Аймгийн Алдарт уяач М.Эрдэнэцогт: Морь хурдалсан наадам болгон сайхан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 11 -нд

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Эрдэнэцогттой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Алдартын хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ. Удам дамжсан уяачдын нэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Манай удам сударт мундаг уяач гэхээр хүн байгаагүй дээ. Би 1970 оноос морь уяж эхэлсэн. Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат Жамсран заан гэдэг хүнээс хээр шүдлэн авч, азарга тавьсан нь үр төлүүд нь их хурдалсан. Дараа нь Сүмбэр сумын харьяат Цэндээхүү гэж хүнээс Төмөрхуягийн адууны угшилтай даага авч тавьсан нь миний адууг бас сайн сэлбэсэн. Сүүлд нь Говьсүмбэр аймагт амьдардаг Адъяасүрэн гэдэг хүний адуунд гүүгээ тавиад төл авсан. Энэ мэтчилэн адуугаа сайжруулж л байна даа.
-Жамсран заанаас авсан хээр үрээ анхны айргийг амсуулсан юмаа  даа?
-Тэгсээн. Соёолонгоосоо эхэлж уралдаад тэр жилээ хоёр ч айрагдсан байх. Хээр азарганы төл Бага хээр гэж хурдан азарга гарсан. Бага хээр маань 1990, 1991 оны сумынхаа наадамд дараалан  түрүүлж, хоёр айрагдсан. Бага хээрийн төлүүд одоо бас сайн давхиж байгаа. Жамсран заан  надад хээр үрээг өгөхдөө Нэрэнжимээ угшлын адуу гэсэн нь үнэн байсан байх.
-Хээр азаргануудаар  сайн нааджээ дээ?
-Би ер нь бараан зүсмийн адуунд дуртай. Тэр ч утгаараа энд тэндээс адуу авахдаа бараан зүсмийг голчилдог. Говьсүмбэр аймгийн харьяат Цэндийн Төмөрхуяг гэдэг хүнээс нэг хээр даага авч бас азарга тавьсан. Тэр Идэр хээр азарганы маань төл хар азарга одоо уягдаж байна.
-Азарганы уяаг илүүтэй тааруулах уу?
-Азарга голдуу уядаг байх шүү. Их морь ч бишгүй уяж айрагдуулсаан, бас. 1960, 1970-аад оны үед хонгор халзан, цавьдар зүсмийн хурдан морьдтой байлаа.
-Азарганы уяаны тухайд юун дээр илүүтэй анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Өвөл аятайхан эдэлж, хорыг нь аятайхан гаргачихвал болчихоод байх шиг санагддаг юм.
-Нэгдлийн адуу олон жил малласан гэсэн. Уулзсан хүмүүсийн олонх нь “аваргууд” байх юм. Таны хувьд?
-Би 1970 хэдэн оноос эхлээд арав гаруй жил нэгдлийн адуу малласан. Аварга адуучин болж байгаагүй ч гавшгайч болж байсан.
-Сэтгэлд хоногшсон наадмын сайхан дурсамжаасаа хуваалцаач гэвэл...?
-Морь хурдалсан наадам болгон сайхан. Гэхдээ хүүхэд, морь мэнд наадах чинь наадмын хамгийн сайхан нь шүү дээ.
-Тэр сайхныг мэдэрч уяаны эрдэмд шамдаж байгаа залуус байна уу?
-Би таван хүүтэй. Гурав нь  морь уядаг. Зүрхээ гээд хүү маань сумын Алдарт уяач цолтой.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж яваа танай гэр бүлд аз хийморийг хүсэн ерөөе.
-Баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна