Аймгийн Алдарт уяач Л.Ганпүрэв: Улсын наадамд унаган адуунуудаа айрагдуулах л хамгийн сайхан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 14 -нд

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Ганпүрэвтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. 
-Нутгийн нэрийг дуурсган том довон дээр амжилттай наадсан анхны уяач хэмээн өөрийг тань онцлох юм билээ. Тэр талаар эхлээд ярилцъя?
-Би 1998 оны 12 дугаар сард хот руу морь уяна гээд явсан хүн. Тэр жилээ морь уяад Төв аймгийн Баянжаргалан суманд болсон Пунцагбалжир агсны наадамд зээрд азаргаа гуравлуулаад, зун нь хоёр даагаа улсын наадамд айрагдуулж, Баянхонгорын наадамд нэгийг нь түрүүлгэн, нөгөөг аман хүзүүдүүлж, хул халзан шүдлэнгээ аман хүзүүдүүлсэн. Ингэж улсын бүсийн наадамд сумаасаа анх удаа гарч уралдаж байлаа. Түүнээс хойш 2003 он хүртэл дөрвөн жил хотод өвөл, зунгүй морь тэжээж айраг, түрүү ч олныг авсан. Тэгээд 2003 оноос хойш нутагтаа ирж морио уяхын зэрэгцээ өөрийн мэдсэн сурснаа бусадтайгаа хуваалцаж байна. Хотод байхдаа Даваахүү, Аюуш, Сандуйжав нарын Тод манлайд, Нямдорж, Түмэнбаяр нарын Манлай уяачдаас мэдэхгүй чадахгүйгээ асууж зөвлөдөг байсан.Аминдаа л суралцаад байсан ч үнэндээ авч үлдсэн нь бага л даа. -Хот руу явах шийдвэр гаргахад тань юу нөлөөлсөн бэ?
-Тэр үед миний морьд ер нь хурдан байсан. Энэ хавьдаа болсон бүсийн том наадамд  очсон, сумандаа ч уралдсан. Гэтэл түрүүлдэггүй ээ. Тэр жил би сумандаа гурван аман хүзүү авсан юм. Батноровын түмэн агтны баярт очоод нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь дөрөвлөөд. Тэгээд л ер нь морьд аятайхан, хурдан санагдаад байхаар нь улсын наадамд очиж уралдаж үзье гэж шийдээд  тавдугаар сарын 27-нд гарч зургаан сарын эхээр Налайх орж байсан.Тэр үед машинд ачна гэсэн ойлголт байгаагүй. Харин улсын наадмын дараа Баянхонгорын даншигт явахдаа харин ачсан шүү.
-Улсын наадмын довон дээр уралдах гэж яваа хүн сайн адуутай байж таарна?
-Бэлэвсэн зээрд гээд хурдан хүрэн азаргатайгаа явсан. Тэр хүрэн азарга манайд олон хурд тарьсаан. Би одоо гурав дахь үеийнх нь төлөөр наадаж байна. Хотод ирээд Пунцагбалжир агсны наадамд гуравлаж, Дүнжингаравт уралдаж тавлаад, “Их хурд-2”-т  уяаны алдаанаас болж 21-ээр давхисан. Тэгээд 11-тэй байхад Мөнгөнбүрэнгийн Батчулуун гэж Налайхад байдаг найздаа өгчихсөн юм.Батчулуунд очоод олон хурдан төл өгсөн ч адуугаа алдаад уяж чадаагүй гэнэ лээ.
-Хүрэн азарга танай өөрийн адуу юу?
-Баян-Адрага сумын Уламбаяр гэдэг хүний унаган адуу л даа.Би хязаалан үрээ худалдаж авсан юм. Тэгээд соёолонгоосоо эхлээд уралдаж айраг, түрүүнээс салаагүй.
-Улсын наадамд даага айрагдуулсан. Тэрхүү  баярт мөчийн дурсамж одоо ч тодхон байдаг байх?
-Өөрийн унаган адуунуудаа улсын наадамд айрагдуулах шиг сайхан юм уяач хүний хувьд юу байхав. Тэр үрээнүүд Бэлэвсэн хүрний маань төлүүд. Эх нь болохоор манай Баян-Адрага сумын Дуламжамцын Хулгар хүрэн гэж азарга байсан. Тэр азарганы гурав дахь үеийн төл гүүний унаганууд. Би ер нь хүнээс авсан адуунуудаар уралдаагүй. Голдуу унаган адуугаараа наадсан хүн.
-Баянхонгорын Ламын гэгээний даншигт айрагдсан шүдлэнгийнхээ удам угшлыг танилцуулаач?
-Хул шүдлэн миний өөрийн унаган адуу. Эмнэг үрээ замдаа сургаж очоод уралдаж айрагдуулсан нь тэр. Уг нь улсад уралдуулах санаатай байсан ч Налайхад сунгаж байгаад доголуулчихсан юм.
-Налайхын сунгаа гэдэг наадмын өнгө тодорхойлдог байсан үе. Үрээнүүд яаж давхиж байв?
-Миний хоёр даага Налайхын сунгаанд байнга л өнгөнд байсан. Гурван давхилд хоёулаа зайтай, Аюуш Манлайгийн хонгор даага, миний тэр хоёр даага энэ хэд чинь хурдан байгаад яг улсын наадамдаа Пунцагбалжирын хар даага түрүүлсэн. Миний хонгор даага тэр хар дааганаас илүү, үзүүр дээрээ түрүүлж ирж байгаад хүүхэд нь ойччихсон юм. Ард нь зээрд даага тулгуу ирж яваад хүмүүсээс үргээд гурав, дөрвөөр орсон доо.
-Налайхын сунгаанд гайгүй сайхан давхиад улсад айрагдчихсан, хоёулаа дараагаараа орчихсон тэр үрээнүүдийг чинь авъя гэсэн санал хүмүүсээс ирж байв уу?
-Хонгор даагаа улсын наадмын өмнө Цогнойжамцад 300 мянган төгрөгөөр өгсөн. Улсад Цогнойжамцын нэр дээр  уралдсан. Гэхдээ уясан уяач нь би.
-Баянхонгорын даншигт бас Цогнойжамц гэж хүний нэр дээр мордуулсан юм уу?
-Шүдлэн үрээгээ хүртэл Цогнойжамцын нэр дээр цоллуулчихсан байхгүй юу. Цогнойжамцын хадам Баянхонгор аймгийн хүн. Би хадмынхаа нутагт ирлээ. Шүдлэн үрээг чинь өөрийнхөө нэр дээр цоллуулчихъя гэхээр нь “тэг, тэг” гээд хэлчихсэн. Тэр үед уяач, эзэн хоёр хоёулаа цол авдаг байлаа шүү дээ. Одоо би улсын наадмын хоёр айрагтай, бүсийн нэг түрүү, хоёр аман хүзүүтэй, Хэнтий аймгийн 80 жилийн ойд их насны морь дөрөвлүүлсэн, 90 жилийн ойд их насны морь тавлуулсан. Дүнжингаравт нэг азарга тавлуулсан, Пунцагбалжирын наадамд нэг азарга гуравлуулсан амжилттай л байна даа. Амжилтаараа бол улсын цолны болзолд хүрчихээд байгаа юм. Тэгтэл хүний нэр дээр цоллогдчихсон болоод орж чадахгүй байгаа.
-Улс бүсэд айрагдсан үрээнүүд чинь дараа нь яаж давхисан бэ?
-Хонгорыгоо Цогнойжамцад өгөөд дараа жил нь өөрөө уяагүй. Өөрийнхөө зээрдийг чононд идүүлчихсэн. Хул халзан үрээгээ болохоор Өвөрхангайн Богдын Мягмар гэдэг хүнд өгсөн. Өвөрхангай аймгаар олон жил сайн давхисан гэнэ лээ.
-Аймгийнхаа 80 жилийн ойд их морь дөрвөөр давхиулсан гэсэн. Хул мориныхоо талаар хууч дэлгээч?
-Хул морь маань Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Мөнгөнхуяг гэдэг хүний унаган адуу юм билээ. Норовлингийн Шижирбаатар гэж  найзаасаа авч уралдаад яг өртөг үнээ өгөөгүй байсан. Аймагт очиж уралдаад дөрөвлөхөд нь Шижирбаатарыг чи өөр дээрээ цоллуулчих гэсэн. Цолон дээр Шижирбаатар цоллуулаад, би морио хөтлөөд цуг явчихгүй юу. Тэгээд уралдсаныхаа ар дээр мориныхоо өртгийг өгч авалцаад миний морь болсон чинь амжилтанд орохдоо Шижирбаатарын нэр дээр болчихсон.
-Та тэр хул морийг хэдээр авч байв?
-Гурван сая гаруйгаар авсан.Хавчигтаа Норовлинд гурвалж, соёолондоо Дорнодод нэг айрагдсан долоотой морио сайн уяж чадахгүй байна гээд надад авчирч өгсөн юм. Тэгээд би уяад аймгийн 80 жилд айрагдуулаад, түүнээс хойш бас хэд хэд айрагдуулаад Цоож ахад зарсан. Очоод бас л айрагдаж түрүүлсэн байна лээ. Тэр хул морь аргагүй сайн адуу л даа.
-Их морь уяачийн ур ухааныг шалгадаг гэдэг .Арван жилийн зайтай аймгийнхаа наадамд их морь айрагдууллаа. 90 жилийн ойд айрагдсан ногоон морь хаанахын адуу вэ?
-Жаахан ногоон морь манай сумын унаган адуу. Болдбаатарын дүү Тунгалагбаатар гэж сайхан залуу байгаад нас барчихсан. Тэдний унаган адуу. Би соёолон морь хүнд зарагдаад явж байхад нь авсан юм. Наймтай жил нь уяж анх сумынхаа наадамд тавлуулаад, Өвгөн ноёны наадамд 11-ээр оруулсан.Тэгээд Булганаас нэг найз хүрч ирээд авъя гэхээр нь өгөөд явуулчихсан чинь гурав түрүүлж, хоёр аман хүзүүдээд, нэг гуравласан байна лээ. Тэгсэн харин нөгөөх маань өртгөө өгөхгүй болохоор нь буцааж аваад аймгийнхаа 90 жилийн ойд айрагдуулж байгаа нь тэр.
-Хайран сайхан хурдан адуугаа өгч явуулаад хамаг амжилтаа буулгачихсан юм биш үү. Хэдээр арилжсан байсан бэ?
-Гурван саяар өгөөд мөнгөө ч авч чадалгүй жил гаруй болгосон. Эргүүлж аваад уяаны ажил хийн аймагтаа зүүн бүсээр тавласан. Энэ зун манай хүү уяад сумандаа гавьсангүй. Норовлингийн ойд гуравлаад, Бэрхийн наадамд уралдахаар явсан ч хүүхэд нь ойчоод чадсангүй. Би өөрөө баруун тийшээ Ховдын наадамд явсан л даа. Цаашаа бүр Говь-Алтайд очоод морьд гайгүй сайн байсан. Улсад очиж уралдах гэж яваад сунгааны урьд өдөр морьдоо алдаад, сунгаанд уралдаж чадаагүй юм. Азаар наадмын урд орой морьдоо олж хөлс авсан болоод гаргачихсан. Газрын дунд хэрд сайхан цээжинд уралдацгаагаад л сууна лээ. Сунгаа нь дутаа байлгүй дээ.
-Та баруун бүсийн наадамд хэдэн насны морьдтой очсон бэ? 
-Гурван насны адуутай очсон. Их морь, соёолон, хязаалантай очоод Их морь маань хориодоор, соёолон 30-аадаар ороод, хязаалан ч гавиагүй ээ.
-Та их хол явж уралджээ. Аль аль аймгаар оров?
-Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Алтан овоо, Дорнод, Өмнөговьд уралдсан.
-Баруун, зүүн, говийн аймгуудаар явчихсан юм биш үү?
-Дорноговь аймагт уралдаж үзээгүй. Мөн Завхан, Увс, Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэд уралдаагүй. Ер нь бусдад нь бараг л очсон. Морь хаана давхих нь хамаагүй, аймгуудын бүсийн наадмуудад очъё гэж бодоод байдаг юм. Газар газрын хурдтай уралдаж үзмээр санагдаад, бас хүүхдийн багцаа харъя гээд явдаг хүн дээ.
-Хол явж байхад хамгийн хүнд хэцүү зам туулж очсон нь хаанахын наадам бэ?
-Өмнөговь. Би төв зам дагахгүй, газар зүг бариад явчихсан чинь элс, цасанд суугаад хэцүүхэн хүрсэн. 2011 онд Говь шанхын дөрөв дэх наадамд очсон. Говьд ер нь л хэцүү юм билээ. Айл амьтан цөөтэй, зэлүүд эл хуль. Өнгөрсөн зун бас Ховд явахад Шаргын говь, Хүйсийн говь гэдгийг туулсан. Тийм ч олон яваад байхааргүй газар билээ.
-Тэгвэл газар ус нь сайхан, хамгийн сайхан наадаж амжилтаа ахиулсан газар хаана вэ?
-Баянхонгор, Булган аймаг сайхан байсан. 2004 оны наадмаар Булганд очиж хавчиг азаргаа түрүүлгэж, хязаалан үрээ аман хүзүүдүүлсэн. Булган аймаг манай нутагтай ойролцоо, бэлчээр идэшний хувьд ялгаагүй сайхан газар. Ер нь мал өөрийн нутагтай ойролцоо ургамал, устай газарт ялгаагүй л хурд хүчээ гаргаж уралдах юм байна гэдгийг Булганд очоод ойлгосон.
-Дээр үеийн мундаг уяачид ч өөр нутагт очихоороо газар усны багцаа, унд уснаас болоод адууныхаа хоолонд алдаа гаргадаг байсан юм билээ?
-Өмнөговь, Ховд хоёрт хоолны алдаа гарчих гээд хэцүү юм байна гэж бодсон шүү. Ховдод адууны гэдэс хэцүү байсан. Бут бударганатай, говирхуу, таана ихтэй, өвс ургамал нь гашуун, тачир. Гэтэл манай эндхийн адуу өндөр өвсөнд сурчихсан учраас таана, хөмүүлийн өндрийг идээд, гэдэсний алдаа хийгээд болдоггүй. Нүд ам нь улайгаад байх юм билээ. Ер нь баруун тийшээ очиж уралдъя гэсэн хүн бол ногоогоо тэнд идүүлж байж адуугаа уявал болох байх. Айлчилж очоод уралдах гэхээр идэш хоол, гэдэс нь таарахгүй юм байна гэж үзсэн дээ.
-Хот хүрээгээр уяж байхад юм хэлээд өгчихдөг, наана цаана гээд зааж зөвлөдөг хүн хэр олон байв?
-Ер нь Даваахүү гуай сайхан хүн шүү дээ. Аргагүй хуучны хүн. Сайхан ярьж хөөрч, идэж ууж, наргиж царгиж, хүнийг ёгтолж явуулсан шигээ налайж сууна. Яг чиний морь ийм байна, тийм байна, тэг ингэ гэхгүй. Гэхдээ л бас ёгт утгаараа хүнд ойлгогдохоор юм яриад байдаг хүн байгаа юм.
-Та тэнд адуутайгаа очсон юм уу?
-Би азаргатай адуугаа туугаад очсон. Цагаанцоож гэж Говь-Алтай аймгийн Хөхморьтын хүний морь Даваахүү гуай дээр уягдаж байлаа. Түүн дээр би өөрийнхөө морийг бүтэн зун хамт уяж, өвөл цуг тэжээж уралдсан.
-Таныг нутгийнхан “Хөхөө” багш гэх юм. Шинэ цагийн уяаны арга барилыг нэвтрүүлсэн болохоор тэгж байна уу?
-Манай дүү нар надтай ойр дотно. Ер нь олон ч хүн надтай цуг морь уяж байсан. Намайг ид морь уяж байхад унаач шахуу байсан хүүхдүүд одоо морийг сайн уяж, тэжээж байна. Би тэдэнд жаахан доштой том наадамд очих хэрэгтэй гэж хэлдэг. Морьдоо сайн байхад л жижиг наадамд уралдуулаад том наадамд очиж чадахгүй байх юм. Дүнжингарав мэтийн том наадам болохын хэрд морины ир, зул хэдийнэ өнгөрчихнө. Морийг уралдъя гэсэн наадамдаа зорьж уяж, ажлыг нормоор нь хийж очиж том наадамд уралдахгүй бол, зүгээр наадам наадам дамжиж очоод амжилт гаргахгүй л дээ. Гарахын үндэс ч байхгүй.
-Аймгуудын наадам, томоохон наадам дамжсан зарим хүн адуунаасаа зараад ирдэг юм билээ. Та очсон газрууддаа адуу мал үлдээж байв уу?
-Ер нь зарна шүү. Наадамд явж найз нөхөдтэй болж ирээд, ард нь ч гэсэн маш их адуу зарсан. Өвөрхангай аймаг руу гэхэд л 50 гаруй адуу өгсөн байна. Мөн Богдын Мягмар гэж найздаа олон сайн адуу өгсөн дөө. Тэр ч сайхан хурдлуулсан. Сүүлийн үед хул азарганы төл их насны морь гайгүй давхиж байгаа дуулдсан. Булган аймгийн Бугатын Сайханаа гэдэг залууд хүрэн алаг үрээ өгсөн. Тэр их хурдалсан. Би түүнд аман хүзүүдсэн үрээ өгсөн. Түүний дараа надад УАЗ-469 машин өгөөд 25 адуу авсан. 15 гүү, 10 эр адуу өгч явуулсан. Очсон жилээ соёолон хар морь нь түрүүлээд, хоёр үрээ нь айрагдаж байсан. Говь-Алтай руу ганц хоёр адуу өгөөд л байгаа. Энэ жилийн хүрэн халзан морь Ховдын Чандманьд түрүүлж байна л гэсэн
-Ер нь танайхаас гарсан адуу дээд тал нь хэд хүрч байв. 10-20-н адуу бусдад өгөхийг бодоход та олон адуутай юм аа даа?
-Би ер нь үнэтэй зардаггүй хүн шүү дээ. Хурдан алаг үрээгээ хоёр сая төгрөгөөр л өгсөн. Хэлэлцэж ярилцаад л өгдөг. Өөрөө үнэ хэлдэггүй. Адууны тоо айхтар олон нь ч юу байхав, хүүхэд багачуулдаа тасдаж өгөөд өөрт зуугаад адуу байгаа даа.  
-Уяачийн хувьд сайн удам угшилтай адуу цуглуулах чухал зорилго байх. Танай адуунд Хан Хэнтий аймгийн, эсвэл Халхын ямар цуут буянгуудын удам угшил байна вэ?
-Адууны угшил ярьвал би гадагшаа өгдөг ч явсан газар болгоноосоо адуу авдаг хүн. Морин тойруулгын адуунаас азарга тавьж байсан, гүү ч авчирч л байсан. Харин төлүүд нь гайхалтай давхиж өгсөнгүй. Би аминдаа азаргаа гайгүй л гэж боддог.  
-Азарга, гүүний тохироо нь болдоггүй юм болов уу?
-Болмоор санагдаад байдаг юм. Би ч сүүлийн үед боддог болсон. Морь нэг үе өөрөө дурласан үедээ хурдлаад, бас уяа дургүй байвал тэгсгээд байдаг юм болов уу даа гэж. Давхилуудад сайн байж байгаад наадам болохоор орж өгөхгүй л байна шүү дээ, сүүлийн хоёр жилд. Тэгээд ч би өөрөө морио уяад хаа хамаагүй явчих юм. Хол том наадамд очиход чинь ачаандаа гудрагдаад байгаа юм уу, зүдэргээ гаргаж чадахгүй байгаа ч юм уу, бас тийм тал байгаа байх. Адуугаа муу байгаа гэж бодохгүй байгаа.
-Ганпүрэв гуай хэдэн хүүхэдтэй вэ?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр хүү, хоёр охин. Хоёр хүү хоёулаа морь уяж байгаа. Аль аль нь наадамд айраг, түрүү авсан. Нойр хасаж байгаа хүүхдүүд нэг өдөр сайхан наадах байх л гэж боддог юм.
Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.