Тод манлай уяач Д.Дагвадорж: 20 жил төрийн наадамд морь мордуулж байна

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 20 -нд

-Төр, түмнийхээ их цэнгэлд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд  миний өсгий цагаан зээрд морь аман хүзүүнд хурдалж,  гал уяаныхан маань сайхан наадлаа.
-Тод манлай өнөө жил хэдэн насны морь мордуулсан бэ?
-Би зургаан насны 30-аад морь уясан. Азарга 40-өөдөөр, соёолон 10-т ирсэн. Шүдлэн хасагдаад уралдуулсангүй. Хязаалан бас арваадаар ирлээ.
-Даага...?
-Даага мордуулаагүй ээ. Монгол даага мордуулаад нэмэргүй болж дээ. Би ММСУХ-ны дэд тэргүүний сонгуульт албатай. Холбооноос гаргасан аливаа дүрэм, журмаа мөрдөж, зохих ангилалд нь морьдоо уралдуулдаг. Нэгэнт тэр ангилалдаа амжилт гаргахгүй боломжгүй байхад мордуулаад яахав.
-Байгаль, цаг агаарын байдал хүндхэн наадам боллоо? 
-Тэглээ. Энэ жил хот  тойроод их гандуу байна. Энэ хавийн адуу тэжээлтэй тулдаа л уралдсан байх. Зуншлага сайтай Дундговь чигийн уяачид их сайхан наадлаа. Наадам өгөө, аваатай даа.
-Морьдыг ялгах асуудал нэлээдгүй маргаан дагууллаа. Энэ асуудлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй яаж шийдвэрлэвэл зохилтой вэ?
-ММСУХ бол 60 гаруй мянган уяачийнхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Нийт уяачдын дийлэнх нь буюу 70, 80 хувь нь “уралдах морьдыг ялгах нь зүйтэй” хэмээн үзсэн учраас түүнийг үндэслэн ялгах арга хэлбэрийг гаргасан. Түүнийгээ баяр наадмын хурдан морины салбар комисст хүргүүлсэн. Хамгийн гол нь морины комисст байгаа зарим нэг нөхдүүд түүнийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргаж, уяачдыг хохироож байна. Та бүхэн мэдэх байх, манайх холбооноос баяр наадмын комисст хүн ордоггүй шүү дээ. Төрийн наадам гэдэг утгаар нь морь  мэдэхгүй баахан дарга нар ордог. Тэгээд л будилаан гаргаж, уяачдыг талцуулж байна шүү дээ. Энэ нь монгол наадмын нэр хүндийг унагааж, олон уяачийн эрх ашгийг зөрчиж, хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байгаа учраас цаашдаа төр засаг, наадмын комиссын нөхдүүд анхааралдаа авч хариуцлагатай хандах хэрэгтэй. Ёс, зүй, сахилга батын алдаа гаргасан бөхчүүдтэй хариуцлага тооцдог шүү дээ. Түүн шиг уяачдын холбоо  ч гэсэн зохих ангилалд нь морио уралдуулалгүй санаатайгаар наадам будилуулсан уяачдад хариуцлага тооцдог механизмыг боловсруулах хэрэгтэй. Энэ бол ганц миний бус нийт уяачдын хүсэл шүү.
-Шүдлэнгийн уралдааны үеэр цөөнгүй монгол үрээ хасагдсан байна лээ.
-Тэр холоос төрийн наадмаа зорьж ирсэн уяачийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж дахин ингэж хохироодог асуудалд цэг тавих хэрэгтэй. Дараа жилийн наадмаар үүн дээр гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгж байж монгол түмний наадам гэдэг гол агуулгаа хадгална шүү. Ер нь хэл, ам хэрүүл тэмцэлтэй наадам юу нь сайхан байхав дээ.
-Ингэхэд та төрийн наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-1996 оноос хойш гэхээр яг 20 жил болж байгаа юм байна. 1998 оны улсын наадамд зээрд соёолон аман хүзүүнд хурдлуулснаас хойш төрийн наадмаас олон айраг, түрүү авсаан. Улс, бүсийн наадмаас гурван түрүү, арав гаруй айраг авсан байх шүү.
-Тод манлайн дараагийн наадам “Говьшанхын хурд-5” уу?
-Тэгэлгүй яахав. Манай “Ажнай” корпорациас зохион байгуулдаг уралдаан шүү дээ. Энэ жил орон нутгийн удирлагуудтайгаа ярилцаад аймгийнхаа наадамтай цуг хийхээр болсон.
-Сайхан наадаарай, амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №68

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.