Аймгийн Алдарт уяач Н.Базаргарьд: Найман жилийн дараа төрийн наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 01 -нд

-Дэлхийд ганцхан дэлгэр Монголын их баяр цэнгэл өргөн дэлгэр боллоо. Аз хийморийн бэлгэдэл соёолон айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ жил сайхан наадлаа. АХ-ын 94 жилийн ойн баяр наадамдаа хээр соёолонгоо айрагдуулж, төрийн наадмын анхны айргаа хүртлээ. Сэтгэл өндөр, баяртай байна.
-Айрагдаагүй л болохоос биш арав дотор бол хэд хэд оруулсан байх шүү?
-Тэгэлгүй яахав. Би  төрийнхөө наадамд найм дахь жилдээ  морь мордуулж байна. Энэ хугацаанд айрагдуулж л чадаагүй болохоос биш 6-13 хооронд олон оруулсан шүү дээ. Тийм ч болохоороо олон жил хүлээсэн төрийн наадмын анхны айраг их үнэ цэнэтэй, хүндтэй санагдаж байна.
-Хонгор халзангаа мордуулсан уу? Хэдээр давхисан бэ?
-Хонгор халзан маань сунгаанууд дээр их сайн байсан болохоор харж л байлаа. Тэгтэл Цагаан хөтөл дээр гарч ирээд ноднингийнх шигээ хадуурсан. Хойшоо нэг гараад, урагшаа нэг гараад гурван удаа орж гараад тэгээд 26-аар орлоо доо. Их морь тэгж давхиад сэтгэл жаахан тиймхэн болсон ч найдвар тасраагүй ээ маргааш хээр үрээ мордоно хэмээн хүлээсэн маань талаар болсонгүй.
-Айрагдах нь гэдэг  итгэл хэдий үеэс төрсөн бэ?
-Эхний 10 үрээ өндөр хүчдэлийн шугам өнгөрчихөөр нь “за тэр хүртэл суугаагүй юм чинь одоо наашаа суухгүй л дээ. Айрагдах нь гэж бодоод, хөлсний хашаа руу дөхсөн.
-Найман жилийн хүлээлтээ тайлж, төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олныхоо өмнө цоллуулж байх мөчид юу бодогддог юм бэ?
-Төрийнхөө наадамд морь айрагдуулж, төв цэнгэлдэхэд цоллуулах уяач хүн бүрийн мөрөөдөл  шүү дээ. Тэр хүслээ гүйцээх сайхан байлгүй яахав. Хамгийн гол нь морь түрүүлж, айрагдах маш олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн байдаг. Тэдгээр хүмүүстээ баярлаж, талархаж байлаа.
-Бүсийн наадмаас хоёр түрүү, долоо, найман айраг хүртсэн байдаг. Ер нь хэдий үеэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон юм бэ?
-Булган аймгийн Могод суманд миний бага нас өнгөрсөн. Зун хичээл тараад л хөдөө явдаг. Өөрөө нэг шүдлэн үрээ сургаж, уяад нөгөөхөө түрүүлгэж байлаа. Тэр миний анхны түрүү. Дунд сургуулиа төгсөөд хойшоо Орос руу сургуульд явж нэг хэсэг мориноос хөндийрсөн тал бий. Гэхдээ удаагүй дээ, адуу мал цуглуулж морь уяж эхэлсэн. Тэгээд Даваа ахдаа хэлсэн юм “Гайгүй сайн уяач олж өгөөч” гээд. Тэгсэн “ээж нь манай Булганых байгаа юм. Түвдэн Манлайн хүү Батцоож гээд сайн уяач бий. Залуу улсууд амархан ойлголцох байлгүй дээ” гэсэн. Тэр нь 2007 он. Тэр цагаас хойш “Морин эрдэнэ” галынхаа гишүүн болж, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж байна даа.
-Дараагийн уралдаан нутагт болох бүсийн наадам байна байх.
-Тэгэлгүй яахав. Нутагтаа очиж наадна даа.
-Бүсийнхээ наадамд одтой сайхан наадаарай, амжилт хүсье.
-За баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна