Улсын рекорд хурдан цавьдар, уяаг нь тааруулагч Батаа Алдарт

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 18 -нд

Увс аймгийн Зүүнговь сумаас МУ-ын Алдарт уяач цолтон дөрөв төрсний нэг нь Даньдаагийн Батаа агсан юм. Тэрээр 1942 онд Увс аймгийн Зүүнговь сумын нутаг Харганат хэрэв хэмээх газар айлын гурав дахь хүү болон мэндэлжээ. Даньдаагийн арван хүүхэд цөм морь маланд элэгтэй, хурдан хүлгийн уяа сойлго тааруулах ч тэдгээрээс хамгийн өндөр амжилт үзүүлж алдар нэрээ дуудуулсан нь Батаа агсан юм. Түүний бага нас тэр үеийн багачуулын нэгэн адил хөдөө малын захад өнгөрч, өсөж том болоод “Баяннуур” нэгдэлд мал маллахын зэрэгцээ хурдан морь уяж сойход шамдах болсон байна.
Дөчөөд жил уяачийн баяр жаргал, зовлон бэрхийг туулсан Алдартын аргамаг хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь хурдан цавьдар морь нь. 1971 он буюу  Ардын Хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар улсын хэмжээнд нэгэн компанит ажил өрнөсөн нь Монгол улсын өнцөг булан бүрт уралдаж, түрүүлсэн морьдын хурдыг нэг бүрчлэн хэмжиж, улсын түрүү морийг тодруулах явдал байлаа.
Увс аймгийн хэмжээнд уралдсан морьдыг Д.Батаагийн хурдан цавьдар 20 км-т 21 минут 01 секундын амжилтаараа тэргүүлж, улсад ч түүнийгээ хадгалан рекорд тогтоож чадсан байна. Ийнхүү улсын чанартай наадмын анхны алтан медалийг Увс нутагтаа авчирсан цавьдар морь даага, шүдлэн, хязааландаа сумынхаа баяр наадамд тогтмол түрүүлж, айрагдаж байсан хурдан хүлэг бөгөөд  1986 онд сумын 30 жилийн ойгоор 18 настайдаа айргийн тавд хурдалж зодог тайлжээ.
Д.Батаа Алдарт их насны морьдын уяаг илүү тааруулна. Их, бага хэд хэдэн хээр морь нь очсон болгондоо цулбуур өргүүлж, уясан эзний магнайг тэнийлгэнэ. Увс аймгийн хэмжээнд Тэс, Зүүнговь адуу хурдаараа илүүрхэж, аймгийн баяр  наадмын айраг, түрүүний ихэнхийг авна. Тэр ч утгаараа Зүүнговь, Тэсийн сумын наадам өрсөлдөөн ихтэй.
Нэг жилийн баяр наадмаар Д.Батаа агсан их нас, хязаалан, даага гэсэн гурван насны морио түрүүлгэчихээд хөл нь газар хүрэхгүй явснаа дурсан “Зүүнговийн наадмаас дуртай аавын хүү гурван түрүү авахгүй шүү” хэмээн омогшиж байсан гэдэг.
Ийнхүү нэгэн насны амьдралаа адууны төлөө зориулж, хүлгийн хиймориор омогшиж явсан буурал уяач 2002 онд аймаг, бүсийн чанартай наадмын 20 түрүү, 24 айргийн амжилтаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болж магнай тэнийсэн билээ. Тухайн үед бие нь чилээрхүү байсан Д.Батаа агсан сар шинийн барилдаан үзэж байгаад өөрийнхөө Алдарт уяач болсныг дуулж, баярын  нулимс унагаж суусан гэдэг.
Д.Батаа Алдарт арван хүүхдийн аав, өнөр бүлийн эзэн. Өдгөө арван хүүхдийнх нь гурав нь морь уяж, хүү Дамжин нь 2014 оны улсын шилдэг уяачаар шалгараад буй. Түүнчлэн Алдартын гурван хүргэн Цэвээний Батмөнх, Чулуунбатын Насантогтох, Чойдогийн Отгонбаяр нар нь аймгийн Алдарт уяачид юм.
Ингээд эрхэм уншигч танаа Д.Батаа агсны хурдан хүлгүүдийнх нь амжилтын цувааг танилцуулъя.
Их хээр морь:
1958 онд  Ардын хувьсгалын 37 жилийн ойн Сумын наадамд шүдлэндээ түрүүлсэн.
1959 онд Ардын хувьсгалын 37 жилийн ойн Сумын наадамд хязааландаа түрүүлсэн.
Мөн ондоо Тэс сумын Таван улиасны бага сургуулийн ойн наадамд түрүүлсэн.
1960 онд Ардын хувьсгалын 39 жилийн ойн Сумын наадамд соёолондоо түрүүлсэн.
1963 онд Ардын хувьсгалын 42 жилийн ойн Аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн.
1964 онд Тэс сумын 2 багийн наадамд түрүүлсэн.
Мөн ондоо Малчин сумын Гурамсанд болсон Таван сумын спарткиадын их насны морьдын уралдаанд түрүүлсэн.
1965 онд Хяргас сумын “Хяргас нуур” нэгдлийн 20 жилийн ойн их насны морьдын уралдаанд түрүүлсэн.
1966 онд Ардын хувьсгалын 45 жилийн ойн Аймгийн баяр наадмын их насны морьдын уралдаанд 4-т давхисан.
1967 онд Ардын хувьсгалын 46 жилийн ойн Сумын наадмын их насны морьдын уралдаанд 3-т хурдалсан.
1968 онд Ардын хувьсгалын 47 жилийн ойн Сумын наадмын их насны морьдын уралдаанд 4-т хурдалсан.
Нийт 8 удаа түрүүлж, 3 удаа айрагджээ.
Бага хээр морь:
1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойн Сумын наадамд даагандаа түрүүлсэн.
1962 онд Ардын хувьсгалын 41 жилийн ойн Сумын наадамд шүдлэндээ түрүүлсэн.
1963 онд Ардын хувьсгалын 42 жилийн ойн Сумын наадамд хязааландаа түрүүлсэн.
1964 онд Ардын хувьсгалын 43 жилийн ойн Сумын наадамд соёолондоо түрүүлсэн.
1967 онд Ардын хувьсгалын 46 жилийн ойн Сумын наадмын хатирч морьдын уралдаанд 3-т давхисан.
1968 онд Ардын хувьсгалын 47 жилийн ойн Сумын наадмын хатирч морьдын уралдаанд аман хүзүүдсэн.
Мөн ондоо Тэс сумын ургацын баярт аман хүзүүдсэн.
1969 онд Ардын хувьсгалын 48 жилийн ойн Сумын наадмын хатирч морьдын уралдаанд түрүүлсэн.
1970 онд Ардын хувьсгалын 49 жилийн ойн Сумын наадмын хатирч морьдын уралдаанд түрүүлсэн.
1971онд Ардын хувьсгалын 50, аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн Аймгийн баяр наадмын хатирч морьдын уралдаанд 3-т хурдалсан.
Нийт 6 удаа түрүүлж, 4 удаа айрагджээ.
Цавьдар морь /медальт/:
1969 онд Ардын хувьсгалын 48 жилийн ойн Сумын наадамд шүдлэндээ айрагдсан.
1970 онд Ардын хувьсгалын 49 жилийн ойн Сумын наадамд хязааландаа 4-т давхисан.
Мөн ондоо Малчин сумын нэгдлийн ойд түрүүлсэн.
1971 Ардын хувьсгалын 50, аймаг байгуулагдсаны 40 жилийн ой, УБХТН-ийн төв зөвлөлийн техник-спортын анхдугаар спарткиадын соёолон морьдын уралдаанд 21 километрт 21 минут 01 секундын амжилтаар Улсад 1-р байр эзэлж алтан медалиар шагнагдаж байв.
1974 онд Ардын хувьсгалын 53 жилийн ойн Сумын наадмын их насны морьдын уралдаанд 4-т хурдалсан.
1976 онд Ардын хувьсгалын 55 жилийн ойн Сумын наадмын их насны морьдын уралдаанд айрагдсан.
Нийт 2 удаа түрүүлж, 4 удаа айрагджээ
Улаан бор морь:
1974 онд Ардын хувьсгалын 53 жилийн ойн Сумын наадамд шүдлэндээт үрүүлсэн.
1976  онд Ардын хувьсгалын 55 жилийн ой, “Говийн хөгжил” нэгдлийн 20 жилийн ойд хязааландаа 3-т давхисан.
1983 онд Ардын хувьсгалын 62 жилийн ойн Сумын наадмын их насны морьдын уралдаанд 3-т давхисан.
Зээрд морь /Баригчины/:
1966 онд Ардын хувьсгалын 45, аймаг байгуулагдсаны 35 жилийн ойн соёолон морьдын уралдаанд 4-т давхиж айрагдсан.
Хээр морь /Отгоогийн/:
1987 онд Зүүнговь сумнаа зохиогдсон Таван сумын спарткиадад түрүүлсэн.
Мөн ондоо Майн баярын хурдан морины уралдаанд түрүүлсэн.
1994 онд Ардын хувьсгалын 73 жилийн ойн Сумын наадамд айрагдсан.
Сартай зээр морь /Тулгаагийн/:
1996 онд Ардын хувьсгалын 75 жилийн ойн Сумын наадамд даагандаа аман хүзүүдсэн.
2000 онд Ардын хувьсгалын 79 жилийн ойн Аймгийн наадамд айрагдсан.
Улаан хээр морь:
1998 онд Ардын хувьсгалын 77 жилийн ойн Сумын наадамд 3-т давхисан.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна