“Допанлин” хийдийн хамба лам Н.Чүлтэм: Шарга азарга маань дөрөв түрүүлж, хоёр айрагдсан

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 18 -нд

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 90 жилийн ойд хязаалангийн түрүү хүртсэн “Допанлин” хийдийн хамба лам Н.Чүлтэмтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Төрөлх сумын түүхт ойдоо хязаалан түрүүлгэсэнд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сумынхаа түүхт 90 жилийн ойд азарга, хязаалан хоёр мордуулсан. Газар газраас цугласан хурдан тууртаас хүрэн хязаалан маань түрүү магнайд хурдалсанд маш их баяртай байна. Азарга тамир муу, замаас нь татчихлаа.
-Хүрэн үрээнийхээ удам угшил, амжилтын товчооныг танилцуулаач?
-Эцэг нь МУ-ын сайн малчин, аймгийн Алдарт уяач Ц.Мижиддорж гэдэг хүний унаган шарга азарга. Би 2010 онд Нэргүйн Авирмэд гэдэг хүнээс худалдаж авсан юм. Тэгээд л хурдан моринд шимтэх болсон доо.
-Харин эх нь...?
-Эх нь Мөнххаан сумын Өндөр Чулуун гуайн Өндөр зээрдийнх нь төл хүрэн гүү. 2012 онд Чулуун гуай надад бэлэглэсэн юм. Хүрэн үрээ даагандаа Түвшинширээ сумын хийдийн ойд 150 дааганаас 20-д ирсэн. Тэгээд л гайгүй хурд гарч магад гээд тэр жилээ өнжөөгөөд шүдлэнгийнх нь хавар Галшар сумын Хан-Уул тахилгад уралдуулж долоогоор давхиулсан. Түүний дараа Мөнххааны Бүрэнцогтын уурхайн уралдаанд еслөөд, Түвшинширээ сумынхаа баярт долоолсон. Тэндээсээ Дорноговийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд очиж 15-аар давхиад, Галшар суманд болсон нэг уралдаанд зургаалсан юм байна.
Хязааландаа болохоор Үнэгт хайрхан уулын тахилгад айргийн дөрөвт хурдлаад давхар уяагаар сумынхаа ойд түрүүлж байгаа юм.
-Харьцангуй залуу уяач бололтой. Хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Морь уясан цагаас хойш 20-иод айраг, түрүү авсан байна лээ. Шарга азарга маань гэхэд л дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Ахын 2012 онд бэлэглэсэн хязаалан надад ирээд Хэнтий аймгийн Сэцэнханы хурдад  дөрөвт ороод, намар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уулын тахилгад түрүүлсэн. Тэр жилийнхээ 10 сард МУ-ын анхны Ардын баатар Гонгор агсны мэндэлсний 100 жилийн ой, Хэнтий аймгийн Баянхутаг суманд болж, хязаалан үрээ соёолонтой уралдан түрүүлж байлаа.
Соёолондоо болохоор Түвшинширээ сумынхаа хаврын уралдаанд түрүүлж, Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд аман хүзүүдэн, Дэлгэрэх суманд болсон “Тайжийн хурд”-д түрүүлсэн. Тэр зунаа  Хэнтий аймгийн Дархан сумын 90 жилийн ойд гуравлаад, хоёр хоногийн дараа Жаргалтхаан сумын ойд аман хүзүүдсэн. Энэ азаргаа би Саран хээр гэж нэрлээд байгаа. Энэ жил долоотой, ид жагсаж яваа хүлэг байна.
-Хурдан буян юмаа?
-Тийм шүү. Миний морьдын уяа, сойлгыг  манай ах,  сумын Алдарт уяач Ариун-Олз гэж хүн тааруулдаг.
-Олон газраас хурд цуглуулав уу?
-Аавын адуунаас бий. Мөн хадам аав Ц.Мижиддоржийн адуунаас ч бий. Дээр нь Дорноговийн Тайж, Банди угшлаас байна. Мөн Монгол хээрийн эзэн Пүрэвдорж ах маань хээр гүү бэлэглэсэн.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Хурдан морь унадаг байсан. 1991 онд сумынхаа баяр наадамд шүдлэн үрээ айрагдуулж байлаа. Есөн нас хүрээд лам болж, хийдэд шавилснаас хойш хурдны морь унаагүй. Манай аав Галшарын Өвгөн ноёны Норовын хүрэн гэж адууны угшилтай адуутай. Өөрөө ч залуудаа уяа тааруулан Хув хүрэн морь болон хэд хэдэн их морьд нь айраг, түрүүнд хурдлан амжилт гаргаж байсан гэдэг юм.
-Улсын баярыг залгаад бүсийн уралдаанууд болно. Та зүүн бүсийн уралдаанд явах уу?
-Тэгэлгүй яахав. Сүхбаатар аймгийнхаа Зүүн бүсийн уралдаанд хүрэн хязаалангаа авч явах гээд ажил хийж байгаа.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна