Аймгийн Алдарт уяач Х.Пүрэвдорж: Ганц үрээтэй ирээд айрагдуулчихлаа

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 27 -нд

-АХ-94 жилийн ойн баяр наадамд соёолон аман хүзүүнд хурдлуулсан эрхэм танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Төрийнхөө баяр наадамд ганц морьтой ирээд түүнийгээ айрагдуулсандаа баяртай байна.
-Дуу хуурын өлгий нутгийнхан бахархам сайхан наадлаа.
-Тэглээ. Манай аймгийн уяачид нэг түрүү, долоон айраг авсан байна лээ. Миний хувьд зээрд үрээнийхээ уяа сойлгыг нутагтаа тааруулж байгаад 7-р сарын 11-ний орой Ногоон давааны ард ирж хоноод 12-ны өглөө эрт тав гэж байхад Хүйн долоон худагт ирж, үрээгээ мордуулсан.
-Ганц үрээтэй зорьж ирж уралдахыг бодоход сунгаанд сайн байжээ дээ?
-Тиймээ. Сайн байхаар нь улсын наадамд явъя гэж шийдсэн юм.
-Төрийнхөө наадамд хэд дэх удаагаа ирж байна вэ?
-Би анх удаа ирж байна. Өмнө нь аав, дүү хоёр маань халзан үрээтэйгээ ирж, айрагдуулж байсан.
-Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өө сайхан л болдог юм байна. Бороо хур ороогүйгээс болоод шороо тоос ихтэй байлаа. Бусдаар дажгүй дээ.
-Зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэж, төрийн наадмын хишиг хүртлээ...
-Тэглээ. Та бүхэн харсан бол миний зээрд үрээ хойноос орж ирсэн шүү дээ. Гурав руу орж ирээд, урагшилж аман хүзүүдсэн.
-Аав минь харсан болоосой гэсэн бодол төрөө байлгүй?
- Аа, тэгэлгүй яахав. Бодогддог юм билээ.
-Алдарт айлын хэд дэх хүүхэд билээ?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Бид эцэг эхээс дөрвүүлээ. Гурван хүү, нэг охин. Гурван хүү нь гурвуулаа морь уядаг, гурвуулаа аймгийн Алдарт уяачид.
-Хуягбаатар агсан мөн аймгийн Алдарт уяач цолтой байсан санагдана?
-Тиймээ. Манайхан цөм аймгийн Алдартууд. Дүү нар маань энэ жил улсад ирээгүй ээ. Сум орон нутагтаа сайхан наадсан.
-Алдартын дараагийн наадмыг сонирхож болох уу?
-Өмнөговь руу л явах санаатай байна даа.
-Сайхан наадаарай. Амжилт хүсье.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна