Ё.Эрдэнэсүх: Хүрэн үрээ маань энэ жил гурав түрүүлж, нэг айрагдаад байна

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 18 -нд

Төрөлх сумынхаа 90 жилийн ойд шүдлэн түрүүлгэсэн “Оргилон дэлгэрэх ус” ХХК-ийн захирал Ё.Эрдэнэсүхийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Төрөлх сумынхаа түүхт   90 жилийн ойн баяр наадамд шүдлэн түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Ээжийн минь төрсөн нутаг  Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Олон газрын хурд цугласан энэхүү уралдаанд хүрэн шүдлэнгээ түрүүлгэсэндээ баяртай байгаа. Хүрэн үрээ маань энэ он гарсаар гурав түрүүлж, нэг айрагдаад байгаа юм.
-Хаа хаана наадав?
-Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлээд, Түмэнцогт сумын наадамд дөрвөөр давхисан. Түүний дараа  Түвшинширээ суманд болсон бооцоот уралдаанд түрүүлээд, сая сумынхаа 90 жилийн ойд дахин өнгөллөө.
-Даагандаа яаж давхисан юм бэ?
-Даагандаа Хэнтий аймгийн баяр наадамд уралдаж, 170 гаруй  үрээнээс  дөрөв, таваар явж байгаад шахагдчихсан юм. Жаахан хүүхдээр унуулчихсан чинь томчууд нь шахаад гаргачихсан байна лээ. Тэгэхээр нь татуулчихсан.
-Хүүхдээ зөв сонгох нь амжилтын нэгээхэн хэсэг болдог.  Сая ямар хүүхэд унасан юм бэ?
-Алдарт Монгол хээрийн эзэн Түвшинширээ сумын харьяат,  аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж ахын ач Эрдэнэбаяр гэдэг хүү унасан. Миний энэ хүрэн үрээ Пүрэвдорж ахын адуу шүү дээ. Өнгөрсөн жил  би даагатай гүү авсан юм. Тэгээд өөрөөр нь уяулж, ачаар  нь унуулаад түрүүлгэлээ.
-Түвшинширээ хэзээнээсээ хурдтай нутаг. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа  тааруулж байв уу?
-Манай аав Сүхбаатар аймгийн Уулбаян сумын  хүн. Ёндон гэж моринд дуртай сайхан хүн байсан юм. Аав маань орон нутагтаа  бол сайхан наадчихдаг уяач. Харин миний хувьд морь уяад 10-аад жил болохдоо томоохон наадмаас гурван түрүү, нэг айраг аваад байна.
-Улсад уралдаж байсан уу?
- Улсын баяр наадамд миний морьд 20 гаргаад л модтой давхидаг юм. Энэ жил улсын баяр наадамд соёолон 59-д давхилаа. Бас нэг  хязаалан Төв аймгийн Баянчандмань  сумын наадамд 32-т орсон. Сумын ойд хоёр шүдлэн мордуулж, хонгор нь 21-ээр давхилаа. Ийм л амжилттай наадаж байна даа.
-Сумынхаа ойд  хэдэн насны морь мордуулсан бэ?
- Гурван насны морь уралдуулсан.
-Залуу уяачийн дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
 -За баярлалаа. Сайхан нутгийн минь түүхт ойн баярын мэдээ мэдээллийг Монгол орон даяар хүргэх гэж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье.

А.Энхжил


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна