Улсын Аварга адуучин Э.Түвшиндондог: Миний хоёр өвөө хоёулаа Монгол улсын Алдарт уяачид

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 20 -нд

Монгол улсын 21 аймгаас шалгарсан шилдэг адуучид Хүй долоон худгийн дэнжид цугларч шилдгийн шилдэгээ тодруулсан. Энэ тэмцээний ялагчаар Дорнод аймгаас ирсэн Э.Түвшиндондог тодорсон. 2015 оны Монгол улсын Аварга адуучин Э.Түвшиндондогоос баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
- Шилдгийн шилдгээр шалгарсанд баяр хүргэе.
- Баярлалаа. Аймгийн аварга адуучин шалгаруулах тэмцээн зургаан сарын 28-нд болж тэрэндээ оролцоод наашаа ирлээ. Шилдгийн шилдэг шалгаруулах “Адуучин 2015” тэмцээндээ ямар ч байсан санасандаа хүртэл оролцож түрүүлсэндээ баяртай байна.
- Өмнө нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв уу?
- Өнгөрсөн жилийн үндэсний спортын тавдугаар наадамд ташуур шүүрэлтийн төрөлд түрүүлж, уран бугуйлчийн төрөлд гуравдугаар байранд орсон. Энэ жил уран уургач төрөлдөө хоёрдугаар байр, нийлбэр дүнгээр шилдгийн шилдэг адуучнаар шалгарлаа.  
- Өнгөрсөн жилтэй харьцуулахад адуучдын чадвар ямар байна?
- Бүгд л чадвартай өрсөлдөгч байлаа. Адуучдын ур чадвар өмнөх жилээс илүү чангарсан байна. Ноднин морьтой шургуу, явган шургуу, бугуйлдах нь бугуйлаараа, уургалах нь уургаараа гээд чаддаг чаддагаараа л байсан бол энэ жил бүгд ялгаагүй морьтой уургалж явган бугуйлдлаа. Үүгээрээ л ялгаатай болж байгаа юм уу даа.
- Сэтгэлд үлдсэн нь ямар тэмцээн байна?
- 2005 онд аймгийнхаа тэмцээнд анх орж байсан. Тэрнээс хойш олон тэмцээнд орсноос энэ жилийн аймгийн аварга, ноднингийн улсын аваргын тэмцээн л хамгийн их сэтгэлд хоногшсон доо.
- 21 аймгаас ирсэн шилдэг адуучидтай өрсөлдөхөд аль аймгийн адуучин аль төрөлдөө илүү санагдав?
- Оролцож байгаа адуучид тэмцээнийхээ бүх төрөлд сайн байлаа. Тэр энэ гэж онцлоод яахав бүгд ялгаагүй ур чадвар, бэлтгэлтэй байна.
-Танай аймгийн хувьд аль төрөлдөө илүү давамгай вэ?
- Морины уналга эдэлгээ монгол түмний ахуй амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс бүх л аймаг адилхан. Гэхдээ минийхээр манай аймгийн адуучид уургандаа л илүү байх.
-Тэмцээний бэлтгэл хангалттай хийж чадав уу?
- Нутгийнхаа залуучуудтай бэлтгэлийг хангалттай хийсэн шүү. Хөдөөгийн залуучууд нэг үеэ бодвол морио унадаг болоод байна. Өнгөрсөн өвөл манай аймагт Түмэн адууны баяр болж,  “Адуучин” тэмцээн зохион байгуулагдахад олон залуучууд орсон. Ер нь энэ тэмцээн зохион байгуулагддаг болсноор залуучуудын морь унах идэвх сэргэж байгаа.
- Та уяа сойлго тааруулдаг уу?
-Багаасаа өвөө, аавынхаа уясан морийг унадаг байлаа. Сүүлдээ бие даагаад уяа тааруулах болсон. Энэ жил “Адуучин” тэмцээндээ оролцох гээд морь уясангүй. Миний хоёр өвөө Д.Дугарсүрэн, О.Шадав нарын МУ-ын Алдарт уяачид. Тэднээрээ их бахархаж явдаг даа.
- Удамт уяач амжилт арвин биз?
- Одоогоор улс, бүс, аймгийн наадамд уралдаагүй ээ. Бэсрэг наадмаас л ганц нэг айраг аваад байна.
- Ярилцсанд баярлалаа. Дээдсийнхээ цолонд хүрээрэй. Амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна