“Шүтээн” шашны эд зүйлсийн дэлгүүрийн эзэн Д.Бизъяа: Хоёр жил гаран судалж байж хурдан морины хийморийн дарцагаа бүтээлээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 03 -нд

Монголчууд эрт үеэс хүлэг морийг хүмүүний нөхөр, үйлс бүтээгч, цог золбоо, хийморь сүлдийг бадраагч, хишиг буяныг арвижуулагч салхин хүлэг морин эрдэнэ хэмээн бэлгэшээн дээдэлж ирсэн.  Үйлс бүтээл, хүсэл мөрөөдөл, аз жаргал, ерөөл буяны үрийг дэлгэрүүлэх, сайны ерөөл, заяа тавилангийн барилдлагыг цаг хугацааг товчлон ойртуулах нууцын шившлэгт увдис шингээсэн шүтээнийг “Хийморийн морь” хэмээдэг. Хурдан морины дарцаганд хийморийн морь, дөрвөн хүчтэн, найман тахил, цээрийг арилгагч Бундхорол, хийморийн морины хүслийг хангагч чандмань эрдэнэ, энх амгалангийн цагаан шүхэр, үйл бүтээх алтан хүрд, намжвандан буян хишиг дэлгэрэх өлзий, үл чадагдахуйн хас, газар лусыг аргадагч очир, бат бөхийн нацагдорж, үндэсний бэлгэдэл соёмбо, ариун тунгалгийн охь бадамлянхуа зэрэг увдист бэлгэдэлүүд нь оюун ухаан,хийморь дэлгэрүүлэх, хүмүүний үйлсийг санах дурдахын төдийд бүтээж, зам мөрийг тэгшитгэх, хажуу дэргэд болоод дээд тэнгэр газрын аюул бүгдийг зайлуулж,элдэв өвчин тахал, хар ад тэргүүтнийг арилган дарах,мууг үл оруулах увдисттай. Хурдан морины даллага сангууд, хурдан морь хурдлуулах увдист тарниуд, хийморийн санг багтаасан байдаг. Ингээд хурдан морины дарцаг бүтээгч "Шүтээн" шашны дэлгүүрийн эзэн Д.Бизъяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их цэнгэл айсуй. Хурдан хүлгийн хийморийг тэтгэгч дарцаг, судрынхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Миний аав Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн Алдарт уяач, адуучин олноо дааган хэмээн алдаршсан Дашдаваа гэж аймгийнхаа наадамд 30 гаруй жил айраг түрүү алдаж байгаагүй уяач хүн байсан юм. Би багадаа аавынхаа уясан морьдыг олон ч удаа айраг түрүүнд хурдлуулж явсан. Тэр цагаас одоог хүртэл аавынхаа морь уях эрдмийн өвлөн ах дүү нартайгаа хамтран улс, бүс, аймаг сумын олон наадмын айраг түрүү хүртсэн. Манай ах аймгийн Алдарт уяач Батбилэг, дүү аймгийн Алдарт уяач Доржзодов гэж сайн уяачид бий. Тийм болохоороо морины холбогдолтой зүйлс надад ойр санагддаг юм. Хурдан мориныхоо хийморийг сэргээхээр авсан дарцаг нь үг үсгийн алдаатай, дээр нь муу материалтай, урд зүгээс ирдэг. Сүсэг бишрэл талаасаа ийм алдаатай дарцаг хийсгэх нь учир доголдолтой шүү дээ. Тэгээд л  дэг жаягынх нь дагуу хурдан морины дарцаг бүтээе гэж бодоод “Их хүрээ” хийдийн бурханч лам нарт хандан хоёр жил шахуу судалсаны үндсэн дээр сая зургаан сарын эхээр гаргаж, олны хүртээл болгосон.   
- Хоёр өөр өнгөтэй юм. Тус тусдаа бэлгэдэл агуулах уу?
-Бурханы номонд улаан, шар, цагаан, хөх, ногоон  таван өнгийг махбодийн өнгө хэмээдэг шүү дээ. Дэлгэрүүлэгч хэмээх ногоон өнгө нь улаан, шар, хөх, цагаан дөрвөн  өнгөнөөс нь бүрддэг хэмээдэг. Тэр утгаар нь онцолсон юм. Харин шар өнгө нь мандах нарыг бэлгэддэг. 
-Хурдан морины хийморийн дарцаг хийсгэх нь ямар ямар ач холбогдолтой байдаг юм бэ?
- Хурдан хүлэг сэвтэхдээ амархан, гутаг суух олон шалтгаан байдаг. Хурдан морины хийморийн дарцаг хийсгэснээр хийморь лундаа, цог золбоо сэргэн эдгээр олон төрлийн сэв, гутгаас сэргийлнэ. 
-За тэгвэл  судрын  тухайд...
-Миний өвөг дээдсээс уламжилж ирсэн дээр үеийн судар байдаг юм. Тэрийгээ үндэслэн Рэмандаа, Хийморийн сан, хурдан морины сангууд зэрэг хэд хэдэн судрыг эмхэтгэсэн юм.
-Энэ сахиус ямар учир бэлгэдэл агуулдаг юм бэ?
-Үүнийг хийхдээ бас нэлээд хугацаанд судалсан. Гадуур зарагдаж байгаа хурдан морины сахиус эсвэл дээшээ доошоо буруу харчихсан, үг үсгийн алдаатай бичсэн байдаг юм билээ. Шашин соёлын чухал үнэт зүйл ёс журмын дагуу үнэн зөвөөр хийгдэж байж увдис шидээ үзүүлэн хурдан морийг хамгаална уу гэхээс буруу хазгай хийгдсэн зүйл эсрэгээрээ сөрөг байдлыг ч дагуулж болно. Энэ бүхнийг тооцож, алдаа мадаггүй, бэлгэ дэмбэрэл, гүн агуулга бүхий сахиусыг бүтээсэн юм.  
-Уяачдад аргагүй хэрэгтэй зүйл юмаа?
-Бурхан шашны зүйл нэг үе хориотой байгаад 90-ээд оноос ахин дэлгэрсэн. Тийм болоод ч тэр үү монголчууд маань сахиус гэж юу вэ, ямар байх ёстой юм, ямар ямар сударыг залах, ямар саягтай байх ёстой юм гэдгийг тэр болгон мэддэггүй. Тиймдээ ч зөрүү бурууг нь мэдэхгүй хэрэглэж байгааг л засаж залруулахыг хичээж байна. Бидний өвөг дээдэс хурдан морины хүүхдийн хувцас, нөмрөгийг махбодийн таван өнгөөр хийж, дөрвөн хүчтэн, хийморийн морь  зэргээр чимэглэдэг байсан юм билээ. Бид тэр дагуу нь мөн уралдаанч хүүхдийн нөмрөг хийсэн.
- Энэ бас учир бэлгэдэлтэй эд байх. Юу вэ?
-Энэ бол улаан, цагаан зандангууд. Эдгээр нь таван тансаг үнэртний нэг юм. Тиймдээ ч монголчууд эрт үеэс хэрэглэж морины гутаг, сэвийг арилгах ариун утлага болгон хэрэглэж ирсэн. Аав маань намайг багад адуу малаа утаж ариулдаг байсан. Гэтэл гадуур зарим нэг газар худалдаалагдаж байгаа нь хольцтой болчихсон, тиймээс өөрөө хэрэглэхийн хажуугаар уяачдадаа цэвэр занданг хүргэх гээд авчираад байна.
- Олон сайхан хэрэгтэй мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

Хаяг: Төв гандан, Шар ордон Шүтээн шашны дэлгүүр
Утас: 9915-6865, 9912-7830

А.Энхжил

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.212

    Сайхан ярилцлага болж. Адуу гэдэг хиймортой амьтаны ая эвийг олж, шандас сойлгийг нь тааруулна гэдэг хэн дуртай нь хийх ажил биш юм шиг санагддаг. Уяач удмын сайхан үргэлжлэл болсон залуугийн бүтээсэн дарцаг зөв зүйтэй ёс жаягийн дагуу бүтээсэнд талархаж байгаагаа хэлэх зүйтэй болов уу. Нээрээ ч бид урагшаа эрээнд очиж зөв ч юм уу буруу ч юм уу мэдэхгүй очиод л энийг хийгээд өгөөч хэвлүүлээд аваад ирдэг нь үнэн шүү. Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн ийм сайхан адууны хийморь сүлдийг өргөсөн дарцаг аа авч монгол хүн монголынхоо төлөө хөрөнгө оруулалт хийцгээе гэж уриалмаар санагдлаа. Амжилт бүхнийг хүсэн ерөөе. Уясан хүлэг болгон нь түрүү магнай торгон жолоо өргөх болтугай гэж ерөөл хүсье.

    Reply