Аймгийн Алдарт уяач Я.Жамбалжамц: Уяж байгаа мориныхоо хөлийг хамгаалах нь хамгийн чухал

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 09 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Жамбалжамц гуайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээ Аймгийн алдарт уяач цолыг авсан бэ?  Ямар ямар хурдан хүлгүүд таныг аймгийн Алдарт уяач цол авахад хөтөлсөн бэ?
-2007 онд аймгийн алдарт цолыг хүртсэн. Аймагт 1995 онд хээр азаргаа түрүүлгэж байлаа. 2007 онд хээр хязаалангаа аймагт түрүүлгэж, Алтан овооны тахилгад таваар оруулсан юм. Ер нь аймагт миний адуу олон түрүү авсан.  1995 онд түрүүлдэг хээр азарганы хоёр дүү нь  Сүхбаатар аймгийн адуу нийгэмлэгийн Гөлгөө гэдэг хүнд ирээд аймагт түрүүлж байсан.  Суманд гучаад айраг, түрүү бий. Хээр азарганы төл хар азарга суманд 4 удаа айрагдаж, Сүхбаатарын 80 жилд хоёрт хурдалсан. 
-Эзэндээ аймгийн алдарт уяач цол авчирсан сор болсон морьдын чинь угшил удам юу билээ?
-Ааваас өвлөсөн адуу байлаа. Дээр нь Асгатын жижиг зээрд адуу, Дарьгангын зээрд, Махбариадын улааны угшил, Лхамсүрэнгийн харын угшил, Сүх-Очирын адуу гээд гол төлөв нутгийнхаа адуугаар наадаж байсан. Сүхбаатар, Халзангаас л голдуу адуунууд авсан. Одоо ч манай дүү нар л морь уяж байна. Би бол хоёр охинтой хүн байгаа юм.
-Ааваасаа хурдан адуу өвлөсөн гэхээр морь уях эрдмийг ч ааваасаа өвлөсөн гэсэн үг үү?
-Тиймээ.  Би аавыгаа залгамжилж морь уядаг болсон юм. Ааваасаа нэлээд юм авч үлдсэн дээ, тэр хүний хүчээр л өдий зэрэгтэй явна. Манай аав Жингээгийн Ядам гэж сумандаа 4-5 түрүүтэй, нэлээн олон айраг авсан, насаараа морь уясан хүн байлаа.  1989 оноос хойш, ааваасаа хойш бие дааж морь уясан. Уг нь манай аав Рэгдэл гэж хүний отгон хүү, тэгээд Жингээ гэдэг айлд өргөгдсөн юм билээ. Өөрийнх нь аав Рэгдэл морь уядаг хүн байсан гэдэг. Манай нагац нар ч бас морь уядаг байсан гэсэн. Миний хоёр дүү ч морь уядаг, сумын алдарт цолтой хүмүүс бий.
-Аавынхаа зааж сургаж байсан морь уях арга туршлагаас нь залуу уяачдад дуулгахгүй юу?
-Манай аав хөлсийг сайн онгойлгоод тамирыг нь сайн тааруулах нь чухал гэж хэлдэг байсан юм. Одооны морьдыг их тэжээж байна. Тэжээгээд тамир оруулсан бол тамирыг нь тааруулах хэрэгтэй. Уяж уралдуулж байгаа морьдынхоо хөлийг хамгаалах нь бас чухал зүйл байгаа юм.
-Таны адуунаас гадагшаа авсан хүн байна уу?
-Аймгийн Адуу нийгэмлэгийн Гөлгөө гэдэг хүнд хээр азарга өгсөн, тэр азарга аймагт нэлээн олон айрагдсан. Мөн сумынхаа Хатанбаатар гэдэг хүнд өгсөн, тэр бас сумандаа түрүү, айраг авсан. Түрүүн ярьсан хээр азарганы төл Сүхбаатарын 80 жилд аман хүзүүддэг хар азаргыг “Иточу”-гийн Энхбатад 2004 онд өгч байсан. Өөрөө гадагшаа явж уралдаж чадахгүй. Гадагшаа хол явсан нь л Алтан-Овоо, Дэлгэрхаан руу явж уралдаж байсан юм байна.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна