Аймгийн Алдарт уяач С.Банзрагч: Миний цагаан адуунууд хурц гараагүй ч газар холоос цуцахгүй

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 02 -нд

Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Банзрагчтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс эхэлье?
-Би багадаа хурдны морь унадаг хүү байв. Аавынхаа, мөн авга нарынхаа уясан хурдан морьдыг унаж өссөн. Миний аав Самбуу гэж хүн нэгдлийн адуучин, морь мал уядаг хүн байлаа. Мөн эцгийн минь ах Артын мэргэн Дамбийням гэж хувилгаан хүн байв. Тэр хүн 1940-өөд онд эсэргүү хэргээр баригдаж, Өвөрмонголд 10, Монголд 10 жил шоронд суугаад гарсан гэдэг. 1960-аад оны эхээр би тэр хүний уясан саарал морийг унадаг байсан. Мөн дүү нь Жорвоо гэж өвгөн байлаа. Тэр өвгөний саарал морийг анх 1962 оны өвөл унаж түрүүлж байсан.
-1960-аад онд өвлийн уралдаан болдог байсан юм уу?
-Суманд өвлийн уралдаан болж байсан. 11 дүгээр сард Октябрийн баярын үед болдог байлуу даа.
-Таны аав Самбуу, авга ах нар тань морь уяцгааж байжээ. Ямар ямар хурдан, хурц хүлгүүд уяж сойж байсан бэ?
-Дээр үед олон адуу уядаггүй байсан даа. Манай эцэгт хурдан халтар морь, нэг хонгор азарга байсан. Тэр нь манай Галшарын Дугаржавын адуу. Одоогоор бол Батын Балжиннямын адууны дээд тал. Хурдан халтар маань аймагт айрагдаагүй ч, сумандаа олон айрагдсан. Тухайн үед аймаг руу явж уралдуулах зав гардаггүй байлаа. Хонгор азарга ч давгүй давхина. Аав маань адуугаа засагт хүлээлгэж өгөх үед би ч моринд хүндэдсэн. Харин тэр удмын үр адуунуудыг одоо би уяж хурдлуулж байгаа.
-Аймгийн аварга адуучин болж байсан тухайгаа хуучлах уу?
-Би 1976 оны өвөл цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу адгуулах болсон. Түүнээс хойш 2005 он хүртэл 30-аад жил адуу маллажээ. 1985 онд аймгийн аварга адуучин болсон. Сумандаа бол олон удаа аваргалсан даа. Адуу маллалт, унага бойжуулалтаар хоёр ч удаа аймгийн аварга болсон юм байна. Нэгдлийн сүрэг хоршоонд шилжсэн үед манай хоршоо 300-гаад адуутай, 200 орчим гүү унагална. Тэр үед 100 эхээс 80-90 унага бойжуулж аймгийн аварга унаганы эзэн болж байсан.
-Нэгдэл, хоршооны адуучид ойролцоогоор хэр олон адуу хариуцдаг байв?
-1000 гаруй адуу адгуулна. Аймгийн Алдарт уяач Аюурзана бид хоёр 13 жил цуг адуу хариулсан. Унагаа бойжуулна, эмнэг сургана, зуны цагт гүүгээ барина, жилд мянгаад литр айраг бэлддэг байлаа шүү дээ.
-Хурдан морины уяа сойлго тааруулах эрдэмд хэдийнээс шамдах болсон юм бэ?
-1970-аад оноос морь уяж эхэлсэн. Анх хадмынхаа азарган үрээг уяж билээ. Манай хадам эцэг цэдгэр Гэндэнжамц гэдэг өвгөн байсан. Тэр хүний хотонд хурдан цагаан азарга, хул морь хоёр байлаа. Дээд үе нь Нямбуусанжаагийн саарлын удмын адуу юм гэнэ лээ. Тэр морь, азарга хоёрыг би цэрэгт явахынхаа өмнө уяж байсан. 1971 онд цагаан азаргыг нь суманд түрүүлгэж, хул морийг нь дөрөвт оруулж байсан юм. Тэр үед суманд тийм ч олон морь уралддаггүй байлаа. Олондоо гэхэд 20-30 морь гарна. Хурдан морь цөөхөн ч чанартай байж дээ. Манай Сангийн далай олон хурдан цагаан морьтой газар байв шүү дээ.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэрхэн хүртсэн тухайгаа дурсахгүй юу?
-1995 онд миний хурдан буянгууд 18 түрүү, 20 гаруй айраг авч эзэндээ аймгийн Алдарт уяач цолыг авчирсан. Тэр жил би улсын наадамд морьдоо давхиулахаар тэмээн тэрэгтэй 40 хоног явж очсон. Түүнээс өмнө аймаг, сумандаа олон айраг, түрүү авсан даа. 1984 онд сумандаа гурван түрүү, нэг айраг хүртсэн санагдаж байна.
-Холын наадамд хэр одтой вэ?
-Аймгийнхаа ойнуудаар их наадсан. Баруун тийшээ Дорноговийн Иххэтийн 60 жилийн ойд очиж байсан. Сүхбаатар аймгийн наад сумдаар нэлээд явсан. Өвгөн ноёны наадам гэж том наадам хийдэг байлаа. 1994 онд тэнд саарал шүдлэнгээ түрүүлгэсэн. 1995 онд соёолон азаргаа улсад уяж, 80 хавьцаа оруулсан. Бас нэг шарга шүдлэн 41-д, хязаалан үрээгээ доохнуур оруулж ирж байсан. Түүнээс хойш улсын наадамд яваагүй.
-Дурсамжтай, сэтгэлд хоногшсон наадам олон уу?
-Сумынхаа 70 жилийн ойгоор гурван түрүү, нэг айраг аваад их баярлаж билээ. Даага, хязаалан, их нас түрүүлгэж, шүдлэнгээ тавд оруулсан. Замд бороо шороо ихтэй, тун зутруу явж очсон болоод ч тэр үү их баярласан санагддаг. Түүнээс өмнө айраг, түрүү ганц нэгээр авч л байсан. Харин олон морьд зэрэг айраг, түрүү авах арай л өөр юм билээ.
-Та Сангийн далай хэмээх газар төрсөн гэсэн. Тэндээ л нутаглаж байсан уу?
-Төрсөн нутгаасаа холдоогүй 60 жил болж байна даа.
-Тэгвэл тэндхийн адууг сайн мэдэх нь ээ?
-Манай хурдан цагаан азарганы эцэг нь саарал азарга байсан. Тэр нь Нямбуусанжаа гэдэг хүний азарга, Ооно угшилтай юм гэнэ лээ. Тэр чинь явсаар Өвгөн ноёны л адуу болох юм л даа. Манай хадмын цагаан азарга олон хурдан адуу гаргасан. Би тэр цагаан азарганы үр төлөөр аймгийн Алдарт уяач цолыг авсан хүн шүү дээ. Одоо цагаан азарганы дөрөв дэх үе нь төрөөд явж байна даа. Том цагаан азарганы төл цагаан гүүнээс гарсан цагаан азарга одоо 21 хүрч байна. Хамгийн отгон төл нь. Түүний төлүүд ч бий дээ. Хоршоо, нэгдэл гэж байхад Сүхбаатарын Эрдэнэцагаанаас 60-70-аад адуу цус холино гэж авчирч, оронд нь бас адуу өгч байсан. Манайхны адуу салхи шуурга, айхтар гамшиг болвол уруудаад зүүн урагшаа хил хүртэл явна. Нэгдлийн олон адуутай байхад олдоогүй адуу цөөнгүй. Сүхбаатар аймагт шингэсэн нь зөндөө л байх.
-Нэгэн үе Галшар адуу л хурдан гэлцдэг байсан. Одоо Сүхбаатар адуу гэж их ярих болж. Та Сүхбаатараас адуу мал авч байна уу?
-Бараг авахгүй шахуу даа. Манай сумын адуу ч хурдан нь хурдан гэж замгүй. Харин сүүлийн үед залуус морио унахгүй, адуугаа сайн эдлэхгүй байх шиг. Уядаг ганц хоёр, тоймтой хэдээ л жил бүр уяж байна. Гэхдээ сүүлийн үед манай аймгийн нэр их гарах болж. Хурдан адуу гарч байна аа, гарч байна. Мөд Сүхбаатар шиг болно байхаа. Наймаачид их явдаг ч манайхныг алгасаад явчихдаг. Галшар адуу л гэнэ. Манайхан тэр болгон уяхгүй л байгаа болохоос хурдан адуу байх нь байгаа. Хамгийн гол нь унаж эдэлдэггүйдээ нэг хэсэг нь дарагдаад байсан. 2000 оноос хойш сайн уяж, хурдлуулж байгаа шүү.
-Адуугаа сайжруулахын тухайд? 
-Одоогийн адуу өөрчлөгдөж байна. Мал хувийнх болчихсон. Хүн болгон газар газраас байдас, азарга үрээ авчирч тавьж байна. Тэгэхээр манайхны адуу сайжрах нь дамжиггүй. Харин захиргаадалтын үед цус холдуулна гэх юм байхгүй. Нэгдлийн 5-6 мянган адуу тийм л байлаа.
-Галшар адууны нэр дуулдахаа больсныг түүнтэй холбож ярих юм билээ.
-Захиргаадалтын үед малдаа дарагдсаных байхгүй юу. Адуу алдвал шоронд явна, өр шир болно. Тиймээс тоогоо л бүрэн авах нь чухал болохоос үүнийг хурдлуулаад шагнал авчихъя гэж явсан хүн ховор доо. Дээр үеэсээ хурдан адуутай газар байсан болоод өдгөө хурд үлдсэн байдаг.
-Галшар сум өдгөө хичнээн толгой адуутай болсон бол?
-Уржнан жил Хужиртад түмэн адууны баяр хийсэн шүү дээ. Энэ жил 10400 адуу тоолуулсан гэв үү дээ.
-Адуучин хүнд уурга, бугуйлын эрдэм чадал чухал биз?
-Чухал байлгүй яахав. Бидний залууд үүнийг чинь спорт гэж үзэх болж, спортын мастер цол олгодог байсан.
-Та цолтой юу?
-Би уургаар спортын мастер цол авсан.
-Энд тэндээс адуу авдаг уу?
-Дээхнэ Сүхбаатараас нэг, хоёр азарга авч байсан.
-Дээхнэ гэхээр хэдий үед аль сумаас вэ? 
-1989 оны үед юм даа. Тэгэхэд манай Хужиртад Өвгөн ноёны наадам гэж хийдэг байлаа. Уяачид их ирнэ л дээ, Сүхбаатарынхан тэр аяараа. Онгуу Манлай, Баазар гуай, Агваан багш, Жамъяншарав гэж аймгийн Алдарт уяач өвгөн бий. Тэднээс л үрээ сольж авч азарга тавьж байсан. Сайхан хурдан адуутай, өгөөжтэй улс. Миний өгсөн охин үрээ ч хурдан адуу гаргаа л байлгүй. Хурдан адуутай улс ахиад адуу авна л гэдэг байсан. Манайх нэг үе олон цагаан адуутай болж, 1990-ээд оны үед арваад цагаан адуу уяж байсан даа.
-Танай цагаануудын онцлог гэвэл?
-Миний цагаанууд айхтар хурц гараагүй ч газар холоос цуцахгүй. Газар хэдий холдож байвал үзүүр өөдөө улам явж байдаг. Тарган талдаа давхина, эцэнхий уячихвал явахгүй. Энэ яаж явах вэ дээ гэмээр харагдсан ч явж байдаг. Уул, ус голдоггүй бүдүүн тоймын зоригтой адуунууд байсан юм даа.
-Залуусын адуутай харьцах, арчлах, эдэлж хэрэглэх тал дээр танд хэлмээр юм ажиглагддаг уу?
-Одооны хүүхдүүдийн адуу малын ажилд эдэлж хэрэглэж байгаа нь туж мяндас болчихож. Залуучууд суран эдлэлээ эдэлж занших нь хамгийн чухал байна. Би өдий хүртэл сур элдэж хазаар, чөдрөө хийсээр л байна. Ноднин аймагтаа үзэсгэлэн худалдаанд оролцоод тэргүүн байр эзэлсэн. Сайхан суран эдлэл гэдэг жирийн юм биш. Суран чөдрийг дор хаяж хоёр жил эдэлнэ. Мяндастай адилхан наранд түлэгдэнгүүт тасарна гэж байхгүй шүү дээ. Элдүүр нь зөв сурны эдэлгээ сайн байдаг. Мөн өвлийн цагт сайхан үстэй дээл өмсөөд, үнэгэн лоовууз тавьчихсан яваа эр хүн харахад сайхан байдаг даа. Тийм дүр төрх ховордоод байгаа нь харамсалтай.
-Залуучууд, хүүхдүүддээ сур элдэхийг зааж сургадаг уу?
-Зааж өгнө өө. Ямар сайндаа би хүүхэд багачуулд суран хуйв хий, өөрсдөө хийж чадахгүй бол заалгаад хийлгээд ав гэж хэлдэг. Ямааны арьсаар хийсэн хуйв тасардаггүй, гурамслаад мушгичихсан хуйв, уурганы үзүүрт яаж ч байсан ороохгүй, гогцоогүй битүү байна. Толгой алдахгүй, адуу зүтгэхгүй сайхан шүү дээ. Хуйв хийхдээ ямааны арьсыг зүсэн хавханд хийгээд, үсийг нь аваад хаячихна. Тэгэнгүүт өлөн гэдэс шиг болно. Тэрийг нь дэвтээж байгаад мушгиж тослоод, хэд нидрээд л болоо шүү дээ. Үхрийн ширээр хийсэн хуйв тасраад байдаг. Давхарлаж хийхээр бүдүүн болоод уурга даахгүй.
-Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №64,65

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна