Аймгийн Алдарт уяач П.Одонбаатар: Зургаан жилийн дараа төрийн наадмын анхны айргаа хүртлээ

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 07 -нд

-АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд халиун үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Улсын баяр наадамд унаган үрээ минь аман хүзүүнд хурдалж, төрийн наадмын анхны айргаа амслаа. Үүнээс өмнө миний морьд улсын наадамд арав дотор хэд хэдэн удаа орж байсныг та бүхэн мэдэх байх.
-Бүсийн уралдаанаас бол хэд хэдэн айрагтай байхаа?
-Тиймээ. Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас хоёр түрүү, зургаан айрагтай. 2008 онд болсон “Их мандал” хаврын бүсийн уралдаанд хамар цагаан хул соёолон, 2012 онд Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд цавьдар морь маань тус тус түрүүлж, 2012, 2014 оны “Их мандал” говийн бүсийн уралдаануудад бор морь, зээрд үрээ хоёр маань тус тус дөрвөөр давхисан. Мөн өнгөрсөн жил “Их мандал-2014” говийн бүсийн уралдаанд эрлийз даага айрагдуулж, өнөө жил улс, бүсийн наадмаас хоёр айраг авлаа.
-Төрийнхөө наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байгаа билээ?
-Зургаа дахь жилдээ төрийнхөө наадамд уясан хүлгүүдээ мордууллаа. Морьд маань сунгаануудад өнгөнд уралддаг хэрнээ яг улсын наадмаар зургаа долоогоор л давхичихаад байдаг байсан юм. Арав дотор бол нэлээд хэдэн удаа давхисан шүү. Харин халиун үрээ маань аргагүй хурдан хүлэг гэдгээ баталж, аман хүзүүнд хурдаллаа. Унаган адуугаа айрагдуулахаас илүү баяр бахдал уяач хүнд юу байхав.
-Хэдэн насны морь мордуулсан бэ?
-Хоёр их морь, нэг хязаалан мордуулсан. Нэг морь нь 27-д, нөгөө нь 40 гаргаад давхилаа. Улсын наадмын дараа “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдааныг зорьж, эрлийз бага насанд үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан.  Хүрэн үрээ Англи Буддённы үүлдрийн халтар азарганы маань төл. Эх нь Баянцагаан гаралтай хүрэн гүү бий.
-Хонин жилдээ одтой сайхан нааджээ?
-Тэгсээн. Төрийн наадамд унаган үрээгээ айрагдуулж, бүсийн наадамд хүрэн үрээгээ айрагдууллаа.
-Баярын сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.  Амжилт хүсье.
-Баярлалаа. Манай аав Дорноговь аймгийн Дэлгэрэх, харин ээж маань Өмнөговь аймгийн хүн. Тиймээс нийт говьчуудадаа баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна