Тод манлай уяач Д.Ганбаатар: Унаган морьдоороо хоёр түрүү, хоёр айраг хүртэн урамтай сайхан наадлаа

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 21 -нд

-Тод манлай ах дүүс одтой сайхан наадаж, их насны морьд дараагаар нь орууллаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Шинэ Арслан төрж, сурын харваанд нэг гэр бүлийн гишүүд түрүүлэн, төрийн наадам дуулах сонинтой сайхан боллоо. Жилийнхээ өнгөөр морьд сайхан байсан, сайхан давхилаа. Манайхан унаган морьдоороо хоёр түрүү, хоёр айраг хүртэн урамтай сайхан наадлаа. Энэ бол олон жилийн хөдөлмөрийн үр шим. Аливаад сайхан сэтгэлийн үүднээс хандаж, чин шударгаар хөдөлмөрлөвөл үр дүн ирдгийг харуулж буй явдал юм. Соёолон нас бол Монголчуудын хийморь золбооны бэлгэдэл болдог. Тэр сайхан бэлгэтэй насанд хурдан зээрд үрээгээ түрүүлгэлээ. Сайхан байна.
-Сүүн шарга сунгаануудад өнгөлж байсан. Харин зээрд үрээ хэрхэн давхиж байсан бэ?
-Айрагдчих болов уу гэсэн горьдлого байсан. Шарга морио сунгаануудад сайн байсан болохоор лавхан уралдана гэж итгэж байлаа. Халтар морь ч гэсэн сайхан байсан. Олон уяачид бүгдээрээ л айраг, түрүүнд багтана гэж ирдэг учраас итгэлтэй байхын аргагүй л дээ. Хонин жил ах дүү бидэнд хайр хишгээ харамгүй хайрлаж, уясан хүлгүүд маань хурдан байлаа. Үүнийгээ дагаад ажил үйлс маань ч сайхан өөдлөн дэвжих байх хэмээн бэлгэшээж байна даа.
-Батчулуун Манлай манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Онон, Максын ах дүү хоёр эртнээс адуугаа сайжруулсан. Эднийхний адуунаас сайн их морь төрөх цаг нь болсон” гэж байсан нь ортой байжээ?
-Их насны морь түрүүлгэж айрагдуулах том аз хийморь, хүндэтгэл байдаг. Уяачид их насны морь түрүүлж, айрагдаж байж том өм нээгддэг хэмээн бэлгэшээдэг. Тэр ч утгаараа зарим нэг нь уралдахаа байсан сайн их морийг худалдаж авдаг шүү дээ. Манлайн хэлсэнчлэн ах бид хоёр адууны төлөө хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэж байгаа. Түүнийхээ үр шимийг амсах сайхан байна. Энэ жил би Алтай нутгийнхаа нутгийн зөвлөлийн дарга гэсэн хариуцлагатай албыг авсан. Төрийн наадамд их морь айрагдуулж, соёолон түрүүлгэж, Алтайчуудынхаа хийморийг өргөлөө. Та бүхний минь ажил үйлс хүлгийн хийморь мэт өөдөө байх болтугай хэмээн ерөөж сууна даа.
-Өнгөрсөн жил  Ламын Гэгээний даншигт шарга нь түрүүлж, халтар нь айрагдсан. Ер нь Баянхонгорын дэвжээ ах дүү хоёрт ээлтэй байдаг байх шүү?
-Тиймээ, Архангай, Өвөрхангай, Баянхонгорын дэвжээ  бидэнд ээлтэй байдаг. Монголчууд урьдын ерөөл гэж ярьдаг шүү дээ. Тийм ерөөл нь байдаг уу айраг, түрүүгээ харамгүй сайхан хайрладаг юм. Олон сайхан хурдан буянгуудыг маань Чингисийн баатрууд унаж түрүүлгэж айрагдуулдаг. Морь түрүүлж, айрагдана гэдэг олон хүний хүч хөдөлмөрийн үр шим байдгийг та бүхэн мэдэх байх. Туслах уяачид, Чингисийн баатар унаач хүүхдүүд гээд.
-Танай унаачид ч адтай шүү?
-Манай Өөдөс бол яах аргагүй бурхнаас заяасан сайн унаач. Төрмөл хурдан амьтан гэдэг шиг ясны сайн унаач байгаа юм. Одоо Өөдөсийн шавь нар Алтанхундага, Отгонхундага, Цэрэндаваа, Гансүх гээд  сайн унаачид төрж байна. Зарим нь ч хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрлээ.  Макс галын морийг унаж хурдлуулсан үе үеийн уралдаанч хүүхдүүдэдээ ах бид хоёр талархаж явдаг юм.
-Тэгэлгүй яахав. Аль бүсийн наадамд уралдахаар зэхэж байгаа вэ?
-Ярьж байгаад шийднэ дээ.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна