Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболд: Хавчиг шүд нь гарчихсан болохоор азарганд уралдуулсан

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 11 -нд

-АХ-ын 94 жилийн ой,  төрийнхөө их баяр цэнгэлд адуун сүргийн манлай азарга аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Энэ жил нийт нутгаар зуншлага гандуу, тэр нь морьдын уяа сойлгонд нөлөөлсөн нь харагдаж байна. Өвөл хэдийгээр тэжээсэн ч, хавар олигтой ногоолж, цадаагүй учраас морьд жаахан бяр муутай байх шиг. Гэхдээ төрийн наадам сайхан боллоо. Ахын маань азарга гурваар давхилаа.
-Соёолон үрээ гэсэн. Азарганд мордуулах нь илүү боломжтой хэмээн үзсэн юм уу?
-Хавчиг шүд нь гарчихсан байсан юм. Уралдааны урьд өдөр шүдэлгээний комиссынхонд үзүүлсэн дээ. Тэгсэн хавчиг шүд нь гарчихсан учраас соёолонд уралдуулах боломжгүй гэсэн. Тэгээд л азарганд мордуулсан даа. Сунгаанд ч гэсэн азаргануудтай  сунгаж байсан л даа.
-Сунгаануудад яаж давхиж байсан бэ?
-Манай тэр хавийн уяачид  ногоо арай гайгүй гарсан 12 дугаар зөрлөгийн орчим бууж, тэндээ морьдоо уяцгаасан. Сунгаанд миний хээр азарга хурдан байсан л даа. Ер нь хол ирж байсан.
-Айрагдчих байх гэсэн тооцоо бол байжээ дээ?
-Бодож л байсан. 
-Хэдэн насны морь мордуулсан бэ?
-Ноднин улсад айрагдсан Оч бор хязаалан маань 11,12-оор ирлээ. Бас нэг даага явуулсан, айхтар гавьсангүй ээ. Их насны морио Цагаан хөтөл дээрээс татуулчихлаа.
-Улсын наадмыг залгаад бүсийн уралдаанууд болно. Хаашаа явж наадахаар  төлөвлөж байгаа вэ?
-Бүсийн наадамд явахгүй ээ. Хээр азарга бага адуу шүү дээ. Сая нэлээд ядарсан байна лээ. Тиймээс энэ жилийн хувьд ингээд амрааж байгаа. Сайн адууг гамнаж уралдах хэрэгтэй л дээ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна