаврын хөх салхинд уяна, намар цас ороод 15-ны сар гаргаад эдэлнэ гээд л. Одоо ч би тэгж байна. Дээр үеийн уяанаас нэг их ялгагдаад зөрөөд байхгүй байхаа.
-Уяхаасаа тавих нь гэж хөгшид ярьдаг даа.
-Наадмын дараа арав гаруй хоног хөлсөлж тарлаад л тавьдаг юм. Тавьсны дараа харж байхад зарим нэг болохгүй байгаа нь өнгө зүснээсээ шууд  л мэдэгддэг. Ахиад л суллах ажил хийнэ шүү дээ. Би голцуу хоёр, гурван хөлс аваад л тавьдаг. Зөв тавьсан адуу дараагийнхаа уяанд аяндаа  эвлэрчихээд байдаг юм.  Дээр үеийн уяачид бас тэгж тавьдаг байсан гэсэн. Намар хүйтэн усанд уяна. Гэхдээ бас тарган морины хүчийг нь авах гэж хөлийн чилээг хүйтэн усанд гаргадаг ш дээ.
-Уяачид аль нэг насны уяандаа гаршсан байдаг. Таны хувьд?
-Азарга, соёолонд гайгүй гаршаад байгаа юм болов уу гэж бодогддог. Азарга үржилд ордог болохоор нь арай хөнгөн уядаг. Морин соёолон эдэлгээ сайн даадаг, давхар уяанд улам сайжрах хандлагатай. Харин азарган соёолон эхний ганц нэг уралдаанд гайгүй байдаг ч давхар уяанд морин соёолонгоо гүйцэхгүй. Бага насны уяанд жаахан тийм байгаа. Гэхдээ энэ жил Эрдэнэтийн наадамд нэг шүдлэн үрээ айрагдуулсан. Аавын хувьд их насны мориор л олон айраг түрүү авсан. Аавынхаа туршлагаар их морины уяаг тааруулан тогтмол биш ч гэсэн таарсан үедээ айрагдаад л байна. /инээв/ Гэхдээ аавыгаа гүйцэхгүй ээ. Шинэ цагийн монгол адуу бэлэн давхилтай, хоёр гурван томоохон ажлын дараа болчихдог юм. Гэхдээ хөл нь гэмтэхдээ амархан учраас болгоомжлол хэрэгтэй.
-Улс бүсийн томоохон наадамд хэр их оролцож байна вэ?
-Томоохон наадмын амжилт гэвэл энэ жилийн Дүнжингаравт Ойдовын хул азарга айрагдсан.  Том наадамд бэлтгэл сайн байж орохгүй бол барагийн адуу орохгүй шүү дээ. 2008 оны Булганы бүсийн уралдаанд хоёр соёолон дараагаар нь оруулсан. 
-Баярлалаа. Уясан бүхэн тань хурдалж, торгон жолоогоо өргүүлж байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл №35

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна