Аймгийн Алдарт уяач Л.Ганбат: Морь уясан анхны жилээ гурван айраг хүртсэн

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 31 -нд

“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Л.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Москвагийн технологийн сургуулийн дипломтой эрхэм яаж яваад морьтой холбогдчихсон юм бэ?
-Миний авга ах Улаан-Уул сумандаа нэгдлийн 600 гаруй адуу хариулдаг, аймгийн хоёр удаагийн аварга малчин хүн байсан юм. Багадаа ахынхаа ойр зуурын ажилд тусалж гүйсээр адуунд их дуртай болчихсон. Гэсэн ч хожмоо Москвад хүнс технологийн сургуульд явж, дөрвөн жилийн дараа аймгийнхаа гурилын үйлдвэрт инженерээр ирсэн юм. Тэр үед манай үйлдвэрийн дарга Буянт гэж хүн байлаа. Түүний аав Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уяач Жунай гэж олон сайхан хурдан адуутай, уяач байсан юм. Тийм болохоор Буянт дарга ч адуугаар “өвчилсөн” хүн байсан. Гаднаас адуу тэр бүр зөөддөггүй байхад бид жим гаргаж байлаа. 1996 онд манайхан үйлдвэрийнхээ адууны цус сэлбэхээр одоо энэ гурилын үйлдвэрийн менежер, аймгийн Алдарт уяач Мялдорж гуай, Буянт дарга нарын хэдэн хүмүүс Хэнтий аймгийн Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдаар явж, азарга адуу авчирч байлаа. Тэрнээс гадна бид Завханы Тэс, Хэнтийн зүгийн адуугаар үйлдвэрийнхээ адууны угшлыг чамлахааргүй сайжруулсан. Үйлдвэрийн адууг Түнэл сумын харьяат, аймгийн Алдар уяач Мягмаржав малладаг. Эдгээр адууны үр төлүүд их хурдан байж одтой наадан, Мялдорж, Мягмаржав бид гурав аймгийн Алдарт уяачид болцгоосон. Бид аймаг, бүсийн наадмаас 40 гаруй айраг, түрүү авсан. Аймгийн наадмаас нэг жил долоон айргийг нь хүртэж явлаа. Эндээс манай үйлдвэрийн адууны цус хэрхэн сайжирсаныг төвөггүй харж болно шүү.
-Буянт даргынхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Моринд мөн ч их дуртай хүн дээ. Одоо нас өндөр болсоон. Багануурт амьдарч байгаа гэсэн. Аав нь Жунай гэж Хэнтийн лут уяач байсан тухай хөгшчүүл ярьдаг юм билээ. Хээр азарганы Сүрэнхор гуайг жаахан байхад настай хүн морь уядаг байсан гэсэн. Буянт дарга сургуулиа төгсөөд Хөвсгөл аймагт ирж ажилласан гэдэг. Тэр 1996 онд Хэнтийгээр явахдаа Сүрэнхор гуайгаар газарчлуулж явсан. Өөрөө морь уяна, хурдан адуу танихдаа нүдтэй ч сум нэгдлийн дарга, үйлдвэрийн даргын алба хашиж явсан болохоор цаг гаргаж уяаны ажилд шимтдэггүй байсан. Наадмын өглөө уралдах морьдыг харж байгаад айргийн тавыг нэрлэчихдэг тийм л мундаг адуу шинждэг хүн байлаа. Ер нь адуу танина гэдэг агуу юм шүү. Одоо Түнэлд аймгийн Алдарт уяач Базаррагчаа гэж хөгшин бий. Уяан дээр ирж харж байгаад “ энийг ингээд засчихвал давхина даа” гэхэд хэлснээр хийвэл яг л давхидаг.
-“Дархадын хурд”-ыг санаачлагч гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Би аймгийн ИТХ-ын дарга байхдаа бүсийн уралдааныг санаачлан, ИТХ-аас тогтоол гаргаж аймгийнхаа бүсийн уралдаануудыг хийдэг болсон. Төвөөс хол зах хязгаарын сумаас аймагт ирж уралдана гэдэг амаргүй шүү дээ. Тиймдээ  тухайн сумдад нь аймгийн бүсийн уралдааныг хийж байхаар шийдвэрлэж баруун болон хойд талын сумдад “Тэсийн хурд”, “Дархадын хурд”-аа, зүүн талдаа хаврын морин уралдааныг, урд талдаа “Чандмань бүс”-ээ хийдэг болсон. Эндээс би “Дархадын хурд” уралдааныг 1998 оноос хойш дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Жил ирэх тусам уралдааны цар хүрээ өргөжиж аймгийн төв болоод ойролцоох 10 гаруй сумын уяачид оролцдог болсон. Өнгөрсөн жилийн “Дархадын хурд”-ыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс ивээн тэтгэж, зохион байгуулан их сайхан наадсан. Манай гурилын үйлдвэрийн адуу зүүн, баруун тал, нутгийн адуутай цус нилээн сайн хольсон. Гэхдээ бид дахиад адууныхаа цусыг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн үед Хөвсгөлийнхөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгуудаас хурдан морьд их авчрах болсон.  Аймгийн МСУХ-ны нэрэмжит хоёр уралдаан болдог юм. Дээд гурван нас нь хаврын тэргүүн сарын шинийн 8-нд болдог бол бага нас нь 6 сарын 1-нд болдог. Өнгөрсөн жилийн бага гурван насны уралдааныг харж байхад эхний 20 морины 5-6 нь Хөвсгөлийнх, үлдсэн нь гаднаас ирсэн адуу байх жишээтэй. Бид бас “Хотгойд хурд” уралдааныг хийдэг уламжлалтай. Анхны  Хотгойдын хурдаар манай аймгийн морьдоос ороогүй. Харин хоёр, гурав дахь удаагийн уралдаанд айраг түрүүний тоо нэмэгдэж, өнгөрсөн онд ихэнхийг нь манай уяачид авсан. Төрийн их баяр наадмын өндөр довд Доржпүрэв гуайн хязаалан үрээ түрүүлж, эрлийзэд Тариалангийн нэг морь удааллаа. Баруун бүсийн наадамд гурван айраг авчихлаа. Одоо бид энэ амжилтаа ахиулж ажиллавал хаана ч нутгийнхаа нэрийг гаргахаар болсон гэж боддог. 
-“Дэлтэй цэнхэр” МСУХ-ныхоо талаар яриагаа үргэлжлүүлье. Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?
-Холбооны маань үүх түүх гээд яривал одоогоос хэдэн жилийн өмнөхийг ярина.  Өмнө нь урсгалаараа шахуу явж ирсэн бол одоо үйл ажиллагаа сэргээд их аятайхан болж байгаа.  Жил бүр МСУХ-ныхоо зөвлөгөөнийг хийж, МУ-ын “Тод манлай” уяачдыг урьж авчран морь уях, морины эмгэг засах, морь тэжээх  гэх мэт сэдвүүдээр хичээл орж, зөвлөгөө авдаг болсон нь уяач бидний хувьд олзуурхмаар ажлын нэг байгаа юм. Түрүүн хэлсэн МСУХ-ны нэрэмжит уралдаанаа жилд хоёр удаа хийдэг гэж. Мөн улсын хэмжээний уралдаан болох “Хотгойдын хурд”-аа уламжлал  ёсороороо зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн тухайд Хөвсгөлийнхөн гал болж улсын наадамдаа  уясан мордоо уралдуулахаар төлөвлөөд байгаа. Мөн Монгол адуу Гиннесийн номонд бүртгүүлэх ажилд уяачидтайгаа оролцоно. Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа. Харж байхад манай уяачид 300 гаруй адууг сольж, наймаалцаж, цус сэлбэж үүлдэр угсааг сайжруулсан байх юм билээ. Мэдээж баяр наадмын тухай хуулийнхаа дагуу болзол хангасан уяачдаа алдар цолонд тодорхойлж, урамшуулах ажлаа хийсээр байна. Энэ хуулиас өмнө морио уяж, сайн давхиулж байсан өндөр настангуудаа урамшуулах зорилгоор 70-аас дээш настай буурлуудадаа хүндэтгэл үзүүлж аймгийн алдарт уяач цолыг нөхөн олголоо. Энэ мэт олон зүйлийг энд ярьж болно.
-Та адуу их цуглуулж байна уу?
-Би морь уяад 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Морь уясан анхны жилээ гурван айраг хүртэж билээ. Тэр бол 1998 он байгаа юм. Тэр үед хүрэн халзан даагаа адуунаасаа барьж авчраад өөрөө уяж, аймагт мордуулаад аман хүзүүдсэн. Одоо 15 хүрч байгаа, хурдан амьтан бий. Даага, шүдлэн, хязаалан, соёолондоо аймгийн наадамд дөрвөнтөө айрагдсан. 1996 онд Буянт гуайн Хэнтийгээс авчирсан адууны нэг хүрэн халзан дааганы эцэг нь Хөвсгөлийн Түнэлийнх, эх нь Хэнтийн Жаргалтхааны гүү байгаа юм. Түүнээс хойш Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Увс, Төв аймгуудаас адуу нилээн авсан. Баруун талаас гүү, зүүн талаас азарга голдуу авсан. Гэхдээ манай Хөвсгөлийн гүү бол сайн шүү. Ер нь хурдан азарганд гүү хураалгахад олон төл аваад байж чадахгүй, гарсан төл нь тэр бүр хурдлаад байдаггүй. Тийм учраас маш том биетэй, дэл сүүл сайтай азаргануудыг бас цус сэлбэх, чанарыг сайжруулах зорилгоор тавих нь зөв юм гэж боддог болсон. Өөрөөр хэлбэл хурдан азаргануудаа тусад нь цөөхөн гүү хураалгаад, бие бялдар сайтай азаргандаа олон гүү хураалгаж байвал төл сайн гарах үндэстэй юм болов уу.
-Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?
-Сайхан л наадаж байна. Аймаг бүсийн наадмуудад айрагдсан морьд нилээд бий. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор миний алаг морь аймагт гуравлаж байлаа. Мөн Завханы Тэс сумын МУ-ын Алдарт уяач Нагаранз гуайн хүү Энх-Амгалан найз маань нэг шүдлэн үрээ өгсөн нь их сайн давхиж байгаа. Сүхбаатар аймгийн МУ-ын Алдарт уяач Сайраасүрэнгийн Төмөр-Очир ах маань “Хотгойд хурд”-аар ирэхдээ нэг даага бэлэглэсэн нь хурдан байна. Бас  2011 онд аймгийн 80 жилийн ойгоор хавчиг соёолондоо айргийн 3-аар давхиж байгаад тугны доор ирээд хургаад долоогоор орсон сайн азарга бий, бэлгэнд ирсэн юм. Сайхан хүмүүсийн сэтгэл шингэсэн бэлэг надад ирээд хурдан байна. Одоо би өөрийн цуглуулсан адууны төлүүдээрээ наадаж байгаа. Хээр, хонгор, хар азарганууд маань сайн давхиж байгаа.
-Хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Гурил тэжээлийн үйлдвэрийн уяачид галаараа 40 гаруй айраг, түрүүтэй. Харин би аймгаас 17 айраг, түрүүтэй. Суманд бол нилээд  бий.
-Уяаны ажилдаа цаг зав гаргаж  амждаг уу?
-Миний адуунууд Түнэл сумандаа байдаг. Арын ажлыг маань уяачид маань амжуулчихдаг юм. Яг морь уяж байхад 10-аад хүн, бусад үед нь 5-6 хүн ажиллаж байна. Тэд гурил тэжээлийн үйлдвэрийнхээ 30-40-өөд морийг уяна, адуугаа харна гээд  ажил ихтэй хүмүүс байдаг юм.
Өвөл уралдуулах хэд маань гурилын үйлдвэрийн уяан дээр байдаг юм. Ер нь адуугаа хөдөө байлгаж, маллах нь дээр санагддаг. Аймгийн төв дээр  өвөлдөө хүйтэн талдаа байдаг юм.
-Унаач хүүхдүүд олон уу? Тэдний хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ?
-Миний морийг дүү нарын болон найз нарын хүүхдүүд унадаг. Мэдээж хуулинд заасны дагуу бай шагналынхаа 10%-ийг өгөлгүй яахав. Гэвч тогтмол бай шагнал аваад байхгүй болохоор хүүхдүүддээ хувцас хунар, гэр оронд хүнч өгнө. Дээр нь цалин багадаа 300-500 мянган төгрөг өгдөг юм. Хүүхэд гэлтгүй хөдөлмөрийг нь үнэлж байхгүй бол шударга бус шүү дээ. Манай галын унаачид уралдааны үеийн хамгаалах хэрэгслэлээр бүрэн хангагдсан. Манай МСУХ Солонгосын нэг компанитай хамтран  хамгаалах хэрэгслийн тал дээр санаа зоволтгүй болсон.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн уран бүтээлч хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна