“Тэргүүн инвест” компанийн захирал А.Батбаатар: Саарал морь маань том амжилтын өмийг нээсэн байхаа

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 25 -нд

-АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд их насны морь айргийн таваар хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл маш их өндөр байна. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд саарал морь маань таваар давхиж, төрийн наадмын анхны айргийг авчирлаа. Та бүхэн анзаарсан бол  саарал морь маань хойноос зүтгэж орж ирсэн шүү дээ. Монголчууд их морь өм нээдэг хэмээн бэлгэшээдэг. Саарал морь маань том амжилтын өмийг нээж өгсөн байхаа. Сэтгэл хангалуун сайхан байна.
-Саарал морь тань сунгаануудад хэдээр давхиж байсан бэ?
-Сунгаан дээр 20-иодоор л ирж байсан. Миний саарал морь зам холдох тусам явдаг адуу. Дулаахан нартай өдөр байсан болохоор арав дотор ирчих болов уу гээд л хүлээж байлаа.
-Хонгор нутгийн уяачдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн саарал морины эзэн хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Адуутай болоод зургаа, морь уяад гурван жил болж байнаа. 2009 онд манай найзын аав Ар жанчивлангийн Очирхуяг гээд ахаас том хээр азаргатай адууг нь  худалдаж авсан юм. Өөрийн гэсэн адуу малтай болчихоор эрхгүй морь уямаар санагддаг юм билээ.Тэгээд 2012 оноос эхлэн морь уяж, Улаанбаатар хот тойрсон аймаг, сумдаар  голдуу наадсан даа.
-Харьцангуй залуу уяач  юм байна. Хаа, хаанаас хурдан морь авч байв?
-Сүхбаатар аймгийн Асгат, Халзан сумдаас хэд хэдэн үрээ авсаан.
-Анхны айраг, түрүү хүртсэн наадам уяачийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээдэг. Тийм наадмын дурсамжаасаа хуваалцаач ?
-Атарт болсон хаврын уралдаанд хүрэн үрээгээ аман хүзүүнд хурдлуулж, анхны айргаа хүртэж байлаа.Түүний дараа 2012 оны улсын наадамд хязаалангаа 30-аадаар давхиулаад их урамшсан. Түүнээс хойш том бага олон наадмаас айраг, түрүү хүртэж байнаа.
-“Морин-Эрдэнэ” галын гишүүн болсон нь хэзээ вэ?
-Жил гаруй болж байна. Манай галын уяач Батцоож бид хэд найзууд л даа. Өмнө нь албан ёсоор галд ороогүй ч найз нөхдийнхөө морийг дэмжээд хамт явдаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс албан  ёсоор галын гишүүн болсон.
-Хийморилог залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна