Манлай уяач О.Батбилэг: Цаашдаа анхаарахгүй бол олон уяачийн урмыг хугалж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байна

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 11 -нд

-Ах дүү хоёрын азарга шил даран орж айрагдлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-Манлай хэдэн насны морь мордуулсан бэ?
-Нас болгонд мордуулсаан. Азарга гурваар давхиж, эрлийз дунд насны ангилалд Үзмэн бор маань түрүүллээ. Бусад нас гайгүй ээ  дээхнүүр л давхилаа.
-Энэ жилийн баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үүлдэрлэг байдлаар ялгах тал дээр цаашдаа анхаарахгүй бол олон уяачийн урмыг хугалж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байна. Шүдлэнд гэхэд зуу гаруй үрээ хасагдлаа. Тэгсэн хэр нь дааган дээр ялгаж салгасан юмгүй. 200 гаруй үрээ мордоход ихэнх нь эрлийз байх жишээтэй.
-Таныхаар яаж ялгавал зөв бэ?
-Сэрвээний өндрөөрөө хэмжээд уралдуулчихвал ямар нэг  маргаан гарахгүй ш дээ.
-Шүдлэн дээр танай уяанаас хасагдсан уу?
-Манайх хоёр шүдлэн мордуулсан, хоёулаа хасагдсан байна лээ. Уг нь арга байхгүй Монгол үрээ шүү дээ. 
-Сүүлийн жилүүдэд тогтмол амжилт үзүүлж байгаа Сугарын хул мордсон юм уу?
-Мордсон. Улсад 13-аар орсон.
-Азарганы айргаар цолоо мялаасан Манлай орон нутгийн уяачдад заавар зөвлөгөө нэлээд өгдөг болсон сураг дуулдсан. Хаашаа хаашаа явав?
-Даваасүрэн гишүүний урилгаар Хөвсгөлд очиж, мэддэг чаддагаасаа хуваалцсаан. Ер нь ажиглаад байхад орон нутгийн уяачид тэжээл, гэдэстэй холбоотой зүйлийг их асуух юм билээ. Адуу болгон харилцан адилгүй ч мэддэг чаддагаа хэлж л явсан.  
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг. Хаашаа явж наадахаар зэхэж байна вэ?
-Морьдоо хоёр ялгаад Өвөрхангай, Булган руу явах санаатай байна.
-Дараа дараагийн уралдаан­уудад нь амжилт хүсье.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна